Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын Засгийн газар Оюутолгойн асуудлаар шалгалт хийж магадгүй

Өнгөрсөн ням гаригт (2020.09.06Оюутолгойн асуудлаар АНУ-ын Холбооны Засгийн газрын агентлаг болох Үнэт цаас, хөрөнгийн биржийн (SEC) хорооноос шалгалт хийж магадгүй тухай мэдээлэл “Financial Times” сонинд нийтлэгдсэн байна.

Тодруулбал “Рио Тинто” компани нь Оюутолгой төслийн далд уурхайн геологийн нөхцөл хүндэрсэн тухай 2019 оны долдугаар сард олон нийтэд мэдэгдэхээсээ хавьгүй өмнө уг асуудлыг мэдэж байсныг компанийн хуучин ажилтан Richard Bowley мэдүүлжээ. Түүний энэ тайлбарт үндэслэн SEC шалгалт хийж магадгүй байгаа юм. Richard Bowley-ийн тухайд 2017-2019 онд “Рио Тинто” компанид Стратегийн төслүүд хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байжээ.

Тэрбээр анх 2018 оны хоёрдугаар сард Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад асуудал үүсч болзошгүй тухай удирдлагууддаа анхааруулсан байна. Болзошгүй эрсдэл он дуусах хүртэл улам бүр тодорхой болж ирсэн ч үүнийг “Рио Тинто” хөрөнгө оруулагчдад дэлгэлгүй явсаар дараа онтой золгожээ. Улмаар 2019 оны долдугаар сард далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшлох болсныг “Рио Тинто” анхлан мэдээлсэн юм. Харин Richard Bowley 2019 оны гуравдугаар сард ажлаасаа халагджээ. Тэрбээр ажиллах хугацаандаа уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, энэ нь хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх эрсдэлийг үүсгэнэ гэдгийг анхааруулж байжээ.

Гэхдээ SEC уг асуудалд шалгалт хийх тухай албан ёсоор мэдэгдээгүй байгаа юм. Засгийн газрын тус агентлаг нь компанийн бизнесийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан үнэн зөв боловсруулагдсан эсэхэд хяналт тавьж ажилладаг байгууллага юм.

“Рио Тинто” компани 2019 оны долдугаар сард Оюутолгойн далд уурхайн ашиглалтад орох хугацаа геологийн нөхцөл хүндэрсэнтэй холбоотойгоор анх тооцоолсноос 16-30 сараар хойшлох, мөн өргөтгөлийн төслийн хөрөнгө оруулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэх тухай мэдэгдсэн билээ. Улмаар 2020 оны долдугаар сард уурхайн зураг төсөл шинэчлэгдсэнээр далд уурхайн нөөцийн хэмжээ багагүй хэмжээгээр буурах тухай мэдээлээд байна.

Он гарсаар Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 52%-иар өсч 1.14 ам.долларт хүрчээ. Одоогоор Туркойз Хилл-ийн зах зээлийн үнэлгээ 2.29 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Туркойз Хилл-ийн хувьцааны ханш он гарсаар хэрхэн өсөв?

“Туркойз Хилл” компани нь 2021 онд үйлдвэрлэх баяжмал дахь алтны хэмжээ 450-500 мянган унц байх тооцооллоо 500-550 мянган унц болгож нэмэгдүүлснээ саяхан мэдээлсэн. Энэ нь 2020 онд үйлдвэрлэх баяжмал дахь алтны агуулгаас даруй гурав дахин өндөр дүн юм.

Б.Төгс