Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Монголын хүлээлт-“Сибирийн хүч 2”

The Mongolian Mining Journal /Aug.2020/

Э.Оджаргал


Монголын нутгаар дайруулан байгуулахаар “Сибирийн хүч 2” хоолойн төслийн яриа хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын түвшинд өрнөж байна. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Москвад хийсэн айлчлалаар Засгийн газар Оросын “Газпром” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж байсан бол үүнээс хойш талуудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарч, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгуулав. Дараагийн шатанд “Эрдэнэс Монгол” болон “Газпром” компани хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана гэдгийг Монголын төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү (2020.09.02) мэдэгдлээ.
Сүүлийн саруудад Оросын хэвлэлүү­дээр “Хятад Оросын хийнээс татгалзлаа” гэсэн утга бүхий мэдээллүүд цацагдав. Ашиглалтад орж бүтээгдэхүүнээ нийлүүлээд ердөө хагас жил гаруй болж байгаа “Сибирийн хүч 1” хоолой ашиггүй байхад дараагийн шинэ төсөл хэрэгжүүлэх шаардлагатай юу гэсэн асуудлыг хэвлэлүүд хөнджээ. Тэрхүү хоёр дахь төсөл бол “Сибирийн хүч 2” буюу Монголын нутгаар дайруулах төсөөлөлтэй хийн хоолой юм.

Хятад нь хийн эрэлт хэрэглээгээрээ дэлхийн хамгийн   өсөлттэй зах зээлд тооцогдож байна. 2021 онд тус улсын цэнхэр түлшний эрэлт 335-345 тэрбум шоо метр хүрнэ гэж “Sinopec” компани тооцоолжээ. “S&P Global Platts”-ын шинээчид 2030 онд Хятадын нийт хийн хэрэглээ 510 тэрбум шоо метр болох таамгийг дэвшүүлсэн байна. Агаарын бохирдолтой тэмцэх бодлогоор Хятадын хийн хэрэгцээ жил бүр өсөх хандлагатай. Тус улс нь дамжуулах хоолойгоор Орос, Туркмени, Узбекистан, Казахстан болон Мьянмар улсаас байгалийн хий импортолж байгаа юм. Энэ оны эхний хагас жилийн дүнгээр Хятадын байгалийн хийн импорт 23%-иар буурсныг тус улсын  Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.

Энэ аварга зах зээлд байгалийн хий нийлүүлэхээр оросууд хоёр ч мега төсөлд төвлөрч байгаа юм. Эхнийх нь Сибирийн нутгаар 2159 км үргэлжлэх хоолойгоор Хятадын зүүн нутагт байгалийн хий нийлүүлж эхэлсэн бол удаах нь  Монголын талтай яриа хэлэлцээрийн түвшинд ахиж буй “Сибирийн хүч 2” хоолой байгуулах төсөл билээ. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Орос, Хятадын төрийн тэргүүн нар ёслол төгөлдөр нээсэн “Сибирийн хүч 1” төслийн зөвхөн хоолойг байгуулахад оросууд 1.1 их наяд рублийн хөрөнгө зарцуулсан юм. Зургаан жилийн өмнө талууд үзэглэсэн гэрээний дагуу 2020 онд 5 тэрбум шоо метр хийг тус хоолойгоор Хятадад нийлүүлэх ёстой. Он гарснаас хойш нийлүүлсэн нийт хийн хэмжээ 1.57 тэрбум шоо метр байна. Гэхдээ 15 жил үргэлжилсэн хэлэлцээрээр,  авсан аваагүй төлөх (take-or-pay) нөхцөлөөр тохиролцсон байдаг.  

Цар тахлын улмаас зах зээлийн нөхцөл байдал хүндэрснээс үүдэн хоёрдугаар улиралд Туркмени 226 ам.доллар, Узбекистан 212 ам.доллар, Казахстан 194 ам.доллараар байгалийн хийгээ Хятадад нийлүүлсэн байна. Бусад экспортлогч орнуудтай харьцуулахад Оросын байгалийн хийн үнэ 10%-иар хямдарч 183-184 ам.доллар болсон тавдугаар сард “Сибирийн хүч 1” хоолойн экспорт буурснаас “хятадууд Оросын байгалийн хийг авах сонирхол бага, татгалзсан” гэх мэдээлэл анхлан түгсэн хэрэг. Харин долоодугаар сараас Оросын хийн хоолойн экспортын хэмжээ эргээд өсч эхэлжээ.

Хятадын талтай тохиролцсон нийлүү­лэлтийн хийн хэмжээнд Чаяндинскийн ордын нөөц хүрэлцэхгүй байгаагаас өнөөдөр “Сибирийн хүч 1” хоолойн хүчин чадлын 60%-ийг ашиглаж байна гэж Оросын газрын тос, байгалийн хийн зах зээлийн шинжээч Михаил Крутихин  үзжээ. Ийм нөхцөлд хоёр дахь мега төслийг хэрэгжүүлэх гэж байгаад шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байна. “Сибирийн хүч 2”-ын экспортыг хангах нөөцийг бэлтгэхэд ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нийт 6700 км хоолой татахад бараг 100 тэрбум ам.долларын санхүүжилт шаардагдахыг тэрээр үгүйсгэсэнгүй. Учир нь “Сибирийн хүч 1” хоолойг барьж, Чаяндинскийн ордтой холбоход зарцуулсан нийт хөрөнгө 55 тэрбум ам.доллар давсныг нээлтийн ёслолоор ОХУ-ын Эрчим хүчний сайд мэдэгдэж байсан юм. 

Төслүүдийн үр ашигт эргэлзсэн хэвлэлүүдийн мэдээллийг няцааж “Газпром” компани албан ёсны мэдэгдэл хийжээ. Уг тайлбарт, одоо ч Хятадын талтай “Сибирийн хүч 2” төслийн яриа хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд коронавирусын нөхцөл байдалд талууд онлайнаар тогтмол холбогдож буйг “Газпром экспорт” охин компанийн тэргүүн Елена Бурмистрова мэдэгдсэн байна. Тэрээр, худалдааны дайнаас үүдэн Хятад руу Америкийн шингэрүүлсэн хийн нийлүүлэлт зогсоод байгаа нөхцөл байдал нь “Сибирийн хүч 2” төслийн хамтын ажиллагаанд Хятадын талд түлхэц үзүүлнэ гэж харж байна. Тэр байтугай “Сибирийн хүч 1” хоолойн нийлүүлэлтийг 6 тэрбум буюу жилд 44 тэрбум шоо метр болж нэмэгдүүлэхээр Хятадын түншүүдтэй баримт бичиг бэлтгэгдэж байгаа тухай “Газпром” компанийн Гүйцэтгэх захирал А.Б.Миллерийн мэдэгдлийг иш татжээ.

Монголын нутгаар байгуулахаар яригдаж байгаа “Сибирийн хүч 2” төслийн талаар Оросын судлаачид ямар байр суурь илэрхийлж байна вэ?   

Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн Эрчим хүчний асуудал эрхэлсэн дэд захирал Алексей Белогорьев ““Сибирийн хүч 2”-ийн хувьд түүхий эдийн нөөцөөр хангах боломж нь илүү найдвартай юм. Мэдээж, хий дамжуулах хоолой барих, шинээр ордыг ашиглалтад оруулах гээд хөрөнгө оруулалтын асуудлууд бий. Тиймээс төслийг эхлүүлэхэд бүх зүйл бэлэн гэж ойлгож болохгүй. Бүтээн байгуулалтад олон жилийн хугацаа шаардагдана. Гэхдээ хамгийн гол асуудал бол энэ бүтээн байгуулалтыг Хятадын тал сонирхож байгаа эсэхээ тодорхой илэрхийлээгүй байна. Нэг талаас Хятадын хийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа ч  нөгөө талаас дотоодын хийн олборлолт, үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалах маш хатуу бодлого барьдаг улс. Аливаа асуудал гарахад дотоодын зах зээлээ хамгаалж төрөөс гэнэтийн шийдвэр гаргах магадлалтай учир нийлүүлэлтийг яг тодорхойлж тооцоход хүндрэлтэй. Хятадын зах зээлийн хэт өөдрөг тооцоолол нь заримдаа бодит байдалтай нийцдэггүй. Тэгэхээр, 2030 оноос хойш “Сибирийн хүч 2” төслийн эрэлт Хятадад байгаа ч хэр их гэдэг нь одоогоор тодорхойгүй байна” гэжээ.

Эрчим хүчний зах зээлийн шинжээч Борис Марцинкевич “”Сибирийн хүч 2” төслийн хэрэгжилтийг ярихад хараахан эрт байна.  Одоогоор тодорхой зүйл бол Монголын нутгаар дайруулан барих төсөөлөл юм. Энэ чиглэл нь аж үйлдвэр илүү хөгжсөн, тэр хэрээр эрэлт өндөр байгаа Хятадын өмнөд бүс нутгуудад хүрнэ. Тухайн зах зээлийн ирээдүйд өсөх эрэлтийг хангахын тулд хятадууд хөрөнгө гаргаж том бүтээн байгуулалт хийх шаардлагагүйгээр “Сибирийн хүч 2” хоолойн импортоор хангах боломжтой” хэмээн тэмдэглэсэн байна.

Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн Ерөнхий захирал Сергей Правосудов “Орос, Хятадын дунд орших Монгол Улс бол Украин шиг биш. “НАТО-д элсэнэ, Америкийн цэргийн бааз байршуулна, байгалийн хийн дамжуулах тарифаа өсгөнө” гэж Украины адил аашлахгүй. Монгол нь тайван улс тул “Сибирийн хүч 2” хоолойд саад учруулахгүй гэж харж байна. Хэрэв Монголын нутгаар дамжуулан байгуулах боломж байгаа бол муу зүйлгүй”-г онцолжээ.

“Сибирийн хүч 2” төсөл хэрэгжих юм бол Оросын Чаяндийнскийн ордоос гадна зүүн Сибирийн нутаг дахь хамгийн том буюу 2.7 их наяд шоо метр батлагдсан нөөцтэй Ковыктийнскийн ордоос урагшаа Монгол Улсын нутгаар үргэлжлэн Хятадын баруун хэсэгт  хүрсэн хоолой тавигдаж  жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх төсөөлөлтэй. 2024 оноос хойш “Сибирийн хүч 1” хоолой бүрэн хүчин чадалдаа хүрсний дараа  “Сибирийн хүч 2” төслийн санхүүжилт эхэлнэ гэсэн албан бус мэдээлэл байна. Ямартай ч Монголын хувьд газар нутгаараа хоолойг дайруулснаар  хийн хэрэглээгээ хангахын сацуу орлогын шинэ эх үүсвэр бий болох  зэрэг  эдийн засагт чухал ач холбогдолтой. “Сибирийн хүч 2” хоолойн төсөл хэрэгжих хүлээлт, монголчуудын найдвар тасраагүй.