The Mongolian Mining Journal /July 2020/Б.Төгсбилэгт
Оюутолгой төслийн далд уурхайн ашиглалт 2023 оноос эхлэхээр хүлээгдэж байгаа боловч нөөцийн тооцоолол дээр томоохон бууралт гараад байна. Тухайлбал Оюутолгой уурхайн хамгийн баялаг хэсэг болох Хойд Хюго ордын зэсийн нөөц 18%-иар буурсан тухай “Туркойз Хилл Ресурс” компани долдугаар сарын эхээр мэдээллээ. Гагцхүү зэсийн нөөц төдийгүй алт, мөнгөний нөөц ч 17-21%-иар буураад байна. Хойд Хюго ордын хүдрийн нөөц өмнө нь 447 сая тонноор хэмжигдэж байсан бол одоо 47 сая тонн буюу 11%-иар буурч 400 сая тонноор илэрхийлэгдэхээр болсныг Оюутолгойн 2020 оны техник, эдийн засгийн үндэслэлд тусгажээ.
Тодруулбал Хойд Хюго ордын металын нөөц 2020 оны шинэчилсэн ТЭЗҮ-ээр бол өмнө нь тооцоолж байснаас 1.3 сая тонн зэс, 1 сая унц алт, 8.1 сая унц мөнгөөр хорогдохоор байна. Туркойз Хилл урт хугацаанд зэсийн үнэ дунджаар 3.08 ам.доллар/фунт (ойролцоогоор 6900 ам.доллар/тонн), алтны үнэ 1292 ам.доллар/унц, мөнгөнийх 19 ам.доллар/унц байна гэж тооцоолж буй юм. Эдгээр ханшаар тооцоход нөөцийн бууралт нийтдээ 10 тэрбум ам.доллараар илэрхийлэгдэнэ. Энэ бол Оюутолгой ордын нийт хөрөнгө оруулалтын зардалтай бараг дүйж очих хөрөнгө билээ. Гэхдээ энэ нөөцийн бууралт үнэхээр зайлшгүй шалтгаантай бол хэн бүхэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц үйлдэл гэж үзэх үндэстэй.
Ийнхүү нөөцийн хэмжээ буурсан нь уурхайн (Панел 0 хэсгийн) шинэчилсэн зураг төсөлтэй холбоотой. “Рио Тинто” компанийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Шинэчилсэн зураг төсөл нь Оюутолгойн хамгийн баялаг хэсгийн нөөцийг нээж өгөх далд уурхайн хөгжүүлэлтэд бас нэгэн нааштай алхам боллоо” хэмээн тайлбарласан байна.
Шинэчилсэн зураг төсөлд Хойд Хюго (Лифт 1) ордын олборлолтын эхний үе шат болох Панел 0 хэсгийн хүдрийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, хүдэр тээвэрлэх дэд бүтцийг хамгаалах үүднээс олборлолт хийх зарим хүдрийг тулгуур хэлбэрээр үлдээхээр болжээ. Тулгуур нь Панел 0 хэсгийн хоёр талд буюу өмнө болон хойд талд орших хүдрийн биетийг хамаарна. Энэхүү тулгуур болгохоор авч үзсэн хүдрийн биет нь өмнөх зураг төсөлд олборлолт хийгдэх хэсэгт хамаарч байсныг “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ын мэдээнд тайлбарлажээ. Гэхдээ тулгуур хэсгийн хүдрийн биетийн зарим хэсэг дараагийн шатанд ашиглагдах боломжтой гэж тооцоолж буй бөгөөд энэ талаарх нэмэлт судалгааны ажил одоо өрнөж байгааг “Рио Тинто” онцоллоо. Оюутолгойн далд уурхайн олборлолтыг аюулгүй, тогтвортой явуулахад нэг зүйл асуудал болж буй нь хүдрийн биетийн тогтоц хэт сул байгаа явдал болохыг “Рио Тинто”-ийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак өнгөрсөн онд учирлаж байсан. Далд уурхайг блокчлон олборлолтын аргаар ашиглах тул хүдрийн биетийн тогтвортой байдлыг нэн чухалчилна.
Эндээс урган гарах асуудал нь нөөцийн бууралт Монголын талын ногдол ашиг хүртэх хугацаанд хэрхэн нөлөөлөх нь одоогоор хараахан тодорхойгүй байна.
“Рио Тинто” компани 2019 оны долдугаар сарын 16-нд Оюутолгойн далд уурхайн зураг төсөлд уул геологийн нөхцөл хүндэрсний улмаас өөрчлөлт оруулах шаардлагатай болсон талаар мэдээлж байсан юм. Ингэснээр уурхайн ашиглалтад орох хугацаа анх тооцоолсноос 16-30 сараар хойшилж 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд тохиохоор болсныг дуулгаж байсан. Мөн хугацаа хойшлоод зогсохгүй далд уурхайн хөрөнгө оруулалтын нийт зардал (анхны тооцоолол болох 5.3 тэрбум ам.доллар дээр) 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэх талаар тухайн үед мэдээлсэн. Энэ мэдээлэл нь чухамхүү бидний одоо мэдэж авч буй нөөцийн бууралтын учир шалтгаан байсан гэж хэлж болно.
Тэгвэл энэхүү судалгаанд холбогдох шинэ мэдээллийг “Туркойз Хилл Ресурс” энэ сард (2020.07.02) уурхайн шинэчилсэн ТЭЗҮ-ийн талаар дэлгэх үеэрээ тайлагналаа. Үүнд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад нэмэлтээр шаардагдах зардал 1.3-1.8 тэрбум ам.доллар байхаар тооцоолж байна. Тодруулбал Хойд Хюго ордыг ашиглалтад оруулах нийт зардал нь суурь тооцооллоор бол 6.8 тэрбум ам.доллар (буюу 6.6-7.1 тэрбум ам.долларын орчимд) байна гэж гарлаа. Далд уурхайг ашиглалтад оруулах хугацааны тов нь суурь тооцооллоор 2023 оны хоёрдугаар сар (буюу 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд) байхаар төлөвлөжээ. Холбогдох нэмэлт судалгааг хийж дууссаны дараа далд уурхайн ашиглалтад орох хугацаа, зардлын нарийвчилсан үнэлгээг 2020 оны сүүлээр бэлэн болгоно гэж Туркойз Хилл мэдэгдсэн байна.
“Рио Тинто” компанийн хувьд өнгөрсөн 2019 онд далд уурхайн хугацааг хойшлуулж, зардал нэмсэн тухай мэдээлсэн нь хувьцаа эзэмшигчдийн эгдүүцлийг ихээхэн төрүүлсэн төдийгүй салбарын хэвлэлүүдээр ч “уул уурхайн гигант хүртэл алдаа гаргаж болдог ажээ” хэмээн шуугьж байсан. Харин жилийн дараа үүн дээр нэмээд уурхайн нөөцийн хэмжээ буурах тухай тус компани зарлалаа. Гэсэн ч олон улсын хэвлэлүүдээр энэхүү алхмыг хэт их санаа зовоосон зүйл биш гэдгийг тодотгож байна. Далд уурхайг аюулгүй, тогтвортой ажиллуулахын тулд болзошгүй аюулаас сэргийлэх нь эхний сонголт гэдэг нь дамжиггүй.
Ийнхүү шинэчилсэн ТЭЗҮ, нөөцийн өөрчлөлтийн талаар Туркойз Хилл мэдээлсний дараа уурхайн хоёрдугаар улирлын үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл гаргалаа. Оюутолгой уурхайн хувьд хоёрдугаар улиралд 36.5 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7%-иар бага түвшин боллоо. Энэхүү гарцын бууралт нь урсгал засварын үйл ажиллагаатай холбоотой юм байна.
Хоёрдугаар улиралд үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны агуулга 31.15 мянган унц байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 57%-иар бага дүнтэй үзүүлэлт боллоо. Үүнд хүдрийн бага агуулгатай хэсгээс олборлолт хийгдэж байгаа нь нөлөөлснийг компани тайлбарлалаа. Гэсэн ч алтны үйлдвэрлэл хоёрдугаар улиралд эхний улирлынхаас 19%-иар өсөв.
Шинэ коронавирусын тархалтаас сэргийлэх хөрш орны дэглэмтэй холбоотой далд уурхайн бүтээн байгуулалтад удаашрал үүсээд байгаа ч ил уурхайн үйл ажиллагаанд ямар нэг доголдол үүсээгүй байна. Хоёрдугаар улиралд далд уурхайн нэвтрэлтийн хэмжээ сард дунджаар 1831 метр байлаа. Баяжмал тээвэрлэлт, борлуулалт хоёрдугаар улиралд боомтын хил нэвтрэлт сайжирснаар нэгдүгээр улирлынхаас 54.3%-иар өссөн байна. Хоёрдугаар улиралд агааржуулалтын зориулалттай Босоо ам 3 болон 4-ийн бүтээн байгуулалт зогсонги байдалтай байв. Агааржуулалтын амын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг холбогдох мэргэжилтэн, боловсон хүчин гадаадаас ирж ажиллахаас нааш үргэлжлүүлэх боломжгүй юм. Ашиглалтад ороод буй Үйлдвэрлэлийн ам буюу Босоо ам 2-ын үйл ажиллагааны жигдрүүлэлттэй холбоотой засварын ажлыг мөн улиралд амжилттай хийж дуусгасан байна.
Мөн энэ онд олборлох алтны хэмжээг 155-180 мянган унц болгож өсгөхөөр шийдвэрлэсэн тухай хоёрдугаар улирлын мэдээнд онцолсон байна. Өмнө нь энэ онд 120-150 мянган унц алт олборлоно гэж тооцоолж байсан юм. Гэхдээ зэсийн хувьд үйлдвэрлэлийн хэмжээг адил түвшинд барихаар (140-170 мян.тн) боллоо. Алтны олборлолт нэмэгдэхээр байгаа нь нэгж бүтээгдэхүүний олборлолтын өртгийг бууруулах нөхцөл болохыг компани тэмдэглэлээ. Тухайлбал энэ онд зэс үйлдвэрлэлийн өртөг фунт тутамд 1.8-2.2 ам.доллар гэж тооцсон нь 1.6-2.0 ам.доллар болохоор байна. Ингэснээр ил уурхайн үйл ажиллагааны зардал энэ онд 800-850 сая ам.доллар байхаар төлөвлөсөн нь одоо 780-830 сая ам.доллар болж багасах эерэг дүр зураг харагдаж байгаа тухай “Туркойз Хилл Ресурс” компани мэдээллээ.
Зургадугаар сарын 30-ны байдлаар тус компани 1.5 тэрбум ам.долларын бэлэн мөнгөний нөөцтэй байгаа нь ил болон далд уурхайн үйл ажиллагааг 2022 оны эхэн хүртэл санхүүжүүлэхэд хангалттай хүрэлцэнэ гэж Туркойз Хилл харж байна. Мөн уг үзүүлэлт Оюутолгойн санхүүжилтийн хүүгийн тооцоололд ашиглагддаг LIBOR-ын хэмжээ буурч байгаагаас үүдэн илүү ч сайжрах хандлагатай байгааг компани тайлбарлав.
Далд уурхайг ашиглалтад оруулахад одоо дор хаяж 3 тэрбум ам.доллар шаардлагатай тухай Туркойз Хилл сүүлд гаргасан мэдээндээ онцоллоо. Нэгдүгээр улиралд гаргасан мэдээлэлд тус компани уг хэмжээг дор хаяж 4 тэрбум ам.доллар байна гэж дурдсантай харьцуулахад сүүлийн тооцоолол хавьгүй багассан дүн болохыг тус компани тэмдэглэлээ. Ийнхүү шаардлагатай хөрөнгийн хэмжээ буурсан нь Монголын төр Тавантолгойн цахилгаан станцын санхүүжилт, бүтээн байгуулалтыг бүрэн хариуцахаар болсонтой холбоотой. “Туркойз Хилл Ресурс” компани өнгөрсөн хоёрдугаар сард 300МВт-ын хүчин чадалтай станцыг 924 сая ам.доллараар барих санал бүхий ТЭЗҮ-ийг Засгийн газарт өргөн барьсан юм. Удалгүй дөрөвдүгээр сард Монголын тал уг станцыг төр хариуцахаар болсныг дуулгасан. Ингээд Засгийн газартай “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” хэлэлцээрт хүрч, 2018 онд байгуулсан Тавантолгойн цахилгаан станцыг барьж, байгуулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай” гэрээнд өөрчлөлт оруулсан тухай зургадугаар сарын 29-нд мэдээлсэн. Одоо талууд ирэх оны гуравдугаар сард багтаж эрчим хүч худалдан авалтын гэрээг үзэглэх ёстой. Улмаар мөн оны долдугаар сарын 1-нд багтааж станцын барилгын ажлыг эхлүүлж, түүнээс хойш дөрвөн жилийн дотор станцыг ашиглалтад оруулахаар тогтсон.
Оны эхний улирлын байдлаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулсан нийт хөрөнгийн хэмжээ 3.8 тэрбум ам.доллараар илэрхийлэгдээд байна.