Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Хятадын “Baowu” групп гангийн TISCO компанийг эзэмшлээ 

Дэлхийн гангийн үйлдвэрлэлээр хоёрт орж буй “China Baowu Steel Group” нь бүтцээ шинэ компаниар өргөжүүлж байна. Тодруулбал, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч “Taiyuan Iron & Steel Co Ltd“ (TISCO) компанийн хяналтын багцыг эзэмшигч боллоо. Өнгөрсөн долоо хоногт (2020.08.21)“China Baowu Steel Group” нь TISCO компанийн 51%-ийг эзэмших тохиролцоонд хүрсэн тухай Хятадын Шэнжэний хөрөнгийн бирж мэдээлсэн байна.

Энэхүү хувь эзэмшил нь 14.5 тэрбум юань буюу 2.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. Гэхдээ БНХАУ-ын төрийн бодлогоор гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд “Baowu” групп нь TISCO компанийн 51%-ийг эзэмшихдээ мөнгө төлөхгүй аж. Тус компанийг эзэмшснээр “Baowu” группын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 111 сая тоннд хүрнэ.  

Өнгөрсөн онд “Baowu” групп нь Хятадын төрийн өмчит “Magang holding”-ийн хяналтын 51%-ийг эзэмшилдээ авсан юм.

Дөрвөн жилийн өмнө “Baosteel Group” болон “Wuhan Iron & Steel Group” нэгдсэнээр “Baowu” группыг байгуулсан билээ. Тус групп нь жилд 98.5 сая тонн ган үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт орж байна. 2021 онд гангийн үйлдвэрлэлээ 100 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид бусад жижиг үйлдвэрүүдийг эзэмших магадлалтай. Одоо “Baowu” групп жилд 20 сая тонн хүчин чадалтай гангийн үйлдвэрлэлийн кластерыг Жансу мужид байгуулах төслийг хэрэгжүүлж байна.

Дэлхийн гангийн хамгийн том үйлдвэрлэгч Хятад улс нь нэн тэргүүнд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гангийн хуучирсан үйлдвэрүүдийг хаах, бага хүчин чадалтай үйлдвэрүүдийг нэгтгэж, төмөрлөгийн салбарын компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа юм.

Э.Од