Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголбанк: Ирэх онд эдийн засаг 8.2%-иар өснө

Төв банкнаас УИХ-д өргөн бариад буй Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр (2020.10.09) боллоо. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл нь ирэх онд төв банкнаас дангаараа болон бусад төрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх бодлогын зорилтыг тодорхойлдог үндсэн баримт бичиг юм. Монголбанк 2017 оноос хойш 4 дэх жилдээ уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

Энэ жилийн хэлэлцүүлэгт оролцогчдын санал бодлыг тусгах үүднээс хэлэлцүүлгийнхээ агуулгыг өргөжүүлж, үндсэн хоёр чиглэлд зохион байгуулсан нь өмнөх жилүүдийнхээс онцлог болж байна.

Хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн үг хэлэхдээ ирэх оны эдийн засгийн өсөлтийг 8.2% байхаар тооцоолж буйгаа дуулгалаа. Энэ нь олон улсын байгууллагуудын таамаглалаас харьцангуй өөдрөг хэдий ч хэрэв макро эдийн засгийн бодлогын орчин, төрөөс гаргаж буй шийдвэрүүд уялдаатай гарвал уг таамаг биелэх бүрэн боломжтойг тодотголоо. Мөн тэрбээр төв банк ирэх онд инфляцийг 6%-д барих зорилт дэвшүүлж буй бөгөөд ингэхдээ +/-2%-ийн интервалтай байхаар тогтож буйг тайлбарлалаа. Энэ онд эдийн засаг 2.4%-иар буурна гэж төв банк тооцоолсон. Тодруулбал энэ оны эхний хагаст эдийн засаг 9.7%-иар буурсан бол гуравдугаар улиралд 1%, дөрөвдүгээр улиралд 5.4%-иар тус тус өсч, улмаар оны нэгдсэн дүнгээр өсөлт -2.4%-тай гарахаар байгаа ажээ.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б. Баярдаваа танилцуулж, эдийн засгийн төлөв байдал, ирэх сорилтуудыг даван туулахад төв банкнаас авч хэрэгжүүлэх бодлогын зорилтуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр уул уурхайн салбар оны хоёрдугаар хагаст сэргэж эхэлж буйг онцоллоо. Цаашид зээл олголтын өсөлтийг хангаж ажиллах нь төв банкны зорилт байх болно. Ирэх онд сангийн бодлого болон мөнгөний бодлого нь эдийн засгийг сэргээх чиглэлд хосолж ажиллах дүр зураг харагдаж буйг хэллээ.  

Дараагийн илтгэл Дэлхийн банкны эдийн засагч Б. Даваадалайн “Уул уурхай ба урт хугацааны тогтвортой өсөлт” байв. Энэхүү илтгэлийг Дэлхийн банкнаас манай улсад хийсэн эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааны хүрээнд танилцуулсан юм. Түүний илтгэлд сүүлийн жилүүдэд уул уурхайгаас бусад салбарын өсөлт бууралтын хэлбэлзэл олборлох салбараас ч илүү өндөр байгааг танилцуулсан нь ихээхэн сонирхол татлаа.

Арга хэмжээний хоёрдугаар хэсэг “Эдийн засгийн төлөв ба Мөнгөний бодлого”, “Банк, санхүүгийн салбарын шинэчлэл ба зохицуулалтын орчин” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Үүнд санхүүгийн нарийн мэргэжлийн судлаачид, Монголбанкны бодлогын газрын захирлууд оролцлоо. Тэд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэж оны эхний хагаст 9.7%-иар буураад байгаа дотоодын эдийн засгийг тогтворжуулах, цаашид баримтлах бодлогын гол чиглэлүүдэд төвлөрөн хэлэлцлээ. Тухайлбал “Зээлийн хүү бууруулах стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, банк санхүүгийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэхэд холбогдох эрх зүйн зохистой орчныг бүрдүүлэх ажлуудыг төр, хувийн хэвшил хамтран үр дүнтэйгээр хийх шаардлага тулгарч буйг хөндлөө.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой зорилтуудыг  ирэх оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ.  

Б.Төгс