ОХУ-ын зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг ашиглах эхний шатны ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгч “Байгалийн уул уурхайн компани” мэдээлсэн байна. Тодруулбал, ордын баруун хэсэгт хөрс хуулах, туршилтаар хүдэр олборлох уулын ажил хийгдэнэ гэж мэдээлэлд дурджээ.
Эхний шатанд уулын ажлыг 2021 онд эхлүүлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж 2020 он болгож наашлуулсан аж. Энэхүү өөрчлөлтийг ОХУ-ын Газрын хэвлий ашиглалтын холбооны/агентлагийн Хатуу ашигт малтмал боловсруулах төв комиссийн хуралдаанаар баталсан байна.
“Чухамдаа бид ордын олборлолтыг эхлүүлж байгаа юм. Энэ үйл явдлыг зэсийн салбар бараг 70 жил хүлээсэн. Ордын баруун хэсгийн уурхайг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд 1.1 сая гаруй тонн хүдэр олборлохоор төлөвлөж байна” хэмээн “Байгалийн уул уурхайн компани”-ийн ТУЗ-ийн дарга Валерий Казикаев мэдэгджээ.
Забайкалийн хязгаар нутаг дахь Удоканы зэсийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил 2019 онд эхэлсэн билээ. Ордод түшиглэн жилд 36-45 сая тонн хүдэр боловсруулж, 474 мянган тонн катодын зэс, дагалдах 277 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, үйлдвэрийн суурийг тавиад байгаа юм. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн бөгөөд эхний ээлжинд, тус бүр 6 сая тонн хүчин чадалтай хоёр тээрмийг ашиглалтад оруулах аж. “Байгалийн уул уурхайн компани”-ийн мэдээлснээр, Удоканы УБҮ-ийн эхний ээлж 2022 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй.
Удоканы ордын төслийн нийт өртөг 2.9 тэрбум ам.доллар юм. Уг төсөлтэй холбоотойгоор 2019 онд Оросын “Газпромбанк”, ВЭБ болон “Сбербанк” зэрэг банкууд нь “Байгалийн уул уурхайн компани”-тай 1.79 тэрбум ам.доллар синдикат зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн санхүүжилтийг ВЭБ банкнаас 490 сая ам.доллар, “Газпромбанк” болон “Сбербанк”-аас тус бүр 650 сая ам.долларыг олгоно. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 12 жил аж.
Энэхүү төсөл нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилга болох тэргүүнд хөгжүүлэх газар нутгийн нэг (территория опережающего развития – ТОР) “Зайбайкаль” хөтөлбөрт багтсан юм.
Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар ОХУ-ын дотоодын зэсийн нийт хэрэглээний 15%-ийг дангаар хангах төсөөлөлтэй. Удоканы орд нь JORC стандартаар 26.7 сая тонн цэвэр зэсийн нөөцөөр Орост, нэгдүгээрт, дэлхийд олборлогдоогүй гурав дахь том зэсийн ордод тооцогддог.
Э.Од