Конго улс дахь зэсийн Kakula уурхайг ашиглах ТЭЗҮ бэлэн болсон тухай төсөл хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компани мэдэгджээ. 2021 оны дунд үед тус уурхайг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Уурхайгаас жилд 6 сая тонн 6.6%-ийн зэсийн агууламжтай хүдэр олборлох аж.
Энэхүү төсөл нь Канадын “Айвенхоу Майнз” (39.6%) болон Хятадын “Zijin Mining” (39.6%) компаниудын стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Төслийн үлдсэн 20%-ийг Конго улсын Засгийн газар эзэмшдэг.
Бэлэн болсон ТЭЗҮ-ээр төслийг нийт 4 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд бүрэн хүчин чадлаар уурхайгаас жилд 19 сая тонн хүдэр олборлож, жилд 800 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ.
“Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фридландын мэдэгдсэнээр “Kamoa-Kakula уурхайн цогцолбор нь зэсийн олборлолтоороо дэлхийд Чилийн Escondida уурхайн дараагаар хоёрт орох үйлдвэр болно” хэмээн онцолжээ.
Kamoa-Kakula ордын төслийг 2008 оноос “Айвенхоу Майнз” хэрэгжүүлж байгаа юм. 2015 оны тавдугаар сард Хятадын “Zijin Mining” компани уг төсөлд хувь эзэмших болсон байдаг. “Zijin Mining” компанийн тухайд алт олборлолтын хэмжээгээр Хятаддаа нэгдүгээрт, зэс олборлолтоор гуравдугаарт ордог.
ТЭЗҮ-ээр, нийт гурван уурхайгаас бүрдэх бүлэг орд нь 2.72%-ийн зэсийн агууламжтай 1.7 тэрбум тонн хүдрийн нөөцтэй.
Э.Од