Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Таашгүй сорилтыг сөрөх эрдсийн боломж

The Mongolian Mining Journal /Aug.2020  №141/

Б.Төгсбилэгт

Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан 2020 оны төсвийн тодотголын төсөлд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” компаниас татварын урьдчилгаа авах байдлаар төсвийн орлого дайчлах нэг удаагийн онцгой арга хэмжээ авах тухай “сийрүүлжээ”. Эндээс байдал сайнгүй гэж ойлгогдоно. Гэхдээ өөр зүйл ч бас бий. Эдийн засгийг КОВИД-19-ийн үед ганхуулалгүй авч үлдэхээр шинэ Засгийн газар шамдаж эхэлсэн нь 2020 оны төсвийн тодотголын төсөлд зарим нэг нааштай мэдээлэл багтаах сөхөө олголоо. Төсвийн тодотголыг наймдугаар сарын 14-нд Засгийн газар УИХ-д өргөн барьж, сардаа багтаан  баталсан. Цар тахлын үед эдийн засаг өсөх бус  огцом буурч, оны эхний хагаст төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасран  төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрч  тодотголын төслийг яаравчлахаас аргагүйд хүрсэн. Гэхдээ бүх зүйл тийм ч муу байгаа юу гэвэл үгүй. Бидэнд сонсохуйц таатай мэдээлэл бий. Цаашид ч сонсогдох төлөвтэй. Тэр нь эрдсийн зах зээлтэй холбоотой. 

Сангийн яам төсвийн тодотголд энэ оны сүүл хагаст нүүрс, газрын тос, зэсийн баяжмал, алт зэрэг уул уурхайн голлох бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөхөөр байгааг тодотгосон.

Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засагт урьд хожид байгаагүй тодорхойгүй байдал үүссэнийг эдийн засагчид онцолж байна. Тодорхойгүй байдал нь бүхий л эдийн засагт, тэр дундаа Монгол шиг жижиг эдийн засагт шууд сөргөөр нөлөөлнө гэсэн таамаглал, тайлбар түгээмэл. Гэвч манай улсад зарим таатай нөхцөл үүссэн  нь эрдсийн зах зээл дэх үйл явцаар тодорно. Цар тахлын нөлөөгөөр үүссэн тодорхойгүй байдал нь алтны ханшийг өсгөж,  түүхэн дээд үзүүлэлтийг авчирлаа. Монголын экспорт буурч байгаа ч алт, зэсийн ханш өсөх тал руу  эргэлээ. Энэ бүхэн нь эдийн засгийн үзүүлэлтийг оны сүүлээр илүү дээрдүүлэх шалтгаан болно. Улсын алтны экспортын орлого оны эхний долоон сарын байдлаар нэг тэрбум ам.доллар давж, эрдсийн экспорт дундаа тэргүүлэх сууринд залрав. Мэдээж оны эцсээр зэс, нүүрс тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн авах болов уу. 

Зэсийн ханш  гуравдугаар сард 4600 ам.доллар/тонн болж “айлгасан”  бол оны хоёр дахь хагаст үнийн өсөлтөөр  бүхнийг алмайруулахаар бэлтгэл базаах болов. Эхнээсээ зэсийн өсөлт тодроод ирлээ. Наймдугаар сард Лондоны металын бирж дээр 6400-6700 ам.доллар/тонн болж өссөн нь шинжээчдийн гутранги таамгийг няцаалаа. Гол шалтгаан нь Өмнөд Америк дахь зэс олборлогч орнуудын нийлүүлэлтийн доголдол болон Хятадын худалдан авалтын өсөлт юм. Үүний сацуу Лондоны металын биржийн агуулах дахь зэсийн нөөц доод хэмжээнд хүрснийг ч энд дурдах нь зүйтэй. 

2020 оны төсвийн тодотголд зэсийн ханшийг оны хоёрдугаар хагаст 6400 ам.доллар/тонн байна гэж Сангийн яам төсөөлсөн. Өмнөх батлагдсан төсөвт бол зэсийн ханшийг 5991 ам.доллар/тонн байна гэж таамагласан  билээ. 

Зэсийн ханшийн муруй дээш чиглэх үү,  уруудах уу гэдгээс Монголын эдийн засгийн өсөлт бууралт шууд шалтгаалдаг бичигдээгүй хууль үйлчилдэг. Энэ логик цар тахлын үед ёсчлон хэрэгжих  нь эргэлзээтэй ч зэсийн ханш өснө гэдэг нь Монголын хувьд яах аргагүй таатай мэдээлэл. Оны хоёрдугаар хагаст зэсийн ханш өсөх төлөвтэй байгаагаас гадна хойшид ч зэсийн үнэ улам бүр өсөх боломж байна. 2009 оны хямралын дараа зэс хурдацтай өссөөр 2011 оны эхээр түүхэн дээд ханшийг тогтоож байсан. 

Гэхдээ зах зээлийг яг таг таамаглах ямар ч боломж байхгүй. Ялангуяа цар тахлын үед ханшийг таамаглахад ихээхэн бэрх байгааг олон улсын шинжээчид тэмдэглэж байна. Энэ үед   ямарваа таамаглал дэвшүүлбэл тэр нь заавал зөрөх магадлал   илүү өндөр.  

Коксжих нүүрс  улсын экспортын тэргүүлэх түүхий эдийн байр сууриа алдаад байгаа ч оны хоёрдугаар хагаст томоохон үр дүнг үзүүлэх магадлал бий. Засгийн газар яг ингэж үзэж байгааг төсвийн тодотголоор  илэрхийллээ. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлж байгаа нь ихээхэн үр дүнд хүрч эхэлсэн нь яах аргагүй Засгийн газрын хүчин чармайлт мөн. Гэхдээ баярлах эрт байна. Бидний нийлүүлэхийн хэрээр бус, урд хөршийн эрэлтээр л манай нүүрсний борлуулалтын тэлэлт тодорхойлогдоно.  Гэсэн ч сарын дүнгээр нүүрсний экспорт гуравдугаар сараас хойш   тасралтгүй өссөөр байгаа нь тэмдэглэхүйц эерэг үзүүлэлт юм. 

Цаашдын төлөв муугүй   ч оны эхний долоон сарын байдлаар экспортын алдагдсан боломж  их мөнгөн дүнгээр яригдаж байна. Уул уурхайн салбар төдийгүй ноос, ноолуурын экспортын орлого ч мөн эрчимтэй буурчээ. 

 


Экспортын эдгээр бууралтын дунд харин алт үлэмж хэмжээгээр нэмэгдсэн нь болзошгүй бууралтыг хазаарлаж өгч байна. Алтны экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 884 сая ам.доллар буюу 450%-иар өслөө. Ингэснээр оны эхний долоон сарын байдлаар экспортын бууралт (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) 782.8 сая ам.доллартай гарлаа. Үгүй бол экспортын бууралт даруй 1.6 тэрбум ам.доллараар илэрхийлэгдэхээр байв. Гэхдээ алтны экспорт өсч буй нь Монголбанкны авдар дах алтны нөөцийг бууруулах нь дамжиггүй. Олон улсын валютын сангийн мэдээлснээр төв банкны алтны нөөцийн хэмжээ өнгөрсөн тавдугаар сард 20.07 тонн байсан бол зургадугаар сард 17.73 тонн, долдугаар сард 11.58 тонн болж буурсан байна. 

Цар тахлын үед эдийн засгийн талаар сөрөг таамаг ихээхэн хүчтэй яригдаж байгаа ч эрдсийн ханшийн   өсөлт, нүүрсний экспорт нэмэгдэх зэрэг эдгээр хүчин зүйл нь макро эдийн засагт учрах эрсдлийг ихээхэн бууруулна. 

Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал иргэдэд хэрхэн мэдрэгдэх вэ гэдэг нь чухал. Цар тахлын үеийн эдийн засаг иргэдийн халаасанд тун хүндээр   нөлөөлж буйг зарим тоо баримт харуулна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр оны эхний хагаст  жижиглэнгийн болон бөөний худалдааны дүн бууралттай гарлаа. Тухайлбал жижиглэн худалдааны борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилд 5.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс (796.8 тэрбум төгрөг буюу) 13.3%-иар, бөөний худалдааны орлого мөн хугацаанд 5.8 их наяд төгрөг болж (396.4 тэрбум төгрөг буюу) 6.4%-иар тус тус буурсан байна. 

Мөн энэ оныг дуустал хэрэгжих Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу 88 мянга орчим иргэн хамрагдаж тэтгэврийн даатгалын санд 133.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцоолсон. Гэвч энэ таамаг хавьгүй бага хувиар биелэхээр байгааг төсвийн тодотголд тусгаж, хүлээгдэж буй үр дүнг 70%-иар бууруулж ердөө 42.2 тэрбум төгрөгийн орлогыг  тусгасан байна. Оны эхний таван сард   2911 иргэн уг хуулийн хүрээнд нөхөн төлөлтөд хамрагдаж 4.6 тэрбум төгрөг төлжээ.  Энэ бүхэн нь иргэдийн гар дээр бэлэн мөнгөний бололцоо тааруу байгааг харуулна. 

Өмнөх засгийн Сангийн сайд шинэ засагт мөн албан тушаалд дахин томилогдсон нь төсвийн тодотголын онцлог. Сангийн сайд төсвийг ойлгох гэж хугацаа алдах зүйлгүй.  Сайд өмнө нь төсвийн орлогыг өсгөх гол найдвараа нүүрсний экспортын өсөлтөд тавьсан. Гэхдээ тодотголоор  нүүрсний өсөлтийг хэт өөдрөгөөр тооцоолох боломжийг өөртөө  дахин олгохоор шийдсэн бололтой. Оны хоёрдугаар хагаст 27 сая тонн нүүрс экспортлохоор төсвийн тодотголд төлөвлөсөн нь хэрэв биелбэл хагас жилийн дүнгээрээ дээд амжилт болох юм. “Ногоон гарц” түр журам бол энэ бололцоог олгоно. Гагцхүү дээр дурдсанчлан урд хөршийн худалдааны бодлогоос их зүйл шалтгаална. 

Төсвийн тодотголын бас нэг онцлог нь орлогыг урьд өмнөх батлагдсан хэмжээнээс нь (2.17 их наяд төгрөгөөр) бууруулж, харин эсрэгээр зарлагыг (705 тэрбум төгрөгөөр) нэмэгдүүлэхээр оруулж иржээ. Ингэснээр төсвийн алдагдал өмнө нь баталсан хэмжээ болох ДНБ-ийн 5.1% бус, ДНБ-ийн 12.5%-д хүрэхээр байна. Цар тахлын үед ард иргэдийн амьдралд ачаа үүрүүлэхгүйн тулд илүү үрэлгэн байхаас өөр аргагүй гэж Сангийн сайд байр сууриа хамгааллаа. 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд цар тахлын үед үүссэн хүнд нөхцөл байдлын улмаас   төсвийн алдагдлын тогтоосон хүрээг түр түдгэлзүүлэх “хуулийн хамгаалалт”-ын эрхээ Сангийн яам нүүр бардам ашигласан хэрэг. Улмаар төсвийн тодотголд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ийн 12.5% буюу 4.8 их наяд төгрөгт (ойролцоогоор 1.7 тэрбум ам.доллар) хүрэхээр тооцсон юм. 

Төсвийн тодотголоор төсвийн орлого буурч, эсрэгээр зарлага өссөн нь Засгийн газрын өрийн үлдэгдлийг (2020 оны байдлаар) ДНБ-ий 62.2%-д хүргэхээр байна. Төсвийн тодотголд энэ онд ДНБ-ий  хэмжээг 38.7 их наяд төгрөгөөр илэрхийлэгдэхээр тусгав. Энэ нь өмнө нь баталсан 2020 оны төсөвт ДНБ-ийг 40.7 их наяд төгрөгөөр тооцсонтой харьцуулахад буурсан дүн юм. Ийнхүү макро эдийн засгийн үзүүлэлт болох ДНБ тооцоолж байснаас 2 их наяд төгрөгөөр танагдахаас гадна төгрөгийн ханшийн бууралт, дотоод үнэт цаасны арилжаа, хөтөлбөрийн зээл авах зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг (ДНБ-д эзлэх хэмжээгээр)  8%-иар нэмэгдүүлэх  тухай Сангийн яам онцоллоо.

Гэхдээ Засгийн өр ийнхүү зузаарах ч холбогдох хуулийн шаардлагыг бүрэн хангаж буйг Сангийн яам давхар уламжиллаа. Тодруулбал Засгийн газрын өр ДНБ-д харьцуулсан харьцаагаар 2020 онд 62.2%, 2021 онд 58.4%, 2022 онд 54.4%-д хүрэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг хангаж, цаашид буурах тооцоололтой байна.

2020 оны төсвийн алдагдал  байх 4.85 их наяд төгрөгийн 3.3 их наяд  нь эх үүсвэртэй бөгөөд Төсвийн тогтворжуулалтын сангийн үлдэгдлээс 149.7 тэрбум төгрөгийг алдагдал санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн 1.2 их наяд орчим төгрөгтэй тэнцэх хэмжээгээр дотоодын бонд гаргана. Удахгүй гадаад бондын их өрүүдийн төлөгдөх хугацаа болно.  Харин Монголбанк манай улсын Засгийн газрын зээлжих зэрэглэл харьцангуй тогтвортой байгаа учир өрийг дахин санхүүжүүлэхэд асуудал үүсэхгүй гэж тайлбарлана.  

 

Эдийн засгийн бууралтыг өсөлтөөр үднэ
 

2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд дурдсанаар ДНБ-ий хэмжээ энэ онд 1%-иар буурах дүр зурагтай байна. Харин ирэх онд  багагүй  өсөх тооцоолол гарчээ. Засгийн газар ирэх онуудад өсөлтийг 6%-д хүргэхээр зорьж ажиллахаа тодотгосон. Төсвийн алдагдал энэ онд огцом өсч байгаа бол ирэх онд нэлээд буурахыг 2021-2022 оны төсвийн төсөөллөөс харж болно. Ингэснээр ирэх хоёр жилд төсвийн зарлага мэдэгдэхүйц танагдахаар байна.  

Төсөвт уул уурхайн салбарын орлого тооцоолж байснаас 15.6%-иар (498 тэрбум төгрөгөөр) буурахаар болсон юм. Уул уурхайн салбарын орлого батлагдсан төсвөөр бол 3.19 их наяд төгрөг  байсан бол  тодотголын төсөлд 2.7 их наяд төгрөг (2,696.6 тэрбум төг) буюу нийт төсвийн орлогын 26%-ийг бүрдүүлэхээр тооцоолжээ. Энэ нь нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх төлөвтэй холбоотой. Оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын хэмжээ 8.7 сая тоннд хүрээд байгаа бөгөөд оны хоёрдугаар хагаст 27 сая тонноор нэмэгдүүлэхээр  төлөвлөж байна. Сарын дүнгээр авч үзвэл манай улсын нүүрсний экспортын оргил хэмжээ 4 сая тонноор илэрхийлэгддэг. Харин энэ тохиолдолд сард 4.5-5 сая тонн нүүрс гаргах шаардлага үүсч байна. Энэ тооцоолол үнэхээр биелбэл манай улс 2020 онд нийтдээ 36 сая тонн нүүрс экспортлох юм. Энэ нь Сангийн сайдын “дуртай хэмжээ”   42 сая тоннд хүрэхгүй ч  2019 оны дүнтэй дүйж очино гэсэн үг. Манай улс наймдугаар сард хилээр гарах нүүрсний машины тоог өдөрт 1000-2000 болгож огцом нэмэгдүүлж чадсан. Энэ нь “Ногоон гарц” түр журам хэрэгжсэнтэй холбоотой. Хилийн боомтын ажиллах хугацаа нэмэгдэж, жолооч нар Хятадын талд хонох боломжтой болсон нь нүүрсний экспорт нэмэгдэх нөхцөл болж байна. Хэрэв   өдөрт дунджаар 2000 гаруй машин хилээр нэвтрэх аваас сарын экспорт 4 сая тонн давах боломжтой. 

Хэдий нүүрсний экспортыг өндрөөр тооцсон ч улсын нийт экспортын хэмжээ  6.1 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэйг төсвийн  тодотголд тусгасан. Улсын экспорт 2019 онд 7.6 тэрбум доллараар илэрхийлэгдсэнтэй харьцуулахад энэ онд   экспорт бараг 20%-иар буурахаар байна. Харин импорт энэ онд 5.6 тэрбум ам.доллараар хэмжигдэхээр байна (өнгөрсөн онд нийт импорт 6.1 тэрбум ам.долларт хүрсэн). Импортын бууралтад машин, тоног төхөөрөмж, барилгын материал, шатахууны импорт багассан нь голлон нөлөөлж байна. Ийнхүү энэ онд Монгол Улсын гадаад худалдаа 11.7 тэрбум ам.долларт хүрч худалдааны тэнцэл 520 сая ам.долларт хүрэхээр тооцжээ.Харин 2021 онд гадаад худалдаа 2019 оныг давж өсөх төлөвтэйг доорхи графикаас харж болно. 

Эдийн засгийн хувьд урт хугацааны төлөв нь   илүү чухал үзүүлэлт болдгийг харгалзаж үзвэл Монголд нөхцөл байдал сайнаар эргэх боломж харагдаж байна. Хятадын сэргэлт тогтворжиж, түүхий эдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, цар тахлыг дотооддоо алдаа­гүй   зэрэг нь манай улсын өсөлтийн урьдач нөхцөл болох юм. Засгийн газар газрын тосны үйлдвэр болон төмөр зам байгуулах төслүүд, цэвэрлэх байгууламж, барилга угсралтын ажлын идэвхжилт   нь эдийн засгийн өсөлтөд хүч хавсарна гэж тооцлоо. Товчхондоо тодорхойгүй зүйлс цар тахлын үед олон байгаа ч бид одоо өсөлтийн өмнө зогсож байна.