Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

БНАКонго улсын кобальт олборлолтод хүний эрх зөрчигдөж байна

“Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ.

Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог.

Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.

Цаашид кобальт олборлодог бичил уурхайнуудыг албажуулснаар уурхайчдын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүүхэд ажиллуулдаг байдлыг таслан зогсоох гол арга зам болохыг тайланд онцолжээ. Нөгөөтэйгүүр, энэ нь тухайн уурхайн бүтээмжийг нэмэгдүүлж, орлого өсөх давхар давуу талтай.  

WEF нь БНАКонго улсаас кобальт олборлодог компаниудад, тус улсын хууль тогтоомжид нийцүүлсэн хөдөлмөрийн стандартыг боловсруулж, түүнийг мөрдөх тухай зөвлөмж гаргажээ.

Одоогоор тус улсад кобальтийн бичил уурхайн үйл ажиллагааг албажуулах гурван төсөл хэрэгжиж байна. Хэдий бичил уурхайн нөхцөл хүнд хэцүү болов ч бичил уурхай нь нутгийн иргэдийн амьжиргаагаа залгуулдаг гол ажил юм.

БНАКонго улс нь Африк тивийн төв хэсэгт оршдог бөгөөд нийт 86.7 сая хүн амтай. Өнгөрсөн оны байдлаар тус улсын ДНБ 48.9 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Гэвч нэг хүнд оногдох ДНБ нь 564 ам.доллар аж. Боловсрол, эрүүл мэндийн чиглэлд хөрөнгө оруулалт дутмаг, хүнсний аюулгүй байдал, өлсгөлөн зэрэг тулгамдсан асуудал бий.

Ухаалаг утасны томоохон үйлдвэрлэгчид Apple, SamsungLG, Sony, Microsoft, автомашин үйлдвэрлэгч Mercedes, Volkswagen зэрэг компанийг Конго улсаас хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгөөр олборлосон кобальт авдаг байж болзошгүй гэж 2016 онд Англид төвтэй “Эмнести Интернэшнл” байгууллага анхааруулж байсан юм.

Кобальт нь стратегийн асар чухал эдээр нэрлэгддэг. Гэхдээ тухайн түүхий эдийг хариуцлагатай зарчмаар олборлож гэмээнэ нь жинхэнэ “ногоон хөгжлийн” метал болох юм.  

Тус улсад төрийн өмчийн кобальт олборлолтын “Gecamines” компаниас гадна “Гленкор”China MolybdenumFleuretteFreeport Cobalt” болон бусад компани кобальт олборлолтын чиглэлд ажиллаж байна.  

Цар тахлаас үүдэн 2020 он болон ирэх онд Конго улсын эдийн засагт бууралт тохиох төлөвтэй байгаа юм. Тус улсад орших “Гленкор” компанийн эзэмшлийн зэс болон кобальтын уурхай Mutanda ойрын жилүүдэд хаагдахаар байгаа ч “Айвенхоу Майнз” компани нь зэсийн үлэмж орд Камоа-Какула-ыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Б.Төгс