Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулж Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЭХ-ний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй хүндрэлүүдийг ирэх дөрвөн жилд хэрхэн даван туулах талаар санал солилцжээ.
Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засагт бодитой хүндрэлүүд үүсч байгаа нь бизнес эрхлэгчдэд ч хүндээр тусч байгааг бизнесмэнүүд онцолсон байна. Энэхүү хүндрэлийг даван туулах, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж байгаа юм. COVID-19-ийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ нь бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар МҮХАҮТ-аас өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлж хийсэн судалгаагаар татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлт, харилцах дансны хүүг тэглэсэн, Монголбанкнаас зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан зэрэг нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлж чадсан байна.
Цаашид банкны зээлийн хүү өндөр байгааг шат дараатайгаар бууруулах, банкны салбарын шинэчлэлийг хийх, төрийн бодлогыг тогтвортой, залгамж чанартай болгох, төрийн байгууллагуудын дунд, доод шатны хүнд суртал иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгааг арилгах, татварын хүндрэл нь бизнес эрхлэгчдэд маш их дарамт учруулж байгаа зэргийг ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах шаардлагатай байгааг илэрхийлжээ.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бизнес эрхлэгчдэд хамаатай олон чухал асуудал тусгагдаад байгааг Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Мөн Сангийн сайд Ү.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Зам, тээврийн сайд Л.Халтар нар бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултанд хариулж, тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг хэрхэн даван туулах боломжуудыг тайлбарлажээ.
Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийг гоё уриа лоозон байдлаар ярих бус бодитой ажил болгохын төлөө хамтрах, Засгийн газраас гарч буй шийдвэрүүдтэй холбоотой олон нийтийн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах нь зөв гэдэгт талууд санал нэгдэв.
“Төр бүхнийг хийх бус харин МҮХАҮТ, хувийн хэвшлийнхэнтэй зөв хамтарч ажиллавал ойрын жилүүдэд цар тахлаас үүдэж хүндрэх төлөвтэй байгаа эдийн засгаа тэлж, тэрхүү тэлэлтийг иргэдэд өгөөж болгож хүртээх бүрэн боломжтой. Засгийн газар урт хугацааны бодлоготой болж, түүнийг хэрэгжүүлэх дунд, богино хугацааны төлөвлөлтүүдийг хийж байгаа нь хямралыг боломж болгох бас нэг давуу тал. Төрийн бүх үйлчилгээг цахим болгох ажил ирэх оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөөд байгаа”-г ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон тухай Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.