Хятадын дарга Си Жинпин тус улсыг 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтгүй орон болох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы үеэр хэлсэн үгэндээ (2020.09.22) тэмдэглэжээ. Хятад улс нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тодорхой зорилт тавьж ирсэн ч ялгарлын түвшинг 0%-д хүргэх тухай мэдэгдэл нь анхны тохиолдол болж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд ийм зорилт тавьсан нь уур амьсгалын чиглэлийн эрдэмтдийн гайхшралыг төрүүлээд байна. Гэхдээ тус улс энэхүү зорилтод хэрхэн хүрэх талаар нарийвчилсан мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Харин өнгөрсөн ням гаригт тус улсын Цинхуа их сургуулийн Эрчим хүч, байгаль орчин, эдийн засгийн хүрээлэнгээс хүлэмжийн хийг бууруулахтай холбоотой шинэ тайланг танилцуулжээ. Уг тайланд дурдсанаар 2050 он гэхэд Хятад улс нь нүүрсний станцаас ангид улс болно гэж тэмдэглэжээ. Тус сургуулийн энэхүү хүрээлэн нь Хятадын Экологи, байгаль орчны яамтай бодлого төлөвлөлтөд нягт хамтран ажилладгаараа онцлогтой.
Тус улсын хувьд хүлэмжийн хийг бууруулах чиглэлд ирэх арван таван жилийн хугацаанд буюу 2035 он хүртэл харьцангуй аажим шилжилтийг авч хэрэгжүүлэх бол түүнээс хойших жилүүдэд эрчимтэй өөрчлөлт хийх төлөвтэй байна.
Уг тайланд дурдсанаар, тус улсын хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 2025-2030 онд жилд 9.6 тэрбум тонноос 10.2 тэрбум тонн болж өсөх ажээ. Тус улсын эрчим хүчний хэрэглээ 2035 онд оргилдоо хүрэх төлөвтэй байна. Гэсэн ч хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ нь 2035 онд 9 тэрбум тоннд хүрч буурах ажээ. Улмаар 2050 он гэхэд уг үзүүлэлтийг жилд гурван тэрбум тонн болгож үлэмж хэмжээгээр бууруулах зорилт дэвшүүлжээ. Дараа нь 2055 он гэхэд жилд 900 сая тонн, 2060 он гэхэд 200 сая тонн болгох зэргээр шат дараатайгаар эрчимтэй бууруулна гэж тооцоолжээ.
Хятад улс нь хүлэмжийн хийн ялгаруулалтаар дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд уг үзүүлэлтээр АНУ-аас даруй хоёр дахин их байдаг. Хятадын хувьд 2060 онд хүлэмжийн хийн ялгаралгүй улс болох зорилт дэвшүүлсэн нь Европын холбоо, Их Британийн 2050 онд хүлэмжийн ялгарлаас ангижрах зорилтот хугацаанаас нэлээд хойгуур байгаа юм. Гэхдээ дэлхийн нэгдүгээр эдийн засагтай улс болох АНУ нь Парисын хэлэлцээрээс гарах чиглэлтэй байгаатай харьцуулахад энэ нь хавьгүй нааштай алхам болж байна.
Хятадын даргын энэхүү мэдэгдэл нь нөгөөтэйгүүр тус улсын дотоодын нүүрс, байгалийн хий, газрын тос олборлолтын компаниуд болон гадаад улс орны бусад олборлогчдод томоохон нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Учир нь тус улс эдгээр чулуужмал түлшний хамгийн том хэрэглэгч төдийгүй импортлогч улсаар нэрлэгддэг.
Гэхдээ Хятад нь одоогоор эрчим хүчний хангамжийн хувьд нүүрсний станцаас ихээхэн хамааралтай хэвээр байгаа юм. Хятадын төрийн өмчийн эрчим хүчний компаниудын хувьд цаашид байгалийн хийн олборлолт, борлуулалтыг нэмэгдүүлэх нь хүлэмжийн хийг бууруулах эхний алхам болж байна. Тухайлбал 2035 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээнд эзлэх байгалийн хийн хувь хэмжээг 16%-д хүргэхээр тус улс зорьж байгаа юм. Уг үзүүлэлт өнгөрсөн 2019 оны байдлаар 8%-тай байсан ажээ.
Мөн “PetroChina”, “Sinopec”, “CNOOC” зэрэг томоохон компаниуд чулуужмал бус түлш үйлдвэрлэх чиглэлд идэвхийлэн ажиллаж, цаашид сэргээгдэх эрчим хүч, газрын гүний дулаан ашиглах, устөрөгчийн түлш үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төвлөрөх болсон байна.
Б.Төгс