Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монголын Өрөмдлөгийн Холбоо ахмадуудаа хүлээн авч уулзав

Монголын Өрөмдлөгийн Холбоо өрөмдлөгийн салбарын ахмадууд, алдартнуудаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Жил бүрийн сар шинээр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү уулзалт дэлхий нийтийг түгшээгээд байгаа  “Ковид-19” цар тахлын улмаас хойшлоод байсан юм. Гэсэн хэдий ч холбооны зүгээс  уулзалтыг  аравдугаар сарын 1-нд тохиосон Олон улсын ахмадын баяртай холбогдуулан  зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Өрөмдлөгийн  цогц үйлчилгээ, судалгаа шинжилгээний  үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Дриллинг”  компанийн байранд болсон тус уулзалтад Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Сүрэнхүү, Монголын Үндэсний Геологийн албаны дарга О.Чулуун, Байгаль орчны гавьяат ажилтан Ч.Ганболд, Гавьяат уурхайчин М.Баян, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор, туйл судлаач Л.Дүгэржав нарын олон  ахмадууд, тус салбарын эрдэмтэн судлаач, багш нар, яам агентлаг, компанийн төлөөллүүд оролцов.

Монголын Өрөмдлөгийн Холбооны Гүйцэтгэх захирал, доктор профессор, өрмийн зөвлөх инженер Ж.Цэвээнжав уулзалтын эхэнд  тус холбооны зүгээс энэ онд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар товч дурдаж,  салбарын ахмадуудын сэтгэгдлийг сонссон юм.  2016 онд 20 жилийн ойгоо тэмдэглэсэн Монголын Өрөмдлөгийн Холбоо нь  геологийн салбарыг татан буулгасан,  улсын хэмжээнд өрмийн асуудлыг зангиддаг яам ч байхгүй үед М.Наранбаатар, Ж.Цэвээнжав, Л.Дүгэржав нарын өрмийн инженер, багш нарын оролцоотойгоор байгуулагдсан түүхтэй.

Өмнөх жилүүдийн уулзалтыг “Дун-Эрдэнэ”, Нэмнэ Овоо”, Элгэн”, Эпирок”, “Мэйжор Дриллинг” компаниуд ивээн тэтгэж, ахмадууддаа хүндэтгэл үзүүлжээ.  

 

Г.Идэр