Дэлхий дахинаа хөдөлмөрийн чадвар алдсан осол, гэмтэлгүй ажилласан (LTI free) 1,000,000 хүн/цаг бүрийг БАЯРТ ҮЙЛ ЯВДАЛ хэмээн үзэж, байгуулага аж ахуйн нэгжүүд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Трансвест Монголиа компанийн хувьд энэхүү жишигийн дагуу 2020 оны долдугаар сарын 31-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдсан осол, гэмтэлгүй 2000 өдөр буюу 4,330,461 хүн/цаг ажилласаныхаа баярт өдрийг байгууллагын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ.
Трансвест Монголиа ХХК нь Японы Комацу брэндийн уул уурхай, зам барилгын хүнд даацын тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибьютороор 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ОТ, Таван Толгой, БТЕГ, Эрдэнэт УБҮ зэрэг Монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаа үндэсний хэмжээний олон аж ахуйн нэгжүүдэд дэлхийн хэмжээнд чанар, аюулгүй байдал, бүтээмжийн хувьд өндрөөр үнэлэгддэг тоног төхөөрөмж, түүнийг дагалдах засвар үйлчилгээ болон сэлбэг материалыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлэн Монгол залуусын ур чадварыг шинэ техник, технологитой хослуулан хэрэглэгчиддээ найдвартай үйлчилгээ үзүүлж байгаа билээ.
Трансвест Монголиа ХХК нь Аюулгүй ажиллагааны эерэг хандлага, зөв соёлыг хэвшүүлэхийн тулд ажилтан бүрийн идэвх оролцоог дэмжин ажилласны үр дүнд 2015 оноос хойш 2000 өдөр буюу 5 жил гаруйн хугацаанд Хөдөлмөрийн Чадвар алдсан осол, гэмтэл гаргалгүй ажиллаж энэхүү амжилтанд хүрлээ. Энэ хугацаанд Монгол залуус аюулгүй ажиллагааг хэрхэн ажлын байрандаа хэвшүүлж, осол гэмтэл гаргалгүй ажиллаж болдогийг харуулсан олон сайн туршлага өдрөөс өдөрт хуримтлуулсаар цаашид улам бүр хөгжүүлэн сайжруулахаар хичээж ажиллаж байна.
Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан компанийнхаа бүх ажилтнуудад болон нийт харилцагч үйлчлүүлэгчиддээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид тогтмол үр дүнтэй хамтран ажиллахдаа таатай байгааг уламжилъя.