Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Улаанбадрах суманд цацраг идэвхт хордлого бүртгэгдээгүй

Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаа явуулж буй Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь туршилтын үйлдвэрийн орчмын талбайд шинжилгээ хийсэн Ажлын баг (2020.10.05) дүгнэлтээ танилцуулжээ. 

Ажлын хэсгийг Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл ахлан ажиллаж, хүн, малын эрүүл мэндийн судалгааны ажлыг сар гаруй хугацаанд хийсэн байна. Нийт 296 дээж авч улсын лабораториудад шинжилснээр “Дорноговь аймагт хүн, малын эрүүл мэндийн чиглэлээр онцгой нөхцөл байдал тогтоогдоогүй" гэсэн дүгнэлт гарчээ. 

Шинжилгээний хариуны талаар Ажлын багийн ахлагч болон Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Э.Нямдаваа “Улаанбадрах сумын нутаг дахь тус бүсэд эрдэсжсэн уран их байдаг. Тиймээс ураны цацрагийн хэмжээ зарим цэг дээр их. Гэвч тэр цэгээс 10-100м холд цацраг нь байгалийн, энгийн хэмжээндээ очиж буурдаг. Иймээс иргэд, малын эрүүл мэндэд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсээгүй. Гэхдээ зарим булгийн усыг унданд удаан хэрэглэх нь эрсдэлтэй тул цэвэршүүлэн хэрэглэх шаардлагатай. Улаанбадрах, Зүүнбаян сумын өвчлөлийн хэмжээ аймгийн дундажтай адил байна. Цацраг идэвхт бодисын хордлогод өртсөн тохиолдол илрээгүй” хэмээн мэдэгдсэн байна. 

Мал эмнэлгийн газарт албан ёсоор олон хөлтэй төл төрсөн талаар мэдээлэл ирээгүйг Ажлын хэсгийн зүгээс мэдэгджээ. 2020 онд хоёр удаагийн ургийн гажиг төрөлт илэрсэн нь цацрагаас болоогүй гэсэн дүгнэлтийг танилцуулсан байна. Дорноговь аймгийн төлийн гажиг бусад аймгуудтай адил. Уранаас шалтгаалж ургийн гажиг төрж байгаа нь тогтоогдоогүй. Гэхдээ цаашдаа урт хугацаанд судалах аж.  


Э.Од