Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

С.Баяржаргал:  Орон нутгийн уурхайнуудад бодлогын тогтвортой  байдал хэрэгтэй

Орон нутгийн  нүүрсний уурхайнуудад ашиг орлого олох нь чухал  биш,  иргэддээ хамгийн хямд үнэтэй нүүрс нийлүүлж, өвлийн хүйтнийг  өнтэй  давахад нь  бүх талын боломж нөөцөө дайчлан ажилладаг нийтлэг тал бий. Тэд элдэв улс төржилт,  нийгмийн хийрхэл шуугианаас холхон  даруухан  хөдөлмөрлөдөг. Орон нутгийнхаа бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, нийгмийн болоод хариуцлагатай уул уурхайн зарчмаа туг болгон олон олон ажлыг өрнүүлдэг. Эх оронч хэмээгддэг тэдгээр уурхайн нэгэн төлөөлөл  “Хар Тарвагатай”-н уурхайн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэхийг зорьсон юм.  “Хар Тарвагатай” ХК-ийн ТУЗ-ийн дарга С.Баяржаргалыг  The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай  The Miner буланд урьж  ярилцлаа. 

Манай салбарт ухрах эрх байхгүй

“Хар Тарвагатай” нүүрсний ордод  1961 оноос хайгуул хийгдэн хэдхэн жилийн дараа  нь олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үеийн орон нутгийн уурхайнуудын нүүрсийг тэмээ, морин тэргээр зөөвөрлөж байсан гэдэг. Танай уурхайд ч ийм түүх бий. Хэдэн оноос ашиглалт явуулж эхэлсэн бэ?
1961-1963 онд тухайн үеийн Монгол, Болгар, Чех, Оросын хамтарсан олон улсын геологийн  экспедиц БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Аж үйлдвэрийн яамны тушаал, шийдвэрээр баруун аймгуудад хайгуул хийсэн юм билээ. Ингэж   1964 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Хар Тарвагатайн уурхайг нээсэн түүхтэй.

Уурхайн тухайн үеийн нөхцөл байдал хүндхэн байж. Техник технологи хөгжөөгүй учраас анхны олборлолтоо гар аргаар болон морин тэргээр явуулж   1960-аад оны сүүлээс   шинэчлэл хийж эхэлжээ. Улмаар уурхайн үйл ажиллагаа жилээс жилд сайжирсаар 1987-1989 онд оргил үедээ хүрч жилдээ 200 мянган шоо метр хүртэлх уулын цул олборлож байлаа.

Гэхдээ 1990 оноос хойш  хувьчлалын үед уурхайн үйл ажиллагаа доголдох,  зарим нэг тусгай зөвшөөрөл алдагдах, уурхай сэглэгдэх, техник тоног төхөөрөмжүүд нь тоногдох зэрэг төрийн өмчит компаниудад тулгардаг жишгээр хүндрэл нэлээд гарсан. Уурхайд техникийн ямар нэгэн шинэчлэл сүүлийн жилүүдэд нь огт хийгдээгүй байсан. Энэ нь  манай улсын тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай, улсын өмчид хүнийрхүү хандах буруу хандлага тогтсонтой  холбоотой байх. Бид ийм л хүнд нөхцөлтэй уурхайг 1998 онд  хүлээж авсан юм. 

Хэдий  тиймч манай уул уурхайн салбарт ухрах эрх гэж байхгүй. Өөрсдийгөө  эх орны гал голомтыг сахиж байгаа эх орончид шүү гэдэг өнцгөөр харж зүтгэдэг юм.  Тиймдээ  ч уурхайн хамт олонтойгоо эхний хоёр жилийн өвлийг хүндхэн давж байлаа. Тухайн үеийн орон нутгийн уурхайнуудын нөхцөл байдал  нийтлэг  хүндрэлтэй  нүүр тулгарч, тэр бүхнийг давахын тулд нойр хоолгүй зүтгэсэн  цаг саяхан мэт санагдаж байна.

Япон улсын “Жайка” байгууллага, Нүүрсний газартай хамтран 2001 онд  орон нутгийн зургаан уурхайд хэрэгжүүлсэн  парк шинэчлэлийн  төсөлд манай уурхай шалгарч “Катерпиллар” үйлдвэрийн  уулын анхны техникүүдээ хүлээн авсан нь цоо шинэ үйл явдал болж байлаа. Дэлхийн шилдэг техник, технологийг жирийн малчны хүү, монгол залуус эзэмших боломж нээгдсэн хэрэг.  Манай уурхайн хамт олон энэхүү  төслийн зээлээ арав хүрэхгүй жилийн хугацаанд төлж дуусган дараа дараагийн техникийн парк шинэчлэл  хийх сууриа  тавьсан юм.

Тухайн үедээ “Монголын алт”, “Монполимет” зэрэг цөөхөн компани эдгээр техникийг уурхайдаа мөн анхлан нэвтрүүлснээс   хойш өдгөө барууны өндөр техник, технологиуд Монгол Улс, цаашлаад Төв Азийн уул уурхайн салбарыг үсрэнгүй хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

1998 онд Төрийн өмчийн хорооны дуудлага худалдаагаар хувийн хэвшилд шилжсэн цөөн уурхайнуудын нэг нь “Хар тарвагатай”. Хувьчлагдсанаас хойш компанийн удирдлагын зүгээс  ямар өөрчлөлтүүд  хийгдсэн бэ?
1995-2009 оны  хэрэгжүүлсэн Засгийн газрын өмч хувьчлалын хөтөлбөрийн явцад мэдээллийн технологийн цоо шинэ аргаар явуулсан  битүүмжилсэн дуудлага худалдааны нэг нь манай уурхайн хувьчлал байлаа. Энэхүү хувьчлал нь өмч хувьчлалын дараагийн он жилүүдэд амжилттай явагдаж, үр шимээ улс, орон нутагт хүргэж буй цөөнгүй хувьчлалын нэгэн сайхан түүх болж байгааг Төрийн өмчийн хороо 2014 онд үнэлэн  манай хамт олныг өргөмжилсөн юм.

Уурхайг хувьчлалаас хойш одоо хүртэл удирдан Ерөнхий захирлаар нь ажиллаж буй миний аав, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Сурмаажав бол уурхайн ашиглалтын мэргэжлээр дотооддоо төгссөн анхны төгсөгчдийн нэг.

Сүүлийн хорь гаруй жилд Монголын уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, урьд өмнө байгаагүй технологийн хүчтэй урсгал орж ирсэн. Ажиллах хүчин, тэдний мэдлэг, ур чадварын тал дээр ч өсөлт гарч байна?        
Орон нутгийн уурхайн ажиллах хүчин  хэдийгээр 1998 онд уурхай хувьчлагдах хүртэлх 8 жилийн хугацаанд нийгмийн шилжилт явагдсан ч социализмын үеийн бүтэц нь хэвээрээ байсан. Социализмын сэтгэлгээнээсээ салаагүйн дээр  нийтийн өмч, хувийн өмчийн талаарх ойлголтын зааг ялгаа байхгүй, улсын өмчид хүнийрхүү ханддаг явдал их байсан л даа. Бидэнд тулгарсан хамгийн эхний бэрхшээл бол олон, цөөн ажилтантай байна гэхээсээ хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулахад эхний арван жилээ зарцуулах шаардлага гарсан. 

Энэ зорилтоо  ч биелүүлсэн гэж боддог. Ер нь орон нутгийн нүүрсний уурхайн орлого тийм ч их биш, орлогодоо захирагдаж үйл ажиллагаа явуулахаас аргагүй байдаг. Санхүү эдийн засгийн боломж нь ч хязгаарлагдмал. Тиймээс ажилчдаа чадваржуулах ажлыг дараагийн арван жилдээ шийдсэн. Боловсон хүчний шинэчлэл хийх үед ажилчдын нэг хэсэг нь  ахимаг настай, шинэ залуусыг эхнээс нь сургах ажил тулгарч байлаа. Одоог хүртэл ажилчдаа чадваржуулж, сургасны хүчинд өнөөдөр бид мэргэжлийн ажилчидтай, чадварлаг, туршлагатай хамт олон болон өсч өндийж байна.

Хар тарвагатайн уурхайн нүүрсний нөөцийг  23 сая орчим тонн гэсэн мэдээлэл олон жилийн өмнө гарч байсан. Өнөөдрийн бодитой тогтоосон нөөц хэд вэ?
Уурхай ашиглалтад орсноос хойш 25 орчим сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоосон. Энэ нь орон нутагт  багагүй тоо мэт боловч ордын хувьд тийм ч их нөөц биш. Хязгаар   нутгийн   уурхайнуудын гол зорилго нь бүс нутгийн  сум, хөрш зэргэлдээ аймгуудын нүүрсний хэрэгцээг хангахад чиглэдэг. Тийм ч учраас жилийн хэрэгцээ, борлуулалтын хэмжээ нь харьцангуй бага. Мэдээж   нэмэлт  хайгуул хийж, нүүрсний нөөцөө өсгөх ажлууд хийж байгаа.

Уурхай болгоны байгалийн тогтоц, геологийн нөхцөл нь янз бүр. Танай уурхай уулын бүсэд оршдог учраас нүүрс тээврийн зам харгуй талдаа  нэлээд бэрхшээлтэйд ордог байх. Давуу тал нь юу байна вэ?
Тийм л дээ. Нүүрс тээврийн хувьд уулын зам тохиромж муутай байх нь аргагүй. Хэдийгээр манай уурхайн тээвэр ложистик  нүүрсээ буулгах цэг хүртэл хүнд, бэрхшээлтэй ч яг газар дээрээ уурхайн олборлолтын нөхцөл тийм ч хүнд биш. Хөрс хуулалт харьцангуй боломжтой. Хамгийн гол давуу тал нь нүүрсний илчлэг нэлээд өндөртэй.

Хар тарвагатайн уурхай  нүүрсний чанараараа Монголдоо эхний гуравт ордог гэж сонссон юм байна. Лабораторийн шинжилгээ тогтмол хийдэг байх аа?
Тогтмол хийдэг. Монголд Тавантолгойн бүтэн коксжих нүүрс, Дорнодын Адуунчулуун, Увсын Хар тарвагатайн уурхайн хагас коксжих нүүрс гэж ялгардаг. Ерөнхийдөө 60 гаруй сая жилийн өмнө тогтсон чулуун нүүрс гэж хэлж болно. Монгол Улсын баруун хязгаар, тэр дундаа Увс аймаг нь  Их нууруудын хотгорт оршдог учраас маш хүйтэн уур амьсгалтай. Магадгүй, байгаль цаг уурын нөхцөлдөө дасан зохицсон уу, ямартай ч манай уурхай нүүрсний чанараараа Монголдоо эхний гуравт орж байна. Тиймээс дотооддоо жил болгон, гадаадад хоёроос гурван жил тутамд лабораторийн шинжилгээ хийлгэдэг. Манай уурхайн нүүрс өндөр хэмд  шатдаг, үнслэг чанар буюу энгийнээр хэлбэл  хог хаягдал, үнс харьцангуй бага ялгардаг.

 

Цахилгааны хэрэглээг өөрсдөө хангадаг технологийн шинэчлэл хийх нь манай ойрын зорилт

Танай компани хоёр аймгийн Дулааны станцыг хувьчилж авсан. Технологийн шинэчлэлүүд нэлээд  хийгдэж байгаа юм билээ.  Энэ талаар дуулгах шинэ мэдээлэл юу байна вэ?
Монгол Улсын эрчим хүчний сүлжээ өнөөдрийг хүртэл нэгдсэн нэг системд холбогдоогүй. Увс, Ховд, Баян-Өлгий аймаг ОХУ-аас эрчим хүчээ импортолсон хэвээр байна. Нүүрс бол эрчим хүч үйлдвэрлэх гол үндэс, түлш нь. Түлшээ боловсруулж  дулаан  болон цахилгаан эрчим хүч гаргаж авдаг. Бид эрчим хүчний интеграц үүсгэх зорилгоор 2003, 2005 онд Увс аймгийн Улаангомын Дулааны  станц, Ховд аймгийн төвийн Дулааны станцын тендерт ялж, хувьчилж авсан. Хувьчилж авснаасаа хойш зуух, зуухны тоноглол болон төв шугамуудыг шинэчлэх нүсэр бүтээн байгуулалтыг цөөхөн жилийн хугацаанд   гүйцэтгэж хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр хангаж   ирлээ.

Хоёр станц аймгийн төвүүдээ хангах бүрэн хүчин чадалтай  байхад яагаад ч юм 2012, 2014 онд Улаангомын Дулааны станц, Ховд аймгийн төвийн Дулааны  төрийн өмчийн станцууд нэмж баригдан ашиглалтад орсон. Гэтэл Монгол Улсын зарим аймаг хоёр  байтугай нэг ч Дулааны станцгүй  олон жил болж  байна. Төр өөрөө бизнес хийх нь, тэр дундаа үйлдвэрлэлийн хүнд салбарын   ачааг  үүрч  яваа хувийн хэвшлийнхээ зах зээлийг булаах нь жудаггүй төрийн түшээдийн бодлогогүй шийдвэр л гэж би  харж байна.

Бүсийн эрчим хүчний асуудал бол мега төсөл. Гэхдээ эрчим хүчээ дотоодоос хангах боломж байсаар байтал импортоор цахилгаанаа хангаж, эдийн засгийн урсгалаа гадагш гаргадаг нь харамсалтай. Уул уурхай, эрчим хүч бол улсын нийгэм, эдийн засгийн амин чухал салбар шүү дээ. Гэтэл мэргэжлийн хүмүүсийн шийдвэр эдгээр салбарт учир дутагдалтай байна уу даа гэж харамсдаг. Энэ бүхний эрсдэлийг ард түмэн л үүрч явдаг.
ОХУ-аас эрчим хүчээ импортолж байгаа Ховд, Увс аймгийн хувьд цахилгаан эрчим хүчний хэрэглээ өндөртэй, өсөн нэмэгдэх хандлагатай, цахилгааны үнэ нь өндөр. Гэвч үнэ өндөр гэхээсээ илүү өртгөө бууруулахад анхаарах хэрэгтэй санагддаг, боломж ч харагддаг.

“Хар Тарвагатай”   компани   нийгмийн  хариуцла­гынхаа хүрээнд Тариалан сумын иргэдэд “Эрдэнийн хишиг”-ийг олгож эхэлсэн. Үүнийг Байгалийн баялгийн үр шимийг ард түмэн хүртэх ёстой гэсэн Үндсэн хуулийн дагуу хийгдэж байгаа ажил гэж ойлгож байна, зөв үү?
“Эрдэнийн хишиг”  бол  манай компанийн зүгээс сүүлийн арав орчим жил хийж байгаа ажил. Далаас дээш настай ахмадуудад энэ хишгийг хүртээдэг. “Толь” багийн цэцэрлэгийн үйл ажиллагааг  арав гаруй жил тасалдуулалгүй ажиллуулсан. Малчдынхаа хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юмсан гэсэн зорилго маань төрөөс шийддэг урсгал зардал, бусад  асуудлаас  болж зогссон. Гэхдээ  үр дүнгээ өгч байгаа ажлууд ч байна.   
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн  төслийн хүрээнд сүү, цагаан идээ боловсруулах Монголын уламжлалт арга технологийг Германы технологитой хослуулж илүү олон нэр төрлөөр үйлдвэрлэх сургалтад малчин эмэгтэйчүүд хамрагдсан. 

Энэ төсөл нэлээд амжилттай болж сум аймаг, цаашлаад гадаадад экспортлох боломж   нээгдсэн.
Тариалан сумын төвд  жил бүр  нүүрсний тусламжийг уламжлал болгон тодорхой хэмжээнд үзүүлж байна. Хавар намар нүүдлийн үед төлийн штабт өөрсдийн тээврийн зардлаар хүргэж өгдөг. Тариалан сумынхан маань гарбөмбөгийн спортод гаргуун. Тиймдээ ч гарбөмбөг болон бусад шинэ төрлийн спортоор хичээллэж байгаа спортын баг, тамирчдад шаардлагатай хэрэгсэл, өмсгөлөөр туслалцаа үзүүлдэг. Өмнөговь сумын Улиастай баг 2005 онд хамгийн анхны төвийн эрчим хүчинд холбогдож байлаа. Тус багийн бага сургуулийг сэргээн засварлаж  хүлээлгэн өгсөн. Энэ мэт орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалтын чанартай ажлууд их бий.

Компанийн нийгмийн хариуц­лага гэдэг зөвхөн орон нутаг, иргэдэд тусламж үзүүлэх, хөрөнгө оруулалтаар хязгаарлагдахгүй гэж боддог. Өөрөөр хэлбэл гадагшаа чиглэсэн урсгал байхад дотогшоо буюу ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэнд, ажиллах орчин, нийгмийн асуудлуудад анхааран хөрөнгө оруулах ёстой. Тиймээс ч манай уурхай өөрийн гэсэн засварын газар, техникийн гараж бүхий цогцолбортоо спортын танхимыг ч орхигдуулаагүй. Энэ  нь орон нутагт урьд өмнө нь хийгдэж байгаагүй томоохон бүтээн байгуулалт, цогцолбор болсон.

Ажиллах орчин нь тав тухтай, хамт олон нь эв нэгдэлтэй байвал орон нутгаас ч сайн уурхайчид, шилдэг залуу тамирчид төрж болдгийг манай залуу уурхайчид  харуулсаар байна.

Аж ахуйн нэгжүүд Засгийн газраас баталсан Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээний дагуу орон нутагтайгаа гэрээ байгуулж ажилладаг. Гэрээг талууд дагаж мөрдөн, тодорхой үр дүн гаргаж чадаж байгаа юу? Танай компанийн хувьд гэрээний биелэлтээ  хэрхэн дүгнэж байна вэ? Сайжруулах зүйлүүд байна уу? 
Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны журам, шинэчлэгдсэн үүрэг, төр засгийн зүгээс бүх уурхайд тавигдах журмыг  баталсан байх гэж харж байгаа.    Гэхдээ энэ гэрээ, журам батлагдахаас өмнө бид орон нутагт хамтын ажиллагааныхаа хүрээнд зохих ёсны ажлуудаа хийж ирсэн. Одоо ч үргэлжилж байна. Орон нутгийн жижиг   уурхайнуудаа хамгаалахад иргэдийн оролцоо чухал хувь нэмэртэй. Компани болгон өөрсдийн хэмжээнд санхүүгийн чадавхтай. Түүндээ тааруулж асуудлуудаа шийдвэрлэдэг. Хуулиар хүлээсэн үүргээ мэдээж зайлшгүй биелүүлэх  ёстой.

Улс, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд уул уурхайн салбарынхан маш их хувь нэмэр оруулж байна. Бидний төлж байгаа татвар, шимтгэл, төлбөр хураамжийн ихэнх нь Сангийн яаманд төвлөрдөг. Төвлөрсөн энэ мөнгөнөөс бага хэсэг нь аймгийн төсөвт ордог. Суманд бол маш бага төсөв, мөнгө ирж байгаа. Энэ нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани, ард иргэд, аймаг сумын удирдлагын хооронд үл ойлголцол үүсэх нэг шалтгаан болж байна. Хэрэв   төсөв, мөнгө нь сумандаа, аймагтаа түлхүү орж ирэх юм бол  уул уурхайн компаниас нэмэлт зардал гарахгүйгээр тухайн сум, орон нутаг  хөгжих бүрэн боломжтой.


Тогтвортой байдлын гэрээний гол ач холбогдол нь эрх зүйн тогтвортой байдал

Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн үйлдвэрлэл ил тод байж, ард иргэдэд тайлагнаж байх тухай заалт байдаг. Танай уурхай Монгол Улсдаа хамгийн анх орон нутагт ил тод тайлан гаргаж байсан шүү дээ. Тогтвортой байдлын гэрээг орон нутгийн уурхайнуудтай байгуулж болно гэсэн саналыг та бүхэн гаргаж байсан байх аа?
Тогтвортой байдлын гэрээ гэдэг бол зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай компанитай хийдэг гэрээ гэж би хувьдаа бодохгүй  байна. Мэдээж тухайн байгууллагын гэрээ бол байгууллагадаа л хамаарна. Харин тогтвортой байдлын гэрээ нэрээсээ л юу хүсч байгаа нь харагддаг. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг  манайх шиг уурхай тухайн орон нутгийнхаа төр захиргааны байгууллагатай тогтвортой хамтран ажиллах нь аль аль талдаа ашигтай.   Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдэд ч тустай. Ямарваа бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа таваас арван жилээр шатлан төлөвлөсөн байдаг.   Тогтвортой байдлын гэрээний гол ач холбогдол нь эрх зүйн тогтвортой байдал. Хууль, эрх зүйн тогтворгүй орчин   төр захиргааны бүх шатны байгууллага, ард иргэд, уул уурхайн аж ахуйн нэгжүүд бүгдэд нь эрсдэл учруулна. Шийдвэр тогтвортой байж гэмээнэ бидний амьдрал тогтвортой байна гэсэн энгийн санаа юм.

2006 онд Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага анх бий болоход манай компани энэ төслийг дэмжин  Ашигт малтмалын тухай хуулийн 48.2-ын дагуу   тайлангаа ил тодоор Монголын бүх уурхайнуудаас хамгийн түрүүнд анхлан мэдээлсэн. ОҮИТБС    жил ирэх бүр өргөжсөөр өнөөдөр уул уурхайн салбарыг сонирхдог хүмүүст  маш чухал тоо, баримтуудыг ил тодоор мэдээлж байна.  Ямар ч мэдээлэлгүй хүн тухайн салбарыг ойлгохгүй шүү дээ.  Мэдээлэлтэй байна гэдэг бол тухайн салбарыг ойлгож эхлэх эхний алхам юм. Хувийн байгууллагуудад нууц зүйл, тансаглал гэж байдаггүй юм. Харин төрийн өмчит компаниудын  үйл ажиллагааны талаарх ил тод мэдээллийг сайн судалж байгаарай гэж хэлье. 

УИХ-аас баталсан стратегийн ач холбогдол бүхий ордын нэг, хоёрдугаар жагсаалтын хавсралтыг шинэчлэх ажлыг салбарын яаман дээр хийж байсан. Хар тарвагатайн уурхайг хоёрдугаар хавсралт буюу 39 ордын бүртгэлд оруулах талаар судалгаа хийх ажил олон жилийн өмнөөс яригдсан. Стратегийн ордын жагсаалтад танай уурхайг  оруулах шаардлага бий  юу?
Орон нутгийн уурхайг яагаад Монгол Улсын стратегийн орд болгох гээд байгаа юм бэ гэдэг өөрөө их сонин асуулт. Гэтэл үйл ажиллагаагаа явуулж байгаа улсын хэмжээний, шинээр нээгдсэн болон  нээгдэх мега төслүүд энэ жагсаалтад байдаггүй. Тэгэхээр би хувьдаа үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж харж байна. Монголын цөөнгүй улс төрчид, дарга, сайд нар уул уурхайтай нэр холбогддог. Хувийнхаа ашиг сонирхлоо эрх мэдлээрээ дамжуулан битгий ашиглаасай гэж би хүсч байна. Эрх мэдэлд хүрч болно, гэхдээ эрх мэдлээ зөв хэрэгжүүлэх нь тухайн хүний ёс зүйн хариуцлага. Чадан ядан ажиллаж байгаа дотоодын хэдэн жижиг уурхайнуудаа оролдоод хэрэггүй дээ. Орон нутгийн уурхайнуудад ашиг олох нь тэргүүн зорилго биш, эх оронч байх нь юу юунаас чухал байдаг юм.  Манайх шиг чанартай нүүрс тонн бүр нь 100-аас дээш ам.долларын үнэтэй байхад дотоодын эрчим хүчний нүүрс 10 доллар ч хүрдэггүй. Иргэдэд нийлүүлж байгаа нүүрсний үнэ 12 ам.доллар хүрэхгүй байна. Би Монгол хүн учраас иргэдээ “шулж” амьдрахгүй, салбартаа үнэнч байх ёстой гэж боддог. Өртөг зардлаа   тэнцүүлж л амьдарч байна. Манай уурхай хар чулуун нүүрстэй тулдаа баруун бүсийн хүйтнийг даван туулдаг. Уурхайгаа гаднынханд зарлаа гэхэд иргэдийн худалдаж авдаг нүүрсний үнэ хэд болж өсөхийг хэлж мэдэхгүй. Өвлийн хүйтнийг ямар өртгөөр давж гарах вэ гэсэн энгийн бодлоос  эхлэх хэрэгтэй. Орон нутгийн жижиг уурхайнуудаа дэмжээрэй, хамгаалаарай гэж хүсье. Тусламж, хөрөнгө оруулалт биш гол нь таатай нөхцөл, тогтвортой байдлыг л хүсч байна, бид. Таатай нөхцөлөөр зээл олговол цаашдаа өсөн дэвжих, олон олон залуусыг ажлын байраар хангаж, дэлхийн нийтийн хөгжлөөс хоцрохгүй явна. Уул уурхайн салбарынхан бол зовлон тоочиж, жагсаж цугладаг хүмүүс биш ээ. Өнөөдөр уурхайчдад айх, алдах зүйл байхгүй.  “Чернобыль”  цуврал кинонд Чернобылиос 40 км-ийн зайтай нүүрсний уурхайн хэдэн уурхайчид л тэр аюултай мэдээг дэлхийд түгээх, энэ гариг дээр амьдарч буй бүх хүн төрөлхтнийг хамгаалах, аюулыг тэлэхгүйн тулд амиа баатарлагаар, багаараа золиосолсон тухай өгүүлдэг. Уул уурхайг мэддэг юм шиг ярьдаг хүмүүс энэ киног үзэхэд илүүдэхгүй байх.

Нууц биш бол “Хар тарвагатай” ХК-ийн ойрын жилүүдэд хийхээр төлөвлөсөн зүйлүүдээсээ товч дурдвал?
Манай уурхай нүүрсний шат дамжлагын анхан шатны боловсруулалт болох шигших дамжлагыг хийсэн. Цаашлаад илүү олон шат дамжлагаар боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Магадгүй, яагаад нүүрсийг сав, баглаа боодолтой, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүнээр төсөөлж болохгүй гэж.

Уурхайн нүүрс маань дэлхийд ховор  сайн чанарын нүүрс учраас хий, керосин, бензин, дизель түлш зэргийг гаргах авах боломжтой эсэхийг судалж байна. Дэлхий нийтийн технологийн хөгжил жил ирэх тусам эрчимжиж өртөг багасна. Сайжруулсан түлшний жишээнээс  боломжтой гэдэг нь харагдлаа. Төр засагтайгаа бүх талаар хамтарч ажиллахад бэлэн.

Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.