Монголбанкны алт худалдан авалт 2019 онд 15.2 тонн болж буурсан ч он гарсаар есдүгээр сарын 22-ны байдлаар 15 тоннд хүрээд байна. Энэ онд алт худалдан авалт 2018 оны хэмжээнд хүрэх эсвэл давах хүлээлттэй байгаа юм. Өнгөрсөн 2018 онд төв банкны алт худалдан авалт 22 тонн хүрч дээд амжилт тогтоосон. Харин нүүрсний экспорт долдугаар сараас эхлэн өсч цаашид тогтворжих хандлагатай байна. Монголын эдийн засаг оны эхний хагаст маш хүнд байдлыг даван туулсан бол долдугаар сараас эхлэн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлсэн байна. Энэ тухай Монголбанк (2020.09.23) “Ханшийн тогтвортой байдал” сэдэвт уулзалтын үеэр мэдээллээ.
Америк долларын ханш долдугаар сард 20.81 төгрөгөөр чангарсан нь сарын дүнгээр энэ оны хамгийн их өсөлт болсон ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш найм, есдүгээр сараас харьцангуй тогтворжиж эхэллээ. Монголбанкнаас зарласан ханшаар нэг ам.доллар (2020.09.22-нд) 2,854 төгрөгтэй тэнцэж байна.
Төгрөгийн өгөөж харьцангуй эерэг болж цаашид ч төгрөгийн ханшийн дарамт багасах шинжтэй байгааг Монгол банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар тэмдэглэлээ. 2020 он гарснаас хойш (2020.09.22-ны байдлаар) ам.долларын ханш 120.13 төгрөгөөр буюу 4.39%-иар өссөн. Цар тахлын нөлөөгөөр бусад улс орны 75 хувьд нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унасан. Тухайлбал Бразил улсын мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг 25%-иар суларсан байна.
Манай улсын хувьд төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларч буй нь иргэдийн дунд хадгаламжаа доллар руу шилжүүлэх үйл явцыг өдөөх болсон. Энэ нь эргээд ам.долларын зохиомол эрэлтийг бий болгож төгрөгийн ханш сулрахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Энэ оны эхний хагасын байдлаар ам.долларын хадгаламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50%-иар өсч нийт хадгаламжийн 30%-ийг эзэлжээ. Гэвч наймдугаар сараас долларын хадгаламж өсөх үзэгдэл харьцангуй багассан дүр зураг ажиглагдсан байна.
Оны эхний 8 сарын байдлаар арилжааны банкиуд нэг удаагийн дуудлага худалдаагаар 55.9 сая доллар худалдан авах санал ирүүлж байсан. Энэ үзүүлэлт багасч есдүгээр сарын 22-ны байдлаар нэг удаагийн дуудлага худалдаагаар 19.1 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ.
Монгол банкинд гадаад валютын албан нөөц өнгөрсөн долдугаар сарын байдлаар 3.6 тэрбум ам.доллар байгаа нь улсын импортын 9 сарын нөөц, богино хугацааны өр төлбөрийг төлөхөд хангалттай хэмжээ гэж төв банк үзэж байгаа юм.
Энэ жилийн эдийн засгийн өсөлт Азийн хөгжлийн банкны төсөөллөөр -2.6%, Сангийн яамны тооцооллоор -1%-иар агших төлөвтэй байгаа ч ирэх жил эдийн засаг эргээд өсөх хүлээлттэй байна. 2021 оны дөрөвдүгээр сард 10.8%-ийн хүүтэй Мазаалай бондын 500 сая долларын өрийг төлнө. Гэхдээ тухайн бондын өрийг хэрхэн төлж барагдуулах нь Засгийн газрын шийдвэрээс хамаарна.
Л. Номин