Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголын нүүрсний экспорт шинэ дээд амжилт тогтоолоо

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын нийт гадаад худалдааны эргэлт 9.1 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Энэ дотроо экспорт 5.15 тэрбум ам.доллар, импорт 3.93 тэрбум ам.долларыг бүрдүүлжээ.

Тодруулбал гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.5 тэрбум ам.доллар буюу 13.9%-иар буурсан байна. Харин экспорт 13.4% ($799 сая), импорт 14.6% ($671 сая)-иар тус тус багасчээ.  

Эрдсийн экспортын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн есдүгээр сард нүүрсний экспортын үзүүлэлт огцом өссөн байна. Сарын дүнгээр авч үзвэл есдүгээр сард 4.65 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. 2019 оны наймдугаар сард 4.12 сая тонн нүүрс экспортолсон нь дээд үзүүлэлтэд тооцогдож байсан юм. “Ногоон гарц” түр журмыг өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлснээр нүүрсний худалдаа мэдэгдэхүйц нэмэгдэх болсон билээ.

Эх сурвалж: ГЕГ

Хэдийгээр есдүгээр сард нүүрсний экспорт огцом өссөн ч оны нийт дүнгээрээ нүүрсний гадаад худалдаа 19.8 сая тонн буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 31%-иар доогуур байгаа юм. Орлогын дүнгээр нүүрсний экспорт 1.47 тэрбум ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 960 сая орчим ам.доллар буюу 39.4%-иар бага байна.

Зэсийн баяжмал оны эхний есөн сарын байдлаар эрдсийн экспорт дундаа орлогын дүнгээр хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Мөн хугацаанд манай улс нийт 1.02 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 1.17 тэрбум ам.долларын орлого бүрдсэн байна. Гэсэн ч энэ нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 4.3%, үнийн дүнгээр 18%-иар тус тус буурсан үзүүлэлт юм.

Алтны экспорт оны эхний есөн сарын байдлаар 20.2 тоннд хүрсэн бөгөөд орлогын дүнгээр 1.17 тэрбум ам.доллараар илэрхийлэгдэв. Есдүгээр сард манай улс нэмж 300 гаруй кг алтыг 19.6 сая ам.доллараар гадагш нь борлуулсан байна. Эрдсийн экспорт дундаа алтны худалдаа хамгийн өсөлттэйд тооцогдож байгаа билээ. Алтны экспортын орлого есдүгээр сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 822 сая ам.доллараар өссөн нь экспортын бууралтыг багасгаж байна.

Өсөлттэй борлуулалт бүхий түүхий эдээр алтнаас гадна төмрийн хүдэр тооцогдоно. Төмрийн хүдрийн ханш дэлхийн зах зээлд өсөлттэй байгаа нь уг түүхий эдийн худалдаа эерэг гарахад нөлөөлж байна. Төмрийн хүдрийн экспорт тайлант хугацаанд 6.25 сая тонн буюу 463.3 сая ам.доллараар илэрхийлэгдлээ. Энэ нь уг түүхий эдийн гадаад худалдаа биетээр 2%, үнийн дүнгээр 10%-иар тус тус өссөнийг харуулна.

Бусад эрдсийн экспортын тухайд бүгд бууралттай байна. Цайр, молибдений экспортын биет хэмжээ харьцангуй өсөлттэй байгаа ч зах зээлд ханш буурсан нь орлогын дүн буурах шалтгаан боллоо.

Эх сурвалж: ГЕГ

 

Б. Төгс