Эрдэс баялгийн салбарын төрийн бодлогын түвшинд зохицуулах Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг /2014-2025/ УИХ-аар батлаад зургаан жил болж байна. Уг баримт бичгийн хэрэгжилт дэд хөтөлбөрүүдээр дамжин илрэх учиртай. Тэгвэл одоогоор батлагдсан ганц хөтөлбөр нь “Алт-2” бөгөөд 2017 оны эцсээр 76.59%-ийн хэрэгжилттэй гэж салбарын яам дүгнэж байжээ. Хэдийгээр хэрэгжилт ийм дүнтэй байгаа ч 2020 онд алт олборлолтын хэмжээг 25 тонн хүргэх зорилтыг “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан. Хэрэв Гацууртын ордыг ашиглалтад оруулсан бол энэ дүнгээс ч давж биелэхээр байлаа хэмээн шинжээч Ц.Мөнхцэнгэл ярьж байна. Тэрээр “Алт-2” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан Засгийн газраар батлуулах хүртэл ажилласан салбарын яамны голлох мэргэжилтнүүдийн нэг юм. Түүнтэй The Mongolian Mining Journal-ийн тоймч, сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Заамарын бүсэд тоосонцор алт их байгааг тодорхойлсон. Тоосонцор алтад мөхлөгийн хэмжээ нь 0.25 мм бага ширхэгтэй алтыг тооцдог
Таныг геологич инженер мэргэжилтэй гэж сонссон юм байна. Эхлээд өөрийгөө танилцуулна уу?
Би 1979 онд Улаанбаатар хотын нэгдүгээр сургуулийн тоо физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэсэн. Уг нь цөмийн физикч, математикч болъё гэж бодож байсан ч санамсаргүй тохиолдлоор геологи руу орчихсон юм. Аав маань эм зүйн багш байсан учраас багаасаа хөдөө эмийн ургамалд дагаж явдаг байлаа. Энэ нь байгалийн сонин тогтоц, эрдэс чулуу судлах нэг шалтгаан болсон гэж боддог. Ингээд 1979 онд ЗСБНХУ-ын Азербайжаны нийслэл Бакугийн Улсын их сургуулийн геологи-газар зүйн факультетийн ашигт малтмалын эрэл хайгуулын геологи инженерийн ангид элсэж таван жил суралцсан. Азербайжан бол бүхэлдээ нефтийн орон. Тэнд нефтийн талаар хүссэн хүсээгүй мэдлэгтэй болдог юм билээ. Хичээлийн завсарлагааны цагаар багш нар маань нефтийн эрэл, хайгуулын ажлын онцлог, туршлагаа л ярьдаг байсан. Үйлдвэрлэлийн дадлагаа бид Кавказын уулын нуруунд хийдэг байлаа. Маш өндөр ууланд хамгийн хүнд хүчир ажилд дайчлагдана. Манай Алтай Таван богд шиг ууланд бартаат замаар 20 км явж байж очино. Өдөр болгон өндөр ууланд явган явдаг болохоор маргааш яаж ажилдаа гарнаа гэж зүрхшээх үе олон байсан. Ингээд оюутны хээрийн үйлдвэрлэлийн дадлагын ажлаа жил дараалан гүйцэтгэсний үр дүнд амжилттай хамгаалан инженер геологичийн диплом өвөртлөн сургуулиа төгсөн 1984 онд БНМАУ дахь Олон Улсын Геологийн Экспедицид хуваарилагдсан юм. Геологич-инженер болоход энэ бүхэн маань их туршлага, эрдэм мэдлэгийн суурь болсон гэж боддог.
“Монголросцветмет” нэгдлийн “Шижир Алт” уурхайгаас ажлын гараагаа эхлүүлсэн байх аа?
Тийм ээ. Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл болон “Шижир Алт” ХХК-ийн харьяа Заамарын алтны үйлдвэрийн уурхайд ажиллахаас өмнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Батширээт, Биндэр, Төв аймгийн Мөнгөнморьт зэрэг сумдын нутагт геологийн 1:50 000 масштабын ерөнхий эрэл зураглал, эрэл, хайгуулын ажлыг арван жил хийсэн. Тухайн үед Олон Улсын Геологийн Экспедицийг байгуулсан Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн Гишүүн орнууд Монголд жил бүр буцалтгүй тусламж үзүүлдэг байсан болохоор хангамж сайтай, тухайн үедээ машин техник болон судалгааны иж бүрэн тоног төхөөрөмжтэй байдаг байлаа. Миний хувьд геологийн зураглал, эрэл, хайгуулын бүх шатны төрөлжсөн ангиудаар явж ажлын гараагаа эхэлсэн.
Зах зээлийн харилцаа Монголд үүсэн англи хэлтэй геологичдыг тэр үед шилж сонгон Америк руу сургуульд тэтгэлгээр явуулдаг үед хоёр ч удаа шалгарсан боловч надаас хамаарахгүйгээр суралцах боломжоо алдсан удаатай.
Үүний дараахан “Монголросцветмет” үйлдвэрийн Заамарын алтны уурхайд ахлах геологич шалгаруулж авна гэсэн “Ардын эрх” сонины зарыг олж үзээд тэр дагуу явж очлоо. Зар дээр геологичийг зах зээлийн үнэлгээгээр цалинжуулна гэсэн нь миний анхаарлыг их татсан л даа. Зах зээлийн хүнд хэцүү цаг дөнгөж эхэлж байсан үе болохоор залуу геологич бидэнд том аз завшаан. Х.Бадамсүрэн захирал Заамарын алтны үйлдвэрийн уурхайн удирдлагад ажиллах ерөнхий мэргэжилтнүүдийг үндэсний боловсон хүчнээр хангах бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавьж ажилласан юм билээ. Тэр үед Заамарын алтны үйлдвэрээс бусад “Монголросцветмет” нэгдлийн уурхайнуудад геологийн албыг дан ганц орос мэргэжилтнүүд удирдан явуулж байсан. Тиймдээ ч орос хэлний мэдлэг сайтай, тайлангаа оросоор биччихдэг, илтгэл тавих чадвартай хүмүүсийг шалгаж авахад миний бие тэнцсэн хэрэг.
Намайг 1995 онд очиход “Шижир Алт”-ны уурхай дөнгөж байгуулагдаж байсан. Энэ үйлдвэрийг асар богино хугацаанд ашиглалтад оруулсан.
Оросуудын шаардлага их хатуу, хийж байгаа ажлаа заавал нотолгоотой танилцуулах ёстой. Ер нь оросууд бодитой үр дүнд их дуртай. Шинжлэх ухаанд үндэслэсэн бүрэн нотолсон дүгнэлтүүдэд орос ах нар юу ч хэлдэггүй хүлээн зөвшөөрдөг байсан. Асар их хөрөнгө мөнгө эргэлдсэн уурхай гэдэг утгаараа буруу тооцоо хийвэл үйлдвэрлэлд маш том алдаа гарах эрсдэлтэй. Тэр байтугай уурхайг дагаад хот тосгон байгуулагдаж, хоёроос гурван мянган хүн амьдарч байсан учраас хариуцлага их өндөртэй ажилладаг байлаа. Шороон ордод газрын доор ганцхан метрээс эхлэн 10 см хүртэл зайд өөрчлөлт нэлээд явагдсан байдаг. Тийм болохоор дээжлэлтийг их анхаарна. Дээжлэлт хийж байж итгэл төрнө. Геологийн ямар нэгэн хүндрэлтэй асуудал гарлаа гэхэд би заавал өөрийн биеэр очиж шалгадаг байсан. Залхуураад хүн явуулах юм бол тэр нь алдаа болдог. Геологид туршлага маш чухал. Ер нь туршлага онолыг эвддэг.
2005 онд Та Москвад дэд докторын зэрэг хамгаалсан. Ямар сэдвээр хамгаалсан бэ?
“Заамарын ордын геологийн тогтоц, тэдгээрийн ашиглах явцад үүссэн үүсмэл овоолго дахь алтны нөөцийн үнэлгээ” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан. Энэ нь бас сонин түүхтэй. 1999 оны үеэс Москвагийн Геологи, Хайгуулын Их сургуулийн багш нар Толгойтын болон Заамарын алтны ордууд дээр тоосонцор алтны судалгаа хийж эхэлсэн. Ингээд Заамарын бүсэд тоосонцор алт их байгааг тодорхойлсон. Тоосонцор алтад мөхлөгийн хэмжээ нь 0.25 мм бага ширхэгтэй алтыг тооцдог юм. Ингээд Заамарын бүс нутгийн судалгааны ажилд Оросын эрдэмтэн багш нартай хамтран ажиллаж эхэлсэн. Москва хотод 2000 онд тоосонцор алт судлах орчин үеийн аргачлалаар мэргэжил дээшлүүлсэн. Үүний дараа хүссэн хүсээгүй Заамарын алтны шороон ордын тоосонцор алтыг цаашид бие даан үргэлжлүүлэн судлах болсон юм. Тэр үед Заамарын алтны үйлдвэрийн ажиллагсдаас Төрийн захиргаа, удирдлагын академиас ажлын байрны тодорхойлолтод тэнцэх эсэхийг хэд хоног шалгасны эцэст шалгалтын комиссоос надад онцгойлон “Чи докторт бэлтгэгдсэн хүн байна” гэж хэлж билээ. Урам орж 2001-2005 онд бүтээлээ боловсруулан бэлтгэж Москвагийн Геологи Хайгуулын Их сургуульд эрдмийн зэргээ өндөр үнэлгээтэй хамгаалсан. Уран болон үнэт металын салбарын Оросын тэргүүлэх зэргийн эрдэмтэн геологич, академич, сайн багшийн дор судалгаагаа хийж ажилласан даа. Эрдмийн ажлын судалгааны ач холбогдол их л дээ. Алт олборлолт баяжуулалтын явцад тоосонцор нарийн ширхэгтэй алт юунаас болж хаягддаг, тэдгээр нь алтны ширхэглэлийн хэлбэр хэмжээтэй хэрхэн хамааралтай болох, алт ялган авах баяжуулалтын технологийн шийдлийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх, алтны уурхайн насжилтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг гаргаж тавьсан. Одоо ч гэсэн Монгол орны алтны үүсмэл ордын талаар шинжлэх ухааны бүтээл туурвихаар судалгаагаа үргэлжлүүлэн явуулж байна.
“Алт-2” хөтөлбөрийн тооцоо судалгаагаар бол хөтөлбөр хэрэгжих дөрвөн жилийн хугацаанд 81 тонн алт олборлох ёстой
Татварын Ерөнхий газарт эрдэс баялгийн татварын хэлтэст нэг хэсэг ажилласан санагдаж байна. Энэ хэлтсийн гол зорилго юу байв?
Татварын байгууллагын түүхт 100 жил болох онд Татварын ерөнхий газраас англи хэлний мэдлэг, геологич ажил мэргэжлийн хүмүүсээс шалгалт авч эхэлсэн юм даг. Дэлхийн банкны зөвлөхүүд мэргэжлийн хүмүүс авч ажиллуулах зөвлөмж өгсөн юм билээ. Монголын уул уурхайн ихэнх орлого Татварын Ерөнхий Газрын Улсын төсвийн орлого хяналтын газраар дамждаг. Түүнд нь хяналт тавина, хяналт шалгалтад мэргэжлийн зөвлөмж өгнө. Зөрчлүүдийг ч тухайн үед нь илрүүлдэг байсан. Том том гэрээнүүдэд бас дүгнэлт гаргадаг байсан. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх татварын тооцооллыг хийдэг байлаа. Австрали улсад татварын байгууллага эрдэс баялгийн салбарын томоохон аж ахуйн нэгжид хэрхэн татварын хяналт явуулдаг талаар сургалтад хамрагдан санал солилцож явлаа. Ингээд төрийн жинхэнэ албан хаагч болохын тулд 2013 онд Уул уурхайн яамнаас зарласан төрийн албаны шалгалтад тэргүүлэн шалгарч орж ажилласан. Тухайн үед Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг УИХ-аар батлагдах шатандаа явж байсан. Төдөлгүй алтны татварын 2.5%-ийн хөнгөлөлт 2014 онд орж ирсэн. Бидний хийж гүйцэтгэсэн хамгийн чухал ажил бол “Алт-2” үндэсний хөтөлбөрийг батлуулсан явдал. Энэ хөтөлбөрийн батлуулах үйл явц их хүнд, хэцүү байлаа. Алт үйлдвэрлэгчдийн холбоо хүртэл уг хөтөлбөрийг шүүмжлээд, алтны салбарынхан ч сайн ойлгож өгөхгүй хэцүүхэн байсан даа. Хөтөлбөрийг зөвхөн салбарын яам хариуцдаг байсан ч бид Байгаль орчны яамтай ойлголцож хамтран ажиллаж чадсан л даа. Байгаль орчны яам, Сангийн яам, Монгол банк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нэгдэн нэг Ажлын хэсэг байгуулж байж хөтөлбөрөө батлуулсан. Монголбанкныхан хөтөлбөрийн хэрэгжилтэд маш их хичээж зүтгэж, уриалж манлайлсан. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд ганц батлагдсан зорилтот хөтөлбөр нь “Алт-2” үндэсний хөтөлбөр болж байна.
Хууль, эрх зүйн орчныг сайжруулах, алтны нөөц болон олборлолтыг нэмэгдүүлэх, технологийг сайжруулах, боловсруулалтын түвшинг ахиулах зэрэг таван гол зорилт уг хөтөлбөрт багтсан.
Байгаль орчин, нөхөн сэргээлт, бичил уурхай гээд олон асуудлыг зохицуулахаар мөн тусгасан байгаа. Тооцоо судалгаагаар бол хөтөлбөр хэрэгжих дөрвөн жилийн хугацаанд 81 тонн алт олборлох ёстой. Уг нь бол алтны үндсэн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтын хүрээнд Гацууртын ордыг ашиглах том концепц байсан. Гацууртын ордыг ашигласан бол хөтөлбөрийн хэрэгжилт давж биелэхээр байлаа. Гацуурт дээр булш байж болно, гэхдээ тэнд судлын орд л байгаа шүү дээ. Хатуу чулуун дотор булш байх уу гэдэг бас л эргэлзээтэй асуудал. Манай зарим хүмүүс алтны үндсэн орд дээр цианит ашиглахад дургүй байдаг. Дэлхийн хэмжээнд алтны үндсэн ордын хүдрийн боловсруулалтын 80%-д цианитыг өргөнөөр хэрэглэдэг. Гэтэл цианит бидний өдөр тутмын хэрэглэдэг жимс болон ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Цианит нэг дор төвлөрөхөөрөө хортой. Цианит нь химийн нэгдэл учраас үйлдвэрлэлд ашигласны дараа задалж хоргүйжүүлэх боломжтой. “Бороо гоулд”-ыг мышьяк их ялгарууллаа гэлцдэг. Мышьяк буюу хүнцэл нь тариалангийн талбайн хорт шавьжийг устгахад ашиглагддаг бодисын гол түүхий эд. Гол нь цианит, мышьякийг боловсруулж ашиглахдаа тунг нь тааруулах, тэдгээр бодисын агуулгын найрлагын хяналтын системийг бүрдүүлж ажиллах шаардлагатай байгаа юм.
Алт бол байгаль дээр химийн төлөвөөрөө дангаараа оршдог, борлуулах гэж зах зээл хайх шаардлагагүй валют болдог үнэт метал. Тэр утгаараа стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын тоонд зүй ёсоор орох ёстой. Гэтэл эсрэгээрээ алтны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудал маш ихээр орхигдож байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар нүүрсний салбараас олон төрсөн байдаг бол алтны салбарт хөлсөө дуслуулсан мэргэжлийн ажилчид, ажиллагсдаас хөдөлмөрийн баатар, гавьяат төрөөгүй л байна. Хамгийн чухал салбар гэдэг мөртлөө төрийн бодлогын түвшинд анхаарлын гадуур байдаг.
Алтны салбар яагаад нэр хүнд тийм сайн биш байна гэхээр мэргэжлийн хүмүүсийн удирдлагын дор ашиглалт явуулаагүйтэй холбоотой. Овоолго болон хонхорхой үүсгэж үлдээсэн байна гэдэг ашиглалт буруу явагдаж ирсэн л гэсэн үг шүү дээ.
“Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө хэр биелэлттэй байна вэ?
2017 онд “Алт” хөтөлбөрийн хэрэгжилт 80%-тай гэж гарч байсан. Тэгэхээр биелэлт ямархуу түвшинд байгаа нь харагдах байх. u
Энэ хөтөлбөрт 5 зорилт дэвшүүлж, эдгээр зорилтын хүрээнд 43 үйл ажиллагааг ойрын болон дунд хугацааны 2 үе шаттайгаар 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тусгасан. Гэхдээ нэг сонин зүйл нь манай улсад Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль дөрвөн жилээр хэрэгждэг. Алтны салбарт хайгуулын ажлыг эрчимжүүлье гэхээр энэ хуулиндаа захирагддаг. Уг нь бол хайгуул урт хугацааны бодлогоор явах ёстой юм. Сүүлийн жилүүдэд алтны салбарын хууль эрх зүй, татварын орчин сайжирснаар алт тушаалтын болон экспортын орлого тогтвортой өссөн дүн мэдээ бий. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр олон талын байгууллагууд хамтарч ажиллах үүд хаалга нээгдсэн. Тодруулбал хөтөлбөр хэрэгжихээс өмнөх онуудад алтны санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэж байгаагүй. Тэгвэл энэ асуудал тодорхой хэмжээнд шийдэгдсэн. Мөн алтны геологийн сэдэвчилсэн судалгааны ажлыг Монгол орны төв болон зүүн бүсийн нутаг дэвсгэрт эхлүүлсэн гээд сайн талууд мэдээж бий.
Алтны нөөцөө нэмэгдүүлж чадаж байгаа юу? Хэчнээн хэмжээний нөөц бүртгэгдсэн байдаг вэ?
Судалгаагаар Монгол орны нутаг дэвсгэрт хүдэржилт агуулсан 7 муж, металогенийн 25 бүс, дан алтны болон алт агуулсан хүдрийн 70 дүүрэг тогтоогдсон байдаг. Өнөөдөр Монгол Улсын алтны нөөц, баялаг 3000 орчим тонноор үнэлэгддэг. Харин алтны үйлдвэрлэлийн хувьд сүүлийн үеийн статистик мэдээллээр дотоодын нийт бүтээгдэхүүний 2.7%, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн 9.8%, экспортын орлогын 9%-ийг тус тус эзэлж байна.
Ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөн ном ёсоороо хийгдэхгүй байна гэж Та шүүмжилдэг. Одоо ч байдал энэ хэвээр байна уу?
1999 оноос өмнө уулын ажлын тайланг Улсын геологийн санд хүлээж авдаг байсан. Тайланг хүлээж авахад нөөцийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн баталгаажуулдаг байлаа. Улсын геологийн санд 2000 оны үед Ашигт малтмал, газрын тосны газарт шилжиж ирсэн үеэс уулын ажлын тайлан хүлээж авах журамд өөрчлөлт орсон. Дэлгэрэнгүй харуулдаг байсан нөөцийн хөдөлгөөний бүртгэлийг өөрчлөн зөвхөн ганцхан хүснэгтээр гаргадаг болсон доо.
Тэр үед нөөцийн хөдөлгөөнийг хийхдээ тухайн жилийн олборлолтод хамрагдсан нөөцийн блокийг тус бүрээр оны өмнөх болон эцсийн үлдэгдлээр нарийвчлан гаргадаг байсан биз дээ?
Ингэж өөрчлөлт оруулснаар тухайн ордын жил бүрийн уулын ашиглалтын баримтжуулалт, блок нэг бүрийн ашиглалтын байдал, нөөцийн үлдэгдлийг бодитоор тогтоох боломжгүй болгосон л доо. Өөрөөр хэлбэл, ордын ашиглалтын байдал нөөцийг эмх замбараагүй болгож, хянах боломжийг алдагдуулсан гэж хэлж болно. Хэрэв уулын ажлын тайланг өмнөх хэлбэрээрээ авч байсан бол Геологийн мэдээллийн төвд уулын ашиглалт болон нөөцтэй холбоотой эрдэм шинжилгээ, судалгаа, шинжлэх ухааны ач холбогдолтой эрэлт хэрэгцээтэй түүхэн бодит үнэт материалууд хуримтлагдах байлаа. Гэтэл энэ тайлан зөвхөн ач холбогдол багатай үнэмшил багатай хүснэгтэн мэдээлэл төдий болж хадгалагдаж байна.
2000 оноос хойш ордын ашиглалтад нөөцийн хөдөлгөөн зөв хийгдээгүй гэж мэргэжилтнүүд шүүмжилдэг шүү дээ?
Тийм ээ. Монгол орны хэмжээнд ордын нөөцийн балансын тэнцэтгэл ашигт малтмалын төрөл тус бүрээр нэгтгэгдэж чадаагүй. Нөөцийн хөдөлгөөн хийгдэж уулын ажлын тайлангаар баталгаажуулагдсан боловч өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд алтны нөөц тогтоогдсон ордуудын үлдэгдэл нөөц тодорхойгүй хэвээр байсаар байна. Мөн нөөцийн хөдөлгөөний бүртгэлийн хөтлөлтийн өнөөгийн байдал, хяналт сул байдлыг ашиглан зарим аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийдэг. Ингэж далд эдийн засагт шилжиж байгаа нь алтны нөөцийн хөдөлгөөний бүртгэлийг бодит байдлаас зөрүүтэй болгож байгаа.
Таны бодлоор алтны салбарт ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх нэн шаардлагатай ажлууд юу байна вэ?
Юуны түрүүнд “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын гүйцэтгэлд салбарын зүгээс үнэлэлт өгөх, нөөц тогтоогдсон алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулахад үүсээд байгаа хүндрэлтэй нөхцлийг тодруулж бодит шийдвэрийг гаргах, алтны метал авалтын түвшинг сайжруулах шаардлагатай.
Монгол Улсын хэмжээнд ашиглаж дууссан болон ашиглаж эхэлсэн алтны ордын ашиглалтын нөөцийн хөдөлгөөн, үлдэгдэл нөөцийн байдалд тооллого явуулах хэрэгтэй. Нөөц дутаасан аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргаж хуулийн хариуцлага тооцмоор байгаа юм. Мөн уулын ажлын тайлан дахь нөөцийн хөдөлгөөний бүртгэлийг нэгдсэн стандартад оруулж, журмыг нь шинэчлэх шаардлага бий. Түүнчлэн нөөцийн хөдөлгөөний тайланг жил бүр гаргах эрх үүргийг тодотгож өгөх хэрэгтэй. Тайлан гаргаагүй нөхцөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг түдгэлзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж хэлье.
Ярилцсан Танд баярлалаа.