“South-East Asia Iron & Steel Institute” (SEAISI) хагас жилийн тайланд, ойрын жилүүдэд Зүүн өмнөд Азийн орнуудад гангийн үйлдвэрлэл огцом нэмэгдэнэ гэж тэмдэглэсэн байна. Учир нь тухайн бүс нутагт төмөрлөгийн үйлдвэрүүд шинээр барих хөрөнгө оруулалт хийгдэж байгаа юм.
Тухайлбал, Хятадын “WenAn Steel” компани жилд 10 сая тонн хүчин чадалтай гангийн үйлдвэр Малайзад барихаар төлөвлөжээ. Panhua Group болон HBIS хамтран жилд 8-10 сая тоннын хүчин чадал бүхий төмөрлөгийн үйлдвэр Филиппинд барих зорилттой. Индонзеди гэхэд Хятадын төмөрлөгийн 3 том үйлдвэрийн төсөл байна. Мөн Мьянмар, Камбожид 3-4 сая тонн ган боловсруулах үйлдвэрийг Хятадын талын хөрөнгө оруулалтаар байгуулах төслүүд хэрэгжиж буй. Түүнчлэн, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан компани Индонезийн “Krakatau Steel” гангийн үйлдвэрийн өнөөгийн 4.8 сая тонн хүчин чадлыг нэмэгдүүлж 10 сая тоннд хүргэх төслийг боловсруулж байна. Вьетнам дахь төмөрлөгийн үйлдвэрийн барилгын ажил эхэлжээ.
SEAISI хүрээлэнгийн тайланд тооцоолсноор, 2026 он гэхэд Зүүн өмнөд Азийн гангийн үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 151 сая тонн хүрэх төлөвтэй. Энэхүү өсөлтийн 50 гаруй сая тонн үйлдвэрлэл нь Хятадын хөрөнгө оруулалт гэнэ.
2019 оны байдлаар, Зүүн өмнөд Ази жилд 83.7 сая тонн ган үйлдвэрлэжээ. Тухайн жилийн үзүүлэлтээр, АСЕАН-ны орнуудын гангийн эрэлт 81 сая тонноор үнэлэгдэж байсан бол 2026 онд 105-115 сая тоннд хүрч нэмэгдэх магадлалтай. Тиймээс дээрх төслүүдийн тал хувь нь хэрэгжинэ гэж үзэхэд Зүүн өмнөд Азийн орнуудад гангийн хомстол үүсэхээр байгааг SEAISI-ийн тайланд онцолжээ.
Э.Од