Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Колмар” компани шинээр баяжуулах үйлдвэр, нүүрсний терминал ашиглалт орууллаа

Оросын коксжих нүүрсний экспортод төвлөрч буй “Колмар” компани өнөөдөр (2020.09.11) Ванино боомтод нүүрсний шинэ терминалаа нээж байна. “Ванинотрансуголь“ терминал нь Ванино боомтоос 8 км зайд байршдаг бөгөөд жилд 12 сая тонн нүүрс нэвтрүүлэх хүчин чадалтай. 2023 он гэхэд терминалыг бүрэн хүчин чадалд буюу 24 сая тоннд хүргэж Оросын нүүрсний тэргүүлэх таван терминалын нэг болгохоор зорьжээ. Терминал байгуулахад нийт хөрөнгө оруулалт 40 тэрбум рублиэр үнэлэгдэж байна.

Тэгвэл “Колмар” компани нь өчигдөр (2020.09.10) баяжуулах үйлдвэрийн 6 сая тонн хүчин чадалтай эхний ээлжийг ашиглалтад оруулсан юм. Үйлдвэрийн хоёрдугаар ээлжийг 2022 онд ашиглалтад оруулна гэдгийг нээлтийн ёслол дээр Ерөнхий захирал Артем Левин мэдэгдсэн байна. Ингэснээр жилд 12 сая тонн хүчин чадалд хүрч Оросын нүүрсний хамгийн өндөр хүчин чадалтай Уулын Баяжуулах Үйлдвэрт (УБҮ) тооцогдох аж. Хоёр модуль бүхий баяжуулах үйлдвэрийг байгуулах нийт хөрөнгө оруулалт 85 тэрбум рубль бөгөөд үүнээс 25 тэрбумыг зарцуулжээ. Уг төслийг Хятадын AVIC корпорацитай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Нүүрсний терминал болоод баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг 2020 оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч коронавирусын нөхцөл байдлын улмаас ийн хойшлуулжээ.

Тус компани өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Өмнөд Якутын Нюренгийн бүсэд 6 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай “Денисовская” үйлдвэрээ ашиглалт оруулсан юм. Энэхүү  үйлдвэрийг байгуулахад 15 тэрбум рублийн хөрөнгө оруулсан байна.

“Колмар” компани Инаглинский болоод Денисковский уурхайнуудыг эзэмшиж байна. Хоёр уурхайн нийт нүүрсний нөөц 1.5 тэрбум тонн ба 1 тэрбум нь коксжих нүүрс юм. 2018 онд 6.5 сая тонн нүүрс олборлосон бол 2019 онд 8.5 сая тонн болж нэмэгдүүлжээ. Компанийн стратегийн зорилтоор 2022 онд нүүрсний олборлолтын хэмжээг 22 сая тоннд хүргэх аж. Компанийн хувьд Ази-Номхон далайн орнуудад коксжих нүүрсний экспортоо нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм. Тус компани дотоодын зах зээлд хүрэн нүүрс нийлүүлдэг бол коксжих нүүрсийг Хятад болон Японы зах зээлд экспортолж байна. Экспортын 75%-ийг Хятадад нийлүүлдэг.

Экспортоо нэмэгдүүлэх зорилтын дагуу Өмнөд Якутын нутгаас нүүрсээ төмөр замаар тээвэрлэх гэрээг РЖД компанитай 2018 оны арваннэгдүгээр сард байгуулсан юм. 2020 он гарснаар дэлхий дахинд COVID-19 цар тахал дэгдсэн хэдий ч Орос улсын хувьд Хятад руу нүүрсний экспортоо 3%-иар нэмэгдүүлж чаджээ.

Оны эхний долоон сарын байдлаар тус улсын нүүрсний экспорт тасралтгүй өссөөр байна. Өнгөрсөн онд 190 гаруй сая тонн нүүрс экспортолсноос 27 сая тонн нь коксжих нүүрс юм. Энэ оны сарын дүнгээр Оросын коксжих нүүрсний экспорт хэмжээ Монголынхтой эн тэнцүү байгаа юм. Тухайлбал, www.sxcoal.com мэдээлдээр, өнгөрсөн зургаадугаар сард тус улс 2.56 сая тонн коксжих нүүрс Хятад руу экспортолжээ.  

Э.Од