Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Ж.Золжаргал: Нүүрсний экспортын тоо биш чанарт анхаарлаа хандуулах цаг болсон

Эдийн засаг, нийгмийн асуудлуудаар чөлөөтэй ярилцах, хэлэлцэх, харилцан мэдлэг, мэдээллээ солилцох улмаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилтоор байгуулагдсан “Эдийн засгийн клуб”-ын энэ удаагийн (2020.10.01) өглөөний уулзалтын зочноор  “Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал оролцлоо. Тэрээр Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд Монгол Улсын нүүрсний экспортод тулгарч буй бэрхшээл, цаашдын боломж, шийдвэрлэх асуудлуудын талаар өөрийн байр суурийг хуваалцсан юм.

Цар тахлаас сэргийлж манай улс хилээ хааснаар 2020 оны эхний хагаст 8.6 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52%-иар буурсан үзүүлэлт юм. Наймдугаар сард 4 сая тонн нүүрс экспортолж, энэ оны эхний найман сарын нийт нүүрс экспортын хэмжээ 15 сая тонн хүрсэн байна. Нүүрсний экспортоос 690 сая ам.долларын орлого олсон ч төсөвт 850 сая ам.долларын орлого алдсан хүндхэн байдлыг даван туулж байгаа юм.

Дэлхийн нүүрсний эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдсээр 8.1 тэрбум тонн хүрчээ. Үүнээс 7 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс, үлдсэнийг коксжих нүүрс эзэлж байна. Олон улсын түвшинд коксжих нүүрсний үнийн хувьд харьцангуй тогтвортой байх бол, хэрэглээ хоёр дахин өснө. Харин эрчим хүчний нүүрсний хэрэглээ тогтвортой байх хандлагатай байгаа аж.

“Дэлхийн нийт 340 сая тонн коксжих нүүрсний экспортын зах зээлийн 10%-ийг Монгол Улс нийлүүлж байна. АНУ-аас 50 сая тонн, Канад 30 сая тонн коксжих нүүрс тус тус экспортолдог. Хэдий тийм ч Монгол дэлхийн нүүрсний зах зээлийн том тоглогчид тооцогддог. Одоо энэ байр сууриа хадгалах нь чухал” гэдгийг “Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Нүүрс ба Ковидын эдийн засаг” сэдэвт уулзалтын үеэр хэлсэн юм.

Дэлхийн нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр Монголын нүүрсний компаниудад 90-100 сая тонн нүүрс олборлож, экспортлох боломж бий. Тухайлбал, хүн ам ихтэй Энэтхэг улс 2019 онд 53 сая тонн коксжих нүүрс импортолсон бол 2025 онд 80 сая тонн хүрч өсөх төлөв гарсан. Энэ нь нүүрсний эрэлт хэтийн төлөвтөө буурах бус улам өсөхийг харуулж байна. Гэхдээ гуравдагч зах зээлд Монгол Улс коксжих нүүрсээ нийлүүлэхэд тээврийн зардал өндөр учир манай улсын коксжих нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэхгүй.  

Өнөөгийн байдлаар, өдөрт Шивээхүрэн боомтоор 600, Гашуунсухайт боомтоор 1000, Булганы боомтоор 100 орчим машин нүүрс тээвэрлэн экспортод гаргаж байна. Автомашинаар тээвэрлэх зардал 20 ам.доллар байгаа бол төмөр замаар тээвэрлэх тохиолдолд зардал 7 ам.доллар хүрч буурна. Энэ нь тээврийн зардалд хэчнээн их хөрөнгө, цаг хугацаа алдаж байгаагийн илрэл гэдгийг Ж.Золжаргал онцолсон юм. Тиймээс урт хугацаандаа тоо биш чанарт шилжих цаг болжээ. Өөрөөр хэлбэл, экспортын тоо хэмжээнд анхаарах бус баяжмал болгож, чанартай, үнэ өртөг өндөртэй нүүрс худалдаалах нь чухал гэсэн санаа юм. Гэхдээ нэн тэргүүнд говийн бүс дэх нүүрсний ордуудад түшиглэсэн Баяжуулах үйлдвэрийн ус хангамж, эрчим хүчийг цогцоор шийдвэрлэх шаардлага тулгараад байна. Манай улсын нүүрсний экспортын гол зах зээл БНХАУ жилд 500 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг ба 60-70 сая тонныг импортоор хангадаг. 2019 онд Хятадын нүүрсний импортын 34%-ийг Монгол Улс, 31%-ийг Австрали, 3%-ийг Канад, 5.4%-ийг ОХУ бүрдүүлжээ.

Л.Номин