Монгол Улсын Засгийн газар өчигдрийн /07.16/ хуралдаанаар нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024 онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 2009-2010 онд “Чоно” корпорацид хөрөнгө оруулалтын менежер, 2011 онд Прайсватерхауз Күүперс-д санхүү, аудитын консалтант, 2011-2013 онд “Ориго партнерс Монголиа”-д уул уурхайн хөрөнгө оруулалт хариуцсан дэд Ерөнхийлөгч, 2015-2017 онд АНУ-ын “Банк оф Америка”-ийн Нью-Йорк болон Сиднейн салбарт уул уурхайн хөрөнгө оруулалтын банкир, 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д IPO, хувьцаа хариуцсан дэд захирал, 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхөөр ажиллажээ. Улсад 10 жил ажилласан туршлагатай. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавын хувьд уг албанд 2017 оны гуравдугаар сард томилогдон ажиллажээ.
Засгийн газрын хуралдаанаар томилогдсон Дэд сайдууд:
1. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр
2. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
3. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
4. ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржав
5. ХНХ-ын дэд сайд С.Зүльфикар
6. БХБ-ын дэд сайд Э. Золбоо
7. БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр
8. ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ
9. Соёлын дэд сайд М.Батбаяр
10.УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал
11.ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь
12.Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай
13.Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа