П.Саранчимэг нь МУИС-ийн геологи, ШУТИС-ийн уул уурхайн удирдлагын магистр, Баруун Австралийн Уул уурхайн сургуулийг Эрдэс баялгийн эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Ашигт малтмал, уул уурхайн төслийн хөрөнгийн үнэлгээгээр мэргэшжээ. Эрдэс баялгийн салбарт геологи хайгуул, уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлээр олон улсын төслүүдэд ажилласан туршлагатай. Уул уурхайн бизнесийн зөвлөх “Эм Эс Эй Глобал” компанийн захирал П.Саранчимэгтэй The Mongolian Mining Journal-ийн тоймч Г.Идэрхангай ярилцлаа.
Ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээ Монгол Улсад олон улсын стандартаар хийгдэж байгаа юу? Бодитой, баттай хийгдсэн ямар ажлууд байна вэ?
Юуны өмнө, ашигт малтмалын (газрын тос) орд газрын хөрөнгийн үнэлгээний талаар товч танилцуулах нь зүйтэй болов уу. Энэ чиглэлийн судалгаа хийдэг цөөн хүмүүс өмнө нь олон нийтэд мэдээлэл өгсөн байсан. Манай улсад ашигт малтмалын үнэлгээтэй холбоотой асуудал яригдаж эхлээд 4-5 жилийн нүүр үзэж байна. Гэхдээ манай төрийн хууль тогтоох байгууллагуудаас энэ талын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлж идэвхтэй ажиллах шаардлагатай. Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд энэ талаар онолын болон олон улсын туршлагыг судлаад бэлтгэгдэж байгаа ч манай улсад хөрөнгө оруулалтын шийдвэр, хэлцэл хийх зориулалтаар ашигт малтмалын үнэлгээг зохих стандартыг баримтлан хийх хууль эрх зүйн орчин сайн бүрдээгүй байна.
Ашигт малтмалын орд газар, төслийн хөрөнгийн үнэлгээг уул уурхай хөгжсөн орнуудад Хөрөнгийн биржид хувьцаа гаргах дагаж мөрдөх стандарт, кодын дагуу хийдэг. Мөн хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэлд шийдвэр гаргах, хөрөнгө оруулалтын боломжит хувилбаруудыг харьцуулах зорилгоор хийдэг л дээ. Жишээлбэл, олон улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний хорооны IMVAL код гэж бий. Энэ нь олон улсын үндэсний кодууд хоорондоо уялдаа холбоотой, нийцтэй байхад дэмжлэг үзүүлдэг. Мөн Австралийн VALMIN буюу Австралийн үнэлгээний код бүхий баримт бичгийг анх 1995 онд боловсруулж баталсан.
Канадын CIMVAL, Өмнөд Африкийн SAMVAL, АНУ-ын SME&IIMA, БНХАУ-ын CAMRA гэх мэтчилэн үнэлгээний кодууд бас байна. Монгол Улсын хувьд МОНВАЛ кодыг боловсруулахаар судалгааны ажил хийж байна.
Олон улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний код гэдгийг тодорхой тайлбарлана уу?
Олон улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний код гэдэг нь бүтэц агуулга талаасаа үндэсний код бүхий, стандартын хамгийн доод нийтлэг шалгуур үзүүлэлтүүд, зарчимд тулгуурласан, сайн туршлагатай зохицсон, цаг хугацааны туршид шинэчлэн боловсронгуй болгосон, шалгуур үзүүлэлтүүд, заавар, тодорхойлолтуудаа дүгнэсэн, Олон улсын Үнэлгээний стандарт (IVS)-ын шинэчилсэн хувилбартай нийцтэй байна.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний кодыг Хөрөнгийн бирж, үнэт цаасны хороо, бусад байгууллагатай хамтран тухайн орнуудын Геологи, уул уурхайн мэргэжлийн институтууд боловсруулдаг.Институтээр итгэмжлэгдсэн, хараат бус, зохих туршлагатай мэргэжилтнүүд үнэлгээг хийдэг олон улсын туршлага бий.
Үнэлгээний кодтой болсноор өөр өөр хууль эрх зүйн орчин, дүрэм журамтай улс орнуудын үнэлгээний кодын дагуу хийсэн тайланг хүлээн зөвшөөрөх, дүйцүүлэхэд дөхөм үзүүлэх боломжтой болдог. Түүнчлэн үнэлгээний тайлангийн үнэ цэнэ, үр дүнгийн найдвартай байдалд итгэл үнэмшлийг нэмэх, үндэсний компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд гарахад боломж олгож гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд ч түлхэц болно. Мөн Монгол Улс нь олон улсын тэргүүлэх туршлагад хүрэхийг хичээж байгааг харуулна.
Олон улсад энэ чиглэлээр нэг хэлээр ярилцаж, гэрээ хэлцлийг тэргүүлэх туршлагад нийцүүлэн хийх боломж бүрдэнэ гэсэн үг үү?
Тийм л дээ. Монгол Улсын ашигт малтмалын үнэлгээний үйлчилгээ, үндэсний боловсон хүчнийг дэлхийн зах зээлд гарахад дэмжлэг үзүүлнэ. Үнэлгээний үйл явцад гарах нарийн төвөгтэй байдал, хэт өндөр, эсвэл хэт бага үнэлэх, бусад техник, эдийн засгийн тооцооллоос гарах эрсдэлийг бууруулах, мэргэжлийн ёс зүйг хангах гэх мэт олон давуу талтай.
Ашигт малтмалын төслийн үнэлгээг олон улсын Хөрөнгийн биржид хувьцаа гаргах, хөрөнгө оруулалт татах, томоохон хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийх зорилгоор хийдэг. Гэхдээ үүнд төдийлөн хязгаарлахгүйгээр худалдааны хэлцлийн татварын хэмжээг тогтоох, нэмэгдсэн өртгийн татвар хураамж, татварын суурийг тогтоох, компанийн санхүүгийн тайланд хөрөнгийн үнэ цэнийг тоон дүнгээр илэрхийлэх, шүүх арбитрт хэрэглэх нь нээлттэй. Монгол Улсад Ашигт малтмалын орд газрын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ кодыг нэвтрүүлэх ажлыг Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, бусад яам, агентлагуудын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулагдан 2019 оны аравдугаар сараас хойш ажиллаж байна.
Монгол Улсад ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ олон улсын жишгээр хийгдэхгүй байгаа. Ийм туршлага бага байна. Яагаад тэр билээ?
Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний батлагдсан стандарт, арга аргачлал байдаггүй. Тиймээс ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээг зөв, баттай хийж байгаа гэдэг нь эргэлзээтэй. Хоёрдугаарт, энэ чиглэлээр шаардлага хангах мэргэшсэн мэргэжилтний хүний нөөц дутагдалтай байна. Мэргэшсэн мэргэжилтний хувьд геологи, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн туршлагатай, үнэт цаас хөрөнгө оруулалт, болон санхүү эдийн засгийн, хууль эрх зүйн чиглэлээр давхар мэдлэгтэй байх шаардлагатай. Гуравдугаарт, хөрөнгийн биржээр дамжуулан хайгуулын болон ашиглалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татаж байсан туршлага бага учраас үүнтэй холбоотой хууль эрх зүйн орчин сайн хөгжөөгүй. Төрийн өмчийн цөөхөн компани Хөрөнгийн биржид хувьцаа арилждаг боловч, эдгээр компани одоогийн хууль эрх зүйн орчин, зах зээлд тохируулан үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд зарим орд газарт хөрөнгө оруулалт татах зорилгоор сошиал орчинд зарлал нийтлэх байдал ажиглагдаж байна. Хэрэв хөрөнгө оруулалтын болон биржийн хууль эрх зүйн орчин олон улсын жишгээр хөгжсөн бол ийм гажуудал гарахгүй байх байсан. Өмнөх туршлагуудаас харахад, “Хан ресурс” компанийг олон улсын арбитрын шүүхээр хэлэлцүүлэх үед тухайн компанийн төслийн үнэлгээ зөрүүтэй байсан талаар яригддаг байлаа. Сүүлийн үед Салхитын мөнгөний орд газрын үнэлгээний талаар мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандаж байна. Эдгээр орд газарт зохих стандартын дагуу, ёс зүйн хариуцлага тооцох чадвартай, Мэргэжлийн геологи, уул уурхайн институтэд бүртгэлтэй, мэргэшсэн мэргэжилтнүүд үнэлгээ хийх ёстой.
Австрали, Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол Улсад хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа төслүүдэд ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ хийсэн жишээ цөөнгүй. Эдгээр төсөл зохих журмын дагуу үнэлгээгээ хийлгэсэн байдаг уу?
Тийм ээ. Эдгээр үнэлгээ тайланг тухайн хөрөнгийн биржид бүртгүүлэх журмын дагуу хийсэн байдаг. Жишээ нь, “Занаду Майнз” ХХК-ийн Хармагтай зэсийн орд газрыг Австралийн VALMIN кодын дагуу зах зээлийн аргаар харьцуулан үнэлж ил тод нээлттэй тайлагнасан.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээг төслийн ТЭЗҮ-тэй андуурах тохиолдол их гардаг. Гол ялгаа нь юу вэ? Ашигт малтмалын үнэлгээ болон ашигт малтмалын ордын үндэслэл хоёрыг бас адилтгах тохиолдол бас гарсаар байна?
Эдгээрийг хооронд нь нэлээд андуурдаг. ТЭЗҮ бол тухайн төслийн хувьд эдийн засгийн хувьд ашигтай байх, батлагдсан, магадлалтай нөөцөд тулгуурлан, тухайн орд газрын уул техникийн зураг төсөл бүхий өгөгдлүүд, зардлын нарийвчилсан инженерийн тооцоолол юм. Энэ нь ямар нэгэн хэлбэрээр хөрөнгө оруулалт авахад бүрдүүлэх техникийн баримт бичгүүдийн нэг. Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ гэдэг нь чөлөөт зах зээлд хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийх зорилгоор хийж буй эрсдэлийг тооцсон, мөнгөн дүнгээр илэрхийлсэн үнэ цэнийн (value) тооцоолол юм. Үнэлгээг мэргэжилтний сонгосон хэд хэдэн хандлага, арга аргачлалуудыг ашиглан зөвхөн мэргэжилтнүүд гүйцэтгэнэ. Үнэлгээний тайлан нь зах зээлийн үнэ цэнийг мэдээлэх зорилготой.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ (valuation) болон үндэслэл (evaluation) хоёрыг андуурах тохиолдол их гардаг. Хөрөнгийн үнэлгээ гэдэг нь тухайн төслийн мөнгөн дүнг илэрхийлж байгаа үнэ цэнэ буюу нарийвчилсан санхүү-эдийн засгийн тооцоо. Харин үндэслэл гэдэг нь арай өргөн хүрээний судалгаанд суурилсан тухайн төслийн ирээдүйг шийдэх үйл явц л даа. Үндэслэл нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах зорилгоор, тухайн үнэ цэнийн тооцоонд нөлөөлөх ашигт малтмалын хөрөнгийн биет байдлын,техникийн, нийгмийн, улс төрийн, зах зээлийн, хууль эрх зүйн, байгаль орчны гэх мэт хүчин зүйлүүдийг хамруулан Техник эдийн засгийн үндэслэл, урьдчилсан Техник эдийн засгийн үндэслэл, урьдчилсан таамаг судалгаанд үндэслэн хийсэн судалгааг хэлж байгаа юм. Үндэслэл нь үнэлгээнээс ялгаатай. 2018 онд би Гацууртын алтны орд газарт үнэлгээ болон үндэслэл бүхий судалгааг хайгуулын ажлын үр дүн, нөөц баялгийн NI 43-101 тайланд тулгуурлан VALMIN кодын дагуу хийж байсан.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тал дээр Монгол Улс сул байгаа нь ордын хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хийж чадахгүй байгаатай холбоотой юу?
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэхээсээ илүү ашигт малтмалын үнэлгээг стандартын дагуу үнэн, зөв хийх талаар ярих нь оновчтой. Дагаж мөрдөх стандарттай болох юм бол ашигт малтмалын үнэлгээтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг аяндаа шийдээд явна гэсэн үг. Ашигт малтмалын орд газар, уул уурхайн төслийн үнэлгээний зорилго нь ямар нэгэн хэлбэрээр хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах, хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалах бүртгэлийн журмын дагуу хийгддэг. Энэ тал дээр манайд бага зэрэг ахиц гарсан. Үүнтэй холбоотой 2018 онд Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018/01тоот тогтоолын хавсралт “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам” батлагдсан. Журмаа дахин сайжруулж ашигт малтмалын ордын үнэлгээний кодыг тусгах нь зүйтэй. Журмын хэрэгжилтэд анхаарал илүү тавих хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагуудад зохих мэдээлэл олгох сургалтуудыг шат дараалан хийх шаардлагатай юм.
Хөрөнгийн биржүүд Австрали, Канадын уул уурхайн төслийн үнэлгээний тайлан стандартыг хүлээн зөвшөөрдөг. Монголоос олон улсын бирж дээр гарсан компаниуд яг ийм тайлан стандартыг өгдөг үү?
Аль ч улсын хөрөнгийн биржид хувьцаа арилжаалах, хөрөнгө оруулалт татахаас хамаараад, тухайн хөрөнгийн биржид бүртгүүлэх журмыг мөрдөнө. Ихэнх улс орны хөрөнгийн биржүүд, мөн хөрөнгө оруулалтын сан, институтууд Австрали, Канадын, Өмнөд Африкийн ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүн, нөөц баялгийн үр дүнг тайлагнах код (JORC, NI 43101, SAMREC), Газрын тосны (Petroleum Resource Management System-PRMS), мөн ашигт малтмалын ордын хөрөнгийн үнэлгээний кодыг (VALMIN, CIMVAL, SAMVAL) дагаж мөрдөн тайлан хийхийг шаардана.
Монгол Улсын төслүүд хөрөнгө оруулалт татахаар биржид бүртгүүлэх, хөрөнгө оруулалтын банк, институтэд хандсан тохиолдолд эдгээр кодын аль тохиромжтойгоор үр дүнгийн тайлан бэлтгэнэ.
“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г олон улсын бирж дээр гаргах гэж Монголын хэд хэдэн Засгийн газар оролддог ч бүтэлтэй болсон зүйл алга. Ордын хөрөнгийн үнэлгээ мэргэжлийн хүмүүсийн харж байгаагаар хэр үнэн бодитой, зөв хийгдсэн бол?
Одоогийн байдлаар олон нийтэд тус ордыг олон улсын жишиг стандартын дагуу үнэлсэн мэдээлэл байхгүй. Дотоодын үнэлгээгээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор Тавантолгой ордын хөрөнгийн үнэлгээний ажил хийсэн мэдээлэл ч байдаггүй. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх журмын дагуу олон нийтэд ил тод тайлагнах кодын дагуу нөөц, баялгийн болон төслийн үнэлгээ, судалгааны ажлуудыг хараат бус мэргэшсэн мэргэжилтнүүд бүхий багийн бүрэлдэхүүн хийх ёстой.
Монгол Улсад өнөөдөр ашигт малтмалын ордын болон уул уурхайн төслийн үнэлгээ хийж байгаа ажлыг боловсронгуй болгох шаардлага бий. Ялангуяа ТЭЗҮ хийдэг аж ахуйн нэгжүүд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ажлын уялдаа холбоог идэвхжүүлэх, ордын хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хийж чадаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой юм шиг санагдсан. Энэ талаар онцолж хэлэх зүйл Танд бий юу?
Аж ахуйн нэгжүүд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн (ЭБМЗ) хурлаар хэлэлцэж баталсан ТЭЗҮ-ээ бариад хөрөнгө оруулагчид ханддаг. Гэтэл олон улсын хөрөнгө оруулалтын сан, институт, хөрөнгийн биржүүдийн зүгээс тогтсон өөрсдийн үнэлгээний стандартын дагуу шаардлага тавьдаг. Тухайн орд газар, төслийн эзэмшигчид хууль эрх зүйн шаардлагыг мэдээж хангах ёстой. Ингэхийн тулд Монгол Улс болон олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор тухайн төслийн үе шат бүрээр тайланг хийх нь цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн олон бэрхшээлтэй тулгардаг.
Уул уурхайн бизнесийн мөчлөг, дэлхийн эдийн засгийн чиг хандлагаас хамаараад дээрх бэрхшээлийг туулах хугацаанд урьдчилсан хийсэн тооцооллууд өөрчлөгдөж, эдийн засгийн хувьд ашигтай байж чадах эсэхэд асуудал гарч эхэлдэг юм. Харин олон улсад энэ бүхэн эсрэгээрээ. ТЭЗҮ нь хөрөнгө оруулагчдад зориулагдаж тухайн орд газар, төслийн эдийн засгийн хувьд ашигтай байх тооцооллыг харуулсан судалгаа техникийн бичиг баримт болдог. Үүнийг хараат бус мэргэшсэн байгууллагаар хийж гүйцэтгүүлэн хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулна. Тиймээс хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргагчид ил тод, нээлттэй, бодитой, мэргэшсэн тайлан мэдээлэл хийх шаардлагаар хайгуулын ажлын үр дүн,нөөц баялгийн болон төслийн үнэлгээний стандарт, кодууд бий болжээ.
Оросын уул уурхайн төслийн ТЭЗҮ-ийг Монгол Улс хэрэглэдэг байсан. Өнөөдөр ч гэсэн Оросын ТЭЗҮ илүү бодит судалгаа, дүгнэлттэй илүү чанартай, цаашид хэрэглэх ч боломжтой гэж үздэг хүмүүс бий. Таны хувьд Оросын уул уурхайн төслийн ТЭЗҮ-ийг хэрэглэх шаардлага бий юу?
Үүнийг ярихын тулд харьцуулсан судалгаа маягийн том сэдэв болох байх. Товчхоноор, Oросын уул уурхайн төслийн ТЭЗҮ-ийг олон улсад ч үгүйсгэдэггүй. Оросын гэх ТЭЗҮ болон нөөц, баялгийн тайлан, уул уурхайн хөгжсөн орнуудын стандартын дагуу хийсэн ТЭЗҮ тайлангаас ялгаатай байдал нь Зориулалт, агуулга, шалгуур үзүүлэлт, тодорхойлолтууд бүхий загвар (template) гэж ойлгодог. Шалгуур үзүүлэлт, тодорхойлолтууд нь хамгийн доод хэм хэмжээг зааж өгдөг.
Оросын компаниуд барууны зөвлөх компаниудаар ТЭЗҮ-ээ хийлгээд эхэлсэн гэж Та хэлж байсан. Оросын ихэнх төслүүд Лондоны хөрөнгийн бирж дээр гарч байгаа. Энэ талаар тодотгож хэлэх зүйлүүд байгаа юу?
Тиймээ. Хөрөнгө оруулалтын сан, институт, Лондон болон бусад хөрөнгийн биржийн журам, шаардлагад нийцүүлэн, стандартын дагуу ОХУ нь уул уурхайн төслүүдийн тайлан, дүгнэлтүүдээ хийж байгаа нь ажиглагдсан. Энэ ажилд Оросын мэргэжилтнүүд идэвх чармайлттай зөвлөх компаниудад ажиллаж байна. Энэ чиглэлээр ОХУ-д хурал зөвлөгөөн зохион байгуулдаг.
Манай урд хөршид ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ хийгддэг үү? Орд газрын үнэлгээний талаар ямар түвшинд хөгжиж байна вэ?
Мэргэжлийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын Ашигт Малтмалын Үнэлгээчдийн Холбоо (САМRA) нь одоогоор Олон улсын Ашигт малтмалын Хөрөнгийн үнэлгээний хороонд ажиглагч орноор элссэн байна. Бээжингийн Байгалийн нөөцийн яамны ашигт малтмалын нөөц баялгийн үнэлгээний төвийн гишүүдэд зориулсан үнэлгээний сургалтуудыг Өмнөд Африкийн ашигт малтмалын үнэлгээний кодын хороотой хамтран хийсэн байдаг. Хятад улсад ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээг баттай, үнэн зөв хийдэг эсэх нь мөн л эргэлзээтэй хэвээр байгаа учраас энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах алхмуудыг хийж байна гэж ойлгож байгаа. Мөн сүүлийн жилүүдэд, үнэлгээний асуудлууд нь эдийн засгийн шинэчлэл хийхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа талаар мэдээлж байна. Урд хөршид үнэлгээний үнэн зөв байхтай холбоотой асуудал шүүх арбитр дээр ихээр гардаг гэж ойлгосон.
Cалбарын яаман дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтыг шинэчлэх ажил явагдаж байна. Орд газрын нэгдүгээр хавсралтад 15, нэмэлтээр бүртгэх 39 ордын жагсаалтыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор баталсан. Эдгээр ордоос үнэлгээ нь хийгдсэн хэчнээн орд байгаа вэ? Үнэлгээг шалгуур үзүүлэлтэд оруулах шаардлагатай байх, тийм үү?
Тиймээ. Монгол Улсад ашигт малтмалын үнэлгээний зохих стандарт, арга аргачлал байхгүй байгаагаас шалтгаалан одоо байгаа болон шинэчлэгдсэн жагсаалтад орох Стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд олон улсад нээлттэй зарлаж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахын тулд олон улсын зохих стандартын шалгуур үзүүлэлт, арга аргачлалын дагуу үнэ цэнийг баттайгаар, үнэн зөв мэргэшсэн үнэлгээчин үнэлэх шаардлагатай. Одоогийн байдлаар хэчнээн стратегийн орд газрыг ямар батлагдсан зохих стандартын дагуу, ямар арга аргачлалаар, хэн гэдэг мэргэшсэн үнэлгээчин үнэлсэн талаар мэдээлэл байхгүй.
Монголын хөрөнгө оруулалтын орчин өнөөдөр бараг зогсонги байдалд орлоо. Хайгуулын ажлууд хийгдэхээ бараг больсон. Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нэг жилээр зогсоосон зэрэг нь гадаадын хөрөнгө оруулалтын эрчмийг эрс бууруулахад хүргэж байна?
Сүүлийн үеийн мэдээгээр Ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо нийт 2718 байна. Үүний 60 гаруй хувь нь ашиглалтын тусгай зөвшөөрөл. Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн өсөлт буурсан, хөрөнгө оруулалт саарсан хэдий ч хууль эрх зүйн орчноо сайжруулах ажлаа тасралтгүй хийх нь зүйтэй. Магадгүй дотоодын хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг дотоодын зах зээлээс босгох, энэ нь цаашлаад гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар, боломжуудыг нэмэгдүүлж болно шүү дээ. Дотоодын мэргэжлийн боловсон хүчнүүдийг чадавхжуулах, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц мэдлэгтэй, туршлагыг хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Нэгэнт үргээсэн хөрөнгө оруулагч нараа урин дуудаж, хэвийн ажиллах нөхцөлөөр хангахын тулд шинэ Засгийн газар юуг хамгийн түрүүнд хийх шаардлагатай вэ?
Хөрөнгө оруулалтыг татахын тулд олон ажлыг хийх шаардлагатай байх. Энэ чиглэлээр олон судалгаануудыг Монгол банк, бусад судалгааны байгууллагууд хийсэн байдаг.
Нэн тэргүүнд, олон улсын хөрөнгийн зах зээлийн жишигт ойртохын тулд уул уурхайн салбарт мөрдөж байгаа, хууль дүрэм журам, арга аргачлалаа сайжруулан боловсронгуй болгох судалгааг эрчимтэй хийж, салбар яамд, хууль тогтоох байгууллагууд хамтарч уялдаатай ажиллах хэрэгтэй байна. Мөн, дотоодын Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцэхүйц хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлуудыг хийх, олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан уул уурхайн төслүүдэд хэрхэн хөрөнгө оруулалт татах талаар туршлагыг нэвтрүүлэх гэх мэт олон ажил хүлээгдэж байна.
Ярилцсанд баярлалаа.