Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Удоканы УБҮ-ийн барилга угсралтын эхний шат дуусч байна

Оросын зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг түшиглэн байгуулж буй уулын баяжуулах үйлдвэрийн (УБҮ) барилга угсралтын ажлын явцын талаар “Байгалийн уул уурхайн компани” компани мэдээлжээ. Тодруулбал, хүдэр баяжуулах гидрометаллургийн технологид ашигладаг урвалж бодисыг хадгалах, бэлтгэхэд шаардлагатай байгууламжийн барилга бэлэн болсон байна. Энэхүү барилгын ажлыг 2019 оны арванхоёрдугаар сард эхэлсэн аж. “Байгалийн уул уурхайн компани” компанийн Ерөнхий захирал Герман Миронов "Одоо хүдэр бутлах тоног төхөөрөмж суурилуулсан байгууламжийн дээвэр, угсралтын ажил дуусч байна. Флотацийн хэсгийн угсралтын ажил 40%-тай байгаа"-г мэдэгджээ. Түүний хэлснээр, 2020 оны сүүлч гэхэд боловсруулах үйлдвэрийн бүх байгууламжийн угсралтын ажил бүрэн дуусах юм.

Төслийн талбайд, хүдэр бутлах эхний тээрмийг угсарч, хүдрийн агуулахад метал хийц суурилуулах бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн байна. Мөн 50МВт хүчин чадалтай дэд станцыг байгуулах, эрчим хүчинд холбох цогц ажил хийгджээ. Ойрын хугацаанд эрчим хүчний хоёр дахь блокийн дэд станцыг байршуулахаар төлөвлөжээ. Энэ нь ирээдүйд үйлдвэрийн эрчим хүчийг 146МВт-аар нэмэгдүүлэх аж. Барилгын талбайд 2.2 мянга гаруй хүн ажиллаж байгаа юм байна.

Оросын Удоканы ордын төсөл нь Хятадын зах зээлд Монголын Оюутолгойтой өрсөлдөхүйц ач холбогдолтой гэж манай зарим мэргэжилтнүүд үздэг. 1949 онд Забайкальск хязгаарын Чита мужийн нутаг дэвсгэрт нээн илрүүлсэн уг ордыг оросууд эдийн засгийн эргэлтэд оруулахаар олон жил ярьж ирсэн.

Нийт 26.7 сая тонн зэсийн нөөцтэй энэхүү ордыг ашиглах бэлтгэл ажил 2019 онд эхэлсэн юм. Ордод түшиглэн жилд 36-45 сая тонн хүдэр боловсруулж, 474 мянган тонн катодын зэс, дагалдах 277 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай УБҮ байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, үйлдвэрийн суурийг тавьсан. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн бөгөөд эхний ээлжинд, тус бүр 6 сая тонн хүчин чадалтай хоёр тээрмийг ашиглалтад оруулах аж. Удоканы УБҮ-ийн эхний ээлж 2022 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй.

Удоканы ордын төслийн нийт өртөг 2.9 тэрбум ам.доллар юм.  Уг төсөлтэй холбоотойгоор 2019 онд Оросын “Газпромбанк”, ВЭБ болон “Сбербанк” зэрэг банкууд нь “Байгалийн уул уурхайн компани”-тай 1.79 тэрбум ам.доллар синдикат зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн санхүүжилтийг ВЭБ банкнаас 490 сая ам.доллар, “Газпромбанк” болон “Сбербанк”-аас тус бүр 650 сая ам.долларыг олгоно. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 12 жил аж. Энэхүү төсөл нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилга болох тэргүүнд хөгжүүлэх газар нутгийн нэг (территория опережающего развития – ТОР) “Зайбайкаль” хөтөлбөрт багтсан юм.

Э.Од
   
  
 
 
 
     
 

Сэтгэгдэл (1)

  • Цэрэндулам-99565918 (192.82.64.227)
    Холбоо барих дугаараа үлдээнэ үү.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах