Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Нөхөн сэргээлт-2020”  хяналт, шалгалт  хоёр сар үргэлжилнэ

Нийслэлийн Байгаль орчны газар /НБОГ/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ Экологийн Цагдаагийн албатай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.  Монгол Улсын Засгийн газрын 2014 онд баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах асуудлыг шийдвэрлэх эрхтэй болсон байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яам баталдаг бөгөөд төлөвлөгөөний биелэлтийг орон нутгаас томилогдсон ажлын хэсэг хүлээн авч дүгнэдэг байна.

2010 оноос хойш 214 аж ахуйн нэгжид түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгожээ. Одоогийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт элс, хайрга, шавар, дайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй 60, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 86 аж ахуйн нэгж байгаагаас 44 аж ахуйн нэгж олборлолт хийхээр ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулсан юм. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам болон бусад стандартын хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг арилгах, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, нөхөн сэргээлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилготой  “Нөхөн сэргээлт-2020” аянг  хоёр сарын хугацаанд дээрх төрийн захиргааны байгууллагууд хийж гүйцэтгэж байна. Уг арга хэмжээний хүрээнд:  

- Нийслэлийн хэмжээнд уул уурхайн ашиглалтын улмаас эвдэгдсэн талбайн хэмжээг нарийвчлан гаргах

- Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг олж тогтоох байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэх

- Уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10 дах хэсэгт заасны дагуу төвлөрүүлсэн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байна

Нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн Газрын хэвлийн хяналт, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоогоос тодруулахад “Нийслэлийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан болон одоо хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар Хан-Уул, Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт түгээмэл ашигт малтмал олборлосны улмаас ухагдаж, эвдэгдсэн талбайн хэмжээг тодорхойлж тухайн аж ахуйн нэгжүүдэд нөхөн сэргээлт хийх мэргэжил, арга зүйн  зөвлөгөөг өгч ажиллаж байгаа бөгөөд нөхөн сэргээлт хийгээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хуулийн дагуу зохих шатны арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ. 2017 онд Нийслэлийн Засаг даргын А/609 дугаар захирамжаар усны хамгаалалтын бүс, болон байгаль орчны бусад хууль тогтоомж зөрчсөн нийт 96 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан.  Мөн 2020 онд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт суурьшлийн бүсэд байсан 6 шаврын ордыг Нийслэлийн Засаг дарга захирамж гарган цуцалж шийдвэрлээд байна.“Нөхөн сэргээлт 2020” хамтарсан хяналт, шалгалтын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж “Хариуцлагатай уул уурхай”-г бий болгож нөхөн сэргээлтийн тоо хэмжээг нэмэгдүүлэх онцгой чухал ач холбогдолтой. Мөн нөхөн сэргээлтийн хувьд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт бичил уурхайн улмаас буюу хувь хүмүүс гар аргаар нүүрс олборлосны улмаас ухагдаж эвдэгдсэн талбайд 2018 онд 42.2 га, 2019 онд 7.5 га, 2020 онд 50 га талбайд нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлээд байна" гэлээ. 

Л.Номинцэцэг

Сэтгэгдэл (1)

  • Атарсайхан (66.181.161.67)
    Аа
    2021 оны 09 сарын 02 | Хариулах