Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Discover Mongolia 2020 :  Компаниудад цар тахлын үеийн бэлэн байдал чухал

“Дисковер Монголиа 2020: Сэргэлтийн шийдэл” чуулган энэ сарын 30-нд болно. Хөрөнгө оруулагчдын олон улсын энэхүү чуулган 18 дахь жилдээ болох гэж байна. Чуулганыг угтан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Энэ долоо хоногийн хэлэлцүүлгийн сэдэв “COVID-19: Бизнесийн бэлэн байдал /COVID-19: Business Readiness/” байлаа.

Хэлэлцүүлэгт (2020.10.08Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга С.Янжинсүрэн, УУХҮЯ-ны Бодлогын газрын техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнчин, Улсын онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга Б.Мандахгэрэл, “Рио Тинто Монгол” ХХК-ийн Бүсийн эдийн засгийн хөгжил хариуцсан ахлах менежер Ж.Сүнжидмаа, “Энержи ресурс” ХХК-ийн Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийцлийн албаны дарга Д.Батбаяр болон Тээвэр, засварын албаны дарга Ц.Даваасүрэн, “Монруд” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Анхбаяр, “Терра энержи” ХХК-ийн Захиргаа хариуцсан захирал О.Оюумаа нар урилгаар оролцож санал бодлоо илэрхийлэв.

2020 онд дэлхий дахинаа Ковид-19 цар тахал дэгдсэний улмаас Монгол Улс хорио цээрийн дэглэм тогтоосон. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард хилээр нэвтрэх машины тоо 300-500 болж буурсан юм. Оны эхний хагаст манай улсын ДНБ 9.7%-иар буурч, уул уурхайн салбар 29.4%-иар агшихад хүрсэн. Олон улсад цар тахлын дэгдэлт буурах болоогүй байгааг анхааруулсаар байна. Иймд Монгол Улсад цар тахал дэгдэх юм бол хорио цээрийн дэглэмээ чангаруулах нөхцөл байдал үүсэх эрсдэл байсаар буй. Нөгөө талд манай улсын эдийн засгийн гол салбар уул уурхайн үйлдвэрлэл, худалдааг хэвийн явуулах нь чухал юм. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа туршлагаа уул уурхайн компаниуд хуваалцаж, хэлэлцсэн юм. Мөн эрсдэлд бэлэн байх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн горимд байлгах боломж, эргэн сэргэлтийн төлөвлөгөө зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.

Австралийн уул уурхайн салбарын цалин 4.4%-иар буурчээ

COVID-19: Бизнесийн бэлэн байдал” сэдэвт хэлэлцүүлгийн эхэнд модератор, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Б.Энхболд нь уул уурхайд тулгуурласан эдийн засагтай бусад улс орон дахь цар тахлын нөлөө болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсан юм. Чилийн томоохон уурхайнууд эхний 3 сард ажилтнуудын тоог цомхотгосон боловч оны эхний хагаст олборлолтоо нэмэгдүүлж энгийн горимд шилжсэн байна. Дэлхийн хамгийн том зэс олборлогч улсын уул уурхайн салбар зогсвол өдөрт 75 сая ам.долларын алдагдал хүлээнэ гэж тооцоолжээ. Индонезид цар тахлаас үүдсэн ажилгүйдлээс болж бичил уурхай, хууль бусаар алт олборлогчдын тоо нэмэгдсэн аж. Тус улсад ажилгүйдлийн тэтгэмжийг өргөжүүлж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг үе шаттай бууруулсан байна.  

Австралид өнгөрсөн наймдугаар сарын байдлаар ажилгүйдлийн түвшин 6.8%-д хүрч, уул уурхайн салбарын цалин 4.4%-иар буурчээ. Канадын хувьд цар тахлын нөлөөгөөр нийт ажилтнуудын 20 гаруй хувь нь ажлын байраа алдсан байна. Харин Өмнөд Африк эхний хагас жилд ДНБ-ий өсөлт 18%-иар, тэр дундаа уул уурхайн салбарын өсөлт 73%-иар тус тус буурчээ. Тиймээс тус улсад гаалийн татвар, импортын НӨАТ-аас чөлөөлөх барааны жагсаалт гаргасан байна.  

Монголд цар тахал дэгдэх “өндөр эрсдэлтэй” гэж эрсдлийн үнэлгээгээр дүгнэсэн

Хэлэлцүүлгийн эхний илтгэгч Улсын онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга Б.Мандахгэрэл цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэв.  “Цар тахлыг дотооддоо алдаагүй 12 улсын нэг нь Монгол юм. Одоогийн байдлаар, дотоодод 315 хүнээс халдвар илэрсэн нь гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол байна. Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 жолоочоос халдвар илэрчээ. Хамгийн сүүлд есдүгээр сарын 11-нд эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Энэхүү 12 дахь удаагийн эрсдлийн үнэлгээгээр “өндөр эрсдэлтэй”  гэж дүгнэжээ. Манай улсад цар тахал тархсан тохиолдолд нэг хүн 1-2.5 хүнд халдвар тараах эрсдэлтэй аж. Нийт хүн амын 1% болох 32 мянган хүн халдвар авах эрсдэлтэй бөгөөд 5 мянга орчим хүн маш хүнд тусна. Одоогийн байдлаар 2500 гаруй ажиллах хүчнийг 21 хоног тусгаарлажээ. Түүний 30 орчим хувь нь барилга, 20 гаруй хувь нь уул уурхай, 18% нь автозам, 17 орчим хувь нь газрын тосны салбарт ажилладаг байна.  

Үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал

Уул уурхайн компаниудын төлөөлөл болох “Рио Тинто Монгол” ХХК-ийн Бүсийн эдийн засгийн хөгжил хариуцсан ахлах менежер Ж.Сүнжидмаа хөл хорионы үед халдвар хамгаалалд баримталж байгаа туршлагаас хуваалцсан юм. Тэрээр “Бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд ажилчдын эрүүл, аюулгүй байдалд онцгойлон анхаарах хэрэгтэй. Оффисын ажилчдаа цэнхэр, улаан багт хувааж хүн амын бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх,  мөн гэрээсээ ажлаа хийх боломжийг олгосон. Цар тахлын эдгээр өдрүүдэд дэлхий даяар гадаад худалдаа удаашралтай байгаагаас шалтгаалан бараа материалын импортод асуудал тулгарч байна. Мөн гадаад мэргэжилтнүүд Монгол Улсад ирэхэд хүндрэлтэй байгаа. Гадаадын нарийн мэргэжилтнүүддээ зайнаас ажиллах боломжоор хангах, компанийн нийт ажилчдын 94%-ийг бүрдүүлдэг Монгол ажилчдаа дараагийн шатанд бэлтгэх зэрэг арга хэмжээ авч байна. Хорио цээрийн энэ хугацаанд долдугаар сараас эхлэн Австрали, Монголын хооронд хоёр удаагийн тусгай үүргийн онгоцоор нислэг үйлдсэн” гэв.

Эхний есөн сард Монгол Улс 19.8 сая тонн нүүрс экспортолсон

УУХҮЯ-ны Бодлогын газрын техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар  “УУХҮЯ, Монголбанктай хамтран уул уурхайн компаниудыг дэмжин арилжааны банкуудаар дамжуулж зээл, тусламж үзүүлж байна. Одоогийн байдлаар зээлийн нийт дүн 106 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ онд 36 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ есдүгээр сарын байдлаар нүүрсний экспортын хэмжээ 19.8 сая тонн байгаа юм. “Ногоон гарц” түр журам хэрэгжиж эхэлснээр хилээр гарч байгаа нүүрс тээвэрлэсэн машины тоо өнгөрсөн жилийн буюу ердийн хэмжээнд хүрсэн”-ийг мэдээллээ.  

Хэлэлцүүлгийн төгсгөлд модератор, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Б.Энхболд уул уурхайн компаниуд “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын дагуу ажиллаж байна. Гэхдээ бид цар тахлыг дотооддоо алдах цаашлаад уурхайн бүс нутагт халдвар илэрвэл төрийн байгууллагын шаардлагын дагуу ажиллана. Уурхайн үйл ажиллагаагаа хэрхэн сэргээх төлөвлөгөөтэй болох,  цар тахлын онцгой үед яаж ажиллах шийдэлд хүрэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн юм.

 

Л. Номинцэцэг

Сэтгэгдэл (1)

  • DR MAXWELL (129.205.124.139)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2020 оны 10 сарын 12 | Хариулах