Говийн усны асуудлуудыг шийдвэрлэх боломж, шинжлэх ухааны үндэслэлтэй үр дүн гаргах, иргэдийн дуу хоолойг дамжуулах зорилготой “Говийн ус- Ногоон хөгжил” эрдэм шинжилгээний инновацийн анхдугаар чуулган Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж байна. Чуулганыг нээж Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Жаргалсайхан “2017 онд Гадаргын усыг алсын зайнд дамжуулах усан цогцолборын төсөл хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн ч шийдвэр болж биеллээ олоогүй хэвээр байна. Улсын эдийн засагт их нөлөө үзүүлж байгаа уул уурхайг бүрэн хүчин чадлаар нь ачаалахад усны хангамж нэн чухалд тооцогддог. Говийн бүсийн усны асуудлын гарц шийдэл олохоор уг чуулганыг зохион байгуулахаар болсон юм” гэдгийг хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Усны нөөц, түүний ашиглалтын асуудал дэлхий дахины асуудал боллоо. 2021 оноос эхлэн 20 жилийн хугацаанд хур бороо татрах үе явагдаж дэлхийн уур амьсгалын дулаарал ихээр мэдэгдэхийг эрдэмтэн, судлаачид анхааруулж байна. Усны хомсдол бүхий говийн бүсийн гадаргын усыг хуримлуулан дамжуулах төсөл ажлуудыг эрчимжүүлэх, уул уурхайн компаниуд үйл ажиллагаандаа гүний усыг ашиглахыг хориглох, гадаргын усны хэрэглээг 67 хувь хүртэл нэмэгдүүлэх, Ус үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих ажлуудыг хийхээ илэрхийлсэн” илгээлтээ усны асуудал хариуцсан зөвлөх Ц.Сосорбарамаар чуулганд оролцогчдод уламжлав.
Эрдэм шинжилгээ инновацийн чуулганы хөтөлбөрийн дагуу, усны асуудлаар өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлсэн бодлого болоод үр дүн, уул уурхайн бүс нутаг дах усны асуудлууд илтгэлийг Өмнөговь аймгийн ИТХ-ийн төлөөлөгчид, говийн усны тулгамдсан асуудлууд ба хэрэгжих боломжтой төслүүдийн талаар Ерөнхийлөгчийн усны асуудал хариуцсан зөвлөх доктор Ц.Сосорбарам нар танилцууллаа.
Уг чуулганыг ШУТИС, “Говийн ус ногоон хөгжил” ТББ, “Монголын ус түншлэл” ТББ, Өмнөговь аймгийн ИТХ хамтран зохион байгуулж байгаа юм. Чуулганд Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл, усны салбарын мэргэжилтнүүд болон уул уурхай үйлдвэрлэлийн компаниудын төлөөллүүд оролцож байна.
Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай өсч улс орны эдийн засаг тэлэх томоохон хүчин зүйл болоод байгаа билээ. Уул уурхайн түүхий эдийг боловсруулах үйлдвэр олшрохын хэрээр нэмүү өртгийг эх орондоо шингээж, ажлын байр нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой. Гэвч уул уурхайн бүс нутаг цөлжих, усны нөөц багасах асуудал тулгарч байна. Тиймээс говийн бүсийн усны нөөцийг нэмэгдүүлэх, гадаргын усыг хуримтлуулж урсцын тохируулга хийх замаар усны нөөц багатай бүс нутаг руу дамжуулах, усыг дахин ашиглах, ус хэмнэх шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хур борооны усыг хуримтлуулж нуур цөөрөм барих аргуудыг судлан шинэлэг санааг дэвшүүлэх, гарц шийдлийг тодорхойлох, улсын бодлогын хэмжээнд авч үзэх нь чухал юм.
Л.Номинцэцэг (Өмнөговь аймаг Даланзадгад хот)