Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Дэлхийн банк: Монголын эдийн засгийн өсөлт 2021-2022 онд 5%-иас давах төлөвтэй

Цар тахал дэгдсэнээр бүс нутгийн засгийн газрууд дунджаар ДНБ-ийнхээ 5%-тай тэнцэх хэмжээний хөрөнгийг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, айл өрхүүдийг дэмжих, аж ахуй нэгжүүдийг хаалгаа барихаас сэргийлэхэд зориулсан байна. Энэ тухай Дэлхийн банкны “Хорио цээрээс сэргэлт рүү” сэдэвт Зүүн ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайландаа (2020.09.29) тэмдэглэсэн байна.

Өмнө нь ДНБ-ийнхээ нэг хүрэхгүй хувийг нийгмийн хамгааллын хөтөлбөртөө зарцуулдаг байсан зарим улсуудын хувьд уг зардлыг нэмэгдүүлэх боломж хомс байгаа юм. Иймд эдгээр хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх тохиолдолд төсвийн орлогын бааз суурьт дарамт үзүүлэх эрсдэлтэй байна.

Цар тахлаас шалтгаалан боловсролын байгууллагуудыг хааснаар сурагчдын бодит түвшинд суралцах хугацаа 0.7 жилээр богиносох, ирээдүйн хөдөлмөр эрхлэлтээс олох орлого жил бүр дөрвөн хувиар буурч болзошгүй байгаа ажээ.

Тус тайланд цар тахал бүс нутгийн эдийн засагт гурвалсан сувгаар нөлөөлж байгааг онцолсон юм. Үүнд цар тахлын сөрөг нөлөө, хорио цээрээс үүдэлтэй эдийн засгийн үр дагавар болон хямралаас үүдсэн дэлхийн эдийн засгийн уналт зэргийг багтаасан байна.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Квакза “Цар тахал жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдэд хамгийн хүндээр нөлөөлж, ядуурлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Тиймээс өргөн хүрээтэй, олон чиглэлийг хамарсан арга хэмжээ авахгүй бол цар тахал бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дараагийн арван жилийн турш жил бүр нэг нэгж хувиар бууруулж болзошгүй” байгааг анхаарууллаа.

Зүүн ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засаг 2020 онд 0.9%-иар өсөхөөр байгаа нь 1967 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохоор байна. Мөн бүс нутгийн ядуурлын түвшин сүүлийн хорин жилд анх удаа нэмэгдэх эрсдэлтэй байгаа юм. Цар тахлын тархалтыг тогтоон барьж чадсан зарим улс орнуудын эдийн засаг сэргэж байгаа ч дэлхийн эдийн засгийн идэвхжил сул хэвээр байна. Хятадын эдийн засаг 2%-иар өсөх төлөвтэй байгаа бол Монголын эдийн засаг 2.4%-иар агших төсөөлөл гарлаа. Энэ нь манай орны хувьд 2009 оны хямралаас хойших эдийн засаг агших анхны тохиолдол юм. Харин аялал жуулчлалаас хамааралтай бусад улс орнуудын эдийн засаг 3.5%-иар агших төлөвтэй байна.

2021 онд эдийн засгийн төлөв харьцангуй өөдрөг байх боломж долдугаар сараас эхлэн харагдаж эхэллээ. Оны эхний хагаст хүндхэн байдлыг даван гарсан бүс нутгийн эдийн засаг ирэх онд 5.1%-иар өсөх төлөвтэй байгаа юм. Гэхдээ эдийн засгийн өсөлт 2021 оны дараах хоёр жилд цар тахлын өмнөх үеэс доогуур түвшинд байх төлөвтэй байгаа юм.

Цар тахлын вакцин гарч томоохон улс орнуудын эдийн засаг сэргэнэ гэж үзвэл Хятадын эдийн засаг 7.9%-иар өсөх төлөвтэй байна. Уул уурхай болон боловсруулах салбарын хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээний идэвхжилтэй холбоотой Монголын эдийн засаг 2021-2022 онд таваас дээш хувиар өсөх төсөөлөлтэй боллоо.

Улсын өрийн түвшин нэмэгдэж, банкуудын тайлан тэнцэл муудаж, тодорхой бус байдал нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулалт, эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учруулахаар байна. Зүүн ази, номхон далайн бүс нутгийн орнуудын төсвийн алдагдал нэмэгдсэнээр 2020 он засгийн газруудын ДНБ-д эзлэх өр дунджаар 7%-иар нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс шаталсан татварын системээр орлого төвлөрүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах замаар төсвийн реформыг хэрэгжүүлэхийг сануулсан. Тус тайланд “Гадаад худалдаанд өмнө тулгарч байсан асуудлуудыг цар тахал улам эрчимжүүлж байна. Бүс нутгийн худалдаа дотогшоо чиглэх, цахим худалдаа үйлчилгээ тэлэх хандлагатай” байгааг онцолсон юм.

Дэлхийн банкнаас хүн амын ядуу болон эмзэг бүлгийнхнийг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг тэтгэхийн тулд дараагийн 15 сарын хугацаанд 160 тэрбум ам.долларын санхүүгийн тусламжийг 100 гаруй улс оронд үзүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд Олон улсын хөгжлийн ассоциацийн шинэ эх үүсвэр болох 50 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж болон нэн хөнгөлөлттэй зээл багтаж байна.

Л.Номинцэцэг