Уул уурхайн ашиглалтын зардлын томоохон хэсгийг бүрдүүлдэг түлш, шатахууны хангамж, тээврийн хэрэгслийн ашиглалтад автоматжуулалтын систем нэвтрүүлснээр тухайн зардлыг хянах, удирдах, бодитоор бууруулах бүрэн боломжтой.
“Эм Пи Ай Консалтантс” ХХК-ийн Мэдээлэл технологи, автоматжуулалтын албаны дарга Т.Отгонбаяртай ярилцлаа.
“Эм Пи Ай Консалтантс” компани хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?
Манай компани нь газрын тос, хийн салбарт инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2000 онд байгуулагдан 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, тээвэрлэх технологид байгаль орчин, галын аюулгүй байдал, цаг уурын онцлог, олон улсын стандарт, техник технологийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн шилдэг технологиудыг нэвтрүүлэх, газрын тосны бизнес эрхлэгчид үр ашиг, бүтээмжээ дээшлүүлж зардлаа бууруулах, нөгөө талаас шатахуун хэрэглэгчид аюулгүй, тохилог орчинд үйлчлүүлэх бололцоог бий болгоход чиглэсэн судалгаа хөгжил, инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж ирсэн. Мөн дэлхийн 10 гаруй улсын 60 гаруй тэргүүлэгч үйлдвэрлэгчээс тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлж засвар үйлчилгээг үзүүлдэг. 100 м3 хүртэлх багтаамжтай дан болон давхар ханатай савыг олон улсын стандарт, лицензийн дагуу олон улсын UL (Underwriters Laboratories) лабораторийн сертификаттай үйлдвэрлэж байна.
Уул уурхайн салбарт нийлүүлж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар онцолж хэлэх зүйлүүд юу байгаа вэ?
Уул уурхайн салбарт бид уурхайн машин техникийг шатахуун, түлшээр цэнэглэх зөөврийн ШТС (шатахуун түгээх станц), тос тосолгооны материалыг цэнэглэх, тос солих суурин болон явуулын төхөөрөмж, дизель генераторын түлшний систем зэргийг үйлдвэрлэн нийлүүлж байна.
Мөн уурхайн тусгай зориулалттай, даацын металл хийцийг захиалгаар үйлдвэрлэх, уурхайн техник хэрэгсэл болон металл хийцийн зэвэрсэн гадаргууг сандбласт аргаар цэвэрлэх, эпокси, полиуретан төрлийн 10-20 жилийн баталгаатай зэврэлтээс хамгаалах бүрхүүлээр будах үйлчилгээ үзүүлж байна.
Үүнээс манай онцлох бүтээгдэхүүн нь шатахуун, түлшний хангамжийн автоматжуулалт, менежментийн систем юм. Уул, уурхайн компанийн үйл ажиллагааны зардлын 20-30 хувийг түлш, шатахуун, үйлчилгээний зардал эзэлдэг гэсэн олон улсын судалгаа байдаг.
Уурхайн түлшний хангамжийн ажиллагааны онцлог нь хоёр төрлийн цэнэглэх ажиллагаа байдаг. Нэг нь уурхайн талбайд ажиллаж байгаа том оврын машин, гинжит механизмд автозаправшикаар очиж цэнэглэх, нөгөө нь суурин болон зөөврийн Шатахуун түгээх станц (ШТС)-аас шатахуун түгээх ажиллагаа. Байгууллагын хэмжээнээс хамааран түлш цэнэглэх хэдэн ч автозаправшик, ШТС байж болно. Эдгээр үйл ажиллагаанд байгууллагын хангамж, санхүү, тээвэр, техник, аюулгүй ажиллагааны дотоодын зэрэг алба хэлтэс, ажилтнууд, дээр нь түлш нийлүүлэгч болон тээврийн байгууллагууд зэрэг талууд оролцдог. Энэ бүх ажиллагааг автоматжуулахад зориулан Гилбарко Орпак компанийн Түлшний хангамж болон Тээврийн хэрэгслийн автоматжуулалт, менежментийн цогц систем-ийг нийлүүлж байна.
Технологийн найдвартай байдал, олон улсын туршлагаасаа хуваалцана уу?
Автоматжуулалтын систем нь “Түлшний хангамжийн менежмент” болон “Тээврийн хэрэгслийн менежмент” гэсэн хоёр бүрэлдэхүүнтэй. Энэхүү системийг дэлхийн 60 гаруй улсын 40 мянган ШТС, ойролцоогоор 7,5 сая тээврийн хэрэгсэлд суурилуулан ашиглаж байгаа. Тухайлбал, BHP, Codelco, Anglo American, Antofagasta, Freeport-McMoran, Collahuasi, Antamina, Candelaria Mining зэрэг том уул уурхайн компаниудад ашиглаж байна.
Та бүхэн энэ системийг зөөврийн ШТС-ын хамтаар 2018 онд “Эрдэнэт Үйлдвэр”-т нэвтрүүлсэн гэж сонссон юм байна?
Уурхайн талбарт автозаправшик машин тодорхой цагт очиж түлш олгодог, дараалал үүсдэг, техникийн саатал гарах хүндрэл үүсдэг, мөн бүртгэл тооцоог бичгээр гүйцэтгэдэг байсан бол одоо энэхүү зөөврийн ШТС-аас 70 гаруй белаз, механизмуудын жолооч нар түлшийг 24 цагт картаа уншуулан өөрсдөө түлшээ авч, үйл ажиллагаанд алсын зайнаас хяналт тавьж байна.
Системийн боломжууд
Автоматжуулалт, менежментийн систем нь дараах хэсгээс бүрдэнэ.
1. Уурхайн ШТС нь савны автомат түвшин хэмжигч, өндөр хурдны түгээгүүр, хүлээн авах насос, мэдээлэл дамжуулах хэрэгсэл, видео камерын системтэй. Шатахуун түлш нийлүүлэгч компаниас ирсэн бүтээгдэхүүний орлогын тайланг зөв гаргахаас эхлээд савны эхний үлдэгдэл, эцсийн үлдэгдэл, зарлага зэрэг тайлангуудыг хүний оролцоогүйгээр авах боломжтой. Видео камераар түлш хүлээн авах, түгээх ажиллагаанд хяналт тавина.
2. ШТС-ын түгээгүүр, эсвэл автозапровшикийн карт унших хэрэгсэлд жолооч өөрийн картаа уншуулан өөртөө үйлчилнэ. Түгээгүүрийн систем болон жолоочийн картанд тээврийн хэрэгсэл, жолоочийн мэдээлэл, шатахуун болон түлшний төрөл, цэнэглэх хэмжээний лимит, цаг хугацаа зэрэг мэдээлэл байх бөгөөд цэнэглэх ажиллагаанд хяналт тавих, тайлан мэдээ авах эрх бүхий хүмүүс алсын зайнаас хяналт тавина.
3. Мөн тээврийн хэрэгсэл, механизмууд болон түгээгүүр, түгээх хошуунд таних хэрэгслүүдийг суурилуулж картгүй үйлчилж болно. Тээврийн хэрэгсэл, жолоочийн мэдээлэл, шатахуун болон түлшний төрөл, цэнэглэх хэмжээний лимит, шатахуун түлшээ авах цаг, хугацаа зэрэг мэдээллийг төв системээс програмчлах тул жолооч мөн өөртөө үйлчилнэ.
4. Тээврийн хэрэгсэл, механизмуудад суурилуулсан таних хэрэгсэл нь тухайн машины түлш шатахууны зарцуулалтыг хянах боломжийг олгодог. Өмнөх болон одоо цагт түлш авах хугацаанд явсан зай, хөдөлгүүрийн ажилласан мото цагийн мэдээллээс түлшний зарцуулалтыг боловсруулж төв системд дамжуулна. Мөн тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, тос солих, тослогоо хийх, дугуй солих зэрэг хугацааг төлөвлөх, жолооч болон тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг оруулах, хянах, дүн шинжилгээ хийх зэрэг боломжтой.
Товчхон дүгнэж хэлэхэд байгууллагын шатахуун түлшний хангамжийн дотоод үйл ажиллагаа, төлөвлөлт, зохицуулалт, тээврийн хэрэгслийн хяналтыг автоматжуулан байгууллагын ажилтанууд болон шатахууны хангамж, тээврийн байгууллагууд мэдээ тайланг цаг тухайд хүний оролцоогүйгээр шуурхай авах зэрэг ач холбогдолтой систем юм.
Энэ системийг өөрийн тээврийн хэрэгсэлтэй аль ч төрийн байгууллага ашиглаж болох уу?
Тийм ээ, ашиглаж болно. Тухайлбал нийтийн тээвэр, такси, тээврийн ложистик, эмнэлэг, цагдаа зэрэг байгууллагууд дотоодоо ашиглахаас гадна нефтийн компаниуд өөрийн ШТС дээр суурилуулан худалдан авагч тээврийн компаниудад төлбөрийн хэрэгсэлгүйгээр шатахуунаа борлуулах боломжтой.