"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Хаянхярвааг томиллоо. Д.Хаянхярваа нь эдийн засагч мэргэжилтэй, ЗХУ-ын Москва хотын удирдлагын дээд сургууль - Барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн.
П.Ганхүү “Улс төр, эдийн засгийн салбарт олон жил ажилласан, мэдлэг туршлагатай хүн энэхүү албанд томилогдож буйд баяртай байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн бизнесийн үйл ажиллагаа сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг дахин нэмэгдэж, энэ хэрээр охин компаниудыг ашигтай ажиллуулах хариуцлага ногдож буй бөгөөд бизнесийн томоохон төслүүдийг хөдөлгөж, улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажилд нь амжилт хүсч, баяр хүргэе” гэлээ.
Тэрбээр,
1986 – 1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч
1989 – 1990 онд Дархан хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны зааварлагч
1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга
1990 – 1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга
1991 – 1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга
1993 – 2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга
2000 – 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга
2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2010 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 - 2020 он Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар тус тус ажиллаж байв.
Дашрамд дурдахад, “Эрдэнэс Монгол”-д Асгат болон Салхитын мөнгөний орд, Мон Атом, Багануурын 400 орчим сая тоннын нүүрсний ордын тусгай зөвшөөрөл, тодорхой алтны ордуудыг шилжүүлж, компанийг бодит хөрөнгөтэй болгосон. Эдгээр хөрөнгийг зөв удирдаж, олон улсад үлгэр жишээ манлайлах шийдэл нь Баялгийн сан байгуулах бөгөөд Баялгийн сангийн удирдлагыг оновчтой авч явах, компанийн засаглалыг сайжруулах, дотоод гадаад эх үүсвэрээс хөрөнгө босгох бэлтгэл ажлыг тус компани эхлүүлсэн юм. Энэ хүрээнд Австралийн олон улсад данстай BDO аудитын компаниар бизнесийн үнэлгээгээ шинэчлүүлж, нийт 15.7 их наяд төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоолгоод байна.
Эх сурвалж: "Эрдэнэс Монгол" ХХК