Засгийн газар болон Монголбанк хамтран ажиллаж гадаад зах зээлээс “Номад” нэртэй 5.5 жилийн хугацаатай 600 сая ам.долларын бонд амжилттай босгосныг Сангийн сайд Ч. Хүрэлбаатар өнөөдөр мэдээллээ. Уг бонд нь 5.125%-ийн хүүтэй гарсан нь хүүгийн төлбөрийн дарамтыг харьцангуй багасгаж буйг сайд онцоллоо.
Тэрбээр энэхүү бондоос орж ирэх мөнгийг ирэх онуудад төлөгдөх 1.5 тэрбум ам.долларын бондын өрийг төлөхөд зарцуулна гэдгийг дуулгалаа. Өөрөөр хэлбэл шинэ бондын мөнгө Монголд орж ирэхгүй. Өмнөх өндөр хүүтэй бондыг дарах байдлаар зарцуулагдана. Гол ач холбогдол нь хүүгийн төлбөрийн дарамт буурах юм. 2016 оны дөрөвдүгээр сард Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 10.872%-ийн хүүтэйгээр босгосон бөгөөд уг бонд ирэх онд төлөгдөх хуваарьтай байсан. Мөн 2022 онд “Чингис” бондын 5.125%-ийн 1 тэрбум ам.долларыг төлөхөөр байв.
Шинэ бондыг эдийн засгийн хүнд үед бага хүүтэй гаргаж чадсан нь томоохон амжилт болохыг сайд тэмдэглэлээ. Учир нь Чингис бондын мөнгийг 2012 онд босгоход Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй өсөлттэй, хөрөнгө оруулалтын идэвхжсэн үе байсан. Харин одоо цар тахлын улмаас эдийн засаг бууралттай, төсвийн алдагдал ихэссэн үед бага хүүтэй бонд гаргасан нь онцлохуйц үйл явдал болсон байна.
Сангийн сайдын хэлснээр Монгол Улс “Чингис”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Хуралдай” зэрэг дөрвөн бондын зөвхөн хүүгийн төлбөрт жил бүр 203.1 сая ам.доллар төлдөг байна. Харин одоо шинэ бонд босгож хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулснаар уг үзүүлэлт 176.4 сая ам.доллар болж буурч буй ажээ. Тодруулбал хүүгийн төлбөрөөс 26.7 сая ам.доллар буюу 70 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж байгаа юм.
Шинэ бондыг “Мазаалай” бондын төлбөрийн хугацаа дуусахаас хавьгүй өмнө гаргаж буй нь хугацаа ойртсон үед бонд босговол хүү өсдөгөөс үүдэлтэй ажээ. Иймд тодорхой хугацааны өмнө бонд гаргах замаар хүүг өсгөхгүй байх талыг бодолцсон байна. Шинэ бонд гаргаснаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд үүсээд байсан ам.долларын ханш өсөх хүлээлтийг арилгаж, энэ нь эргээд бизнесийн салбарт эерэг нөлөөтэй гэж сайд тайлбарлалаа.
Цаашид Сангийн яам Засгийн газрын гадаад бондын төлбөрийн хэмжээг жигдлэх арга хэмжээг авч ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл жилд төлөх гадаад өр төлбөрийн хэмжээг нэг түвшинд барина гэсэн үг. Гадаад өр төлбөрийн хэмжээ жил бүр өөр өөр түвшинд хэлбэлзэх нь эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэдэг байна. Тэгэхээр шинэ бонд босгосноор ирэх оны гадаад бондын төлбөр 500 сая ам.доллар байсныг 120-130 орчим сая ам.доллар, 2022 оных 1 тэрбум ам.доллар байсныг 800 сая ам.доллар болгож бууруулж байгаа ажээ. Сангийн яам цаашид 2022 оны болон түүнээс хойших хугацаанд төлөгдөх өр төлбөрийн хэмжээг жигдрүүлж багасгах чиглэлд ажиллахаа илэрхийллээ.
Б.Төгс