Лондоны металын бирж дээр өчигдөр (2020.09.15) нэг тонн цэвэр зэсийн ханш 6811 ам.долларын ханштай хаагджээ. Энэ нь 2018 оны зургадугаар сарын 20-наас хойших хамгийн өндөр ханшид тооцогдож байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд зэсийн ханш 4617.5 ам.доллар/тонн-д хүрсэнтэй харьцуулахад даруй 47.5%-иар өссөн гэсэн үг.
Зэсийн ханш энэ онд дунджаар 6000 ам.доллар/тонн-ын ханштай байхаар “Fitch” агентлаг таамаглалаа өсгөжээ. Тус байгууллагын өмнөх таамаглалаар, энэ онд зэсийн ханш тонн тутамд дунджаар 5900 ам.доллар байсан юм. Мөн ирэх онд зэсийн ханш дунджаар 6100 ам.доллар/тонн гэсэн өмнөх тооцооллоо 6300 ам.доллар/тонн болгож нэмэгдүүлжээ.
Зэсийн ханшийн өсөлтийг Хятадын эдийн засгийн сэргэлттэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Гагцхүү Хятадын сэргэлтээс гадна гол томоохон олборлогчдын нийлүүлэлтийн саатал, Лондоны металын биржийн агуулах дахь зэсийн нөөц буурч буй зэрэг нь ханш өсөх шалтгаан болж байгаа юм.
IHS Markit байгууллагаас эрхлэн гаргадаг Хятадын үйлдвэрлэлийн салбарын эрчмийн үзүүлэлт буюу Caixin China Manufacturing Purchasing Managers’ Index өнгөрсөн наймдугаар сард 53.1%-д хүрсэн нь 2011 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр дүн болж байна.
Хятадын зэсийн эрэлт энэ онд 1-2%-иар нэмэгдэх төлөвийг CRU судалгааны байгууллага мэдээллээ. Өнгөрсөн долдугаар сард Хятад 762 мянган тонн цэвэр зэс импортолж дээд амжилт тогтоосон байна. Харин наймдугаар сард 668.5 мянган тонн зэс импортолсон нь өмнөх сарынхаас буурсан дүн хэдий ч өмнөх оны мөн үеийнхээс 65.5%-иар өсчээ. Оны эхний найман сарын байдлаар тус улсын цэвэр зэсийн импорт 4.27 сая тонн хүрч өмнөх оны мөн үеийнхээс 38%-иар ахисан байна.
Харин зэсийн баяжмалын импорт нь өнгөрсөн наймдугаар сард 1.59 сая тоннд хүрч өмнөх долдугаар сарынхаас 11.4%, өмнөх оны мөн үеийнхээс 12.4%-иар тус тус буурчээ.
Б.Төгс