Улаанбаатар хотноо анх удаа “Build Mongolia” буюу “Бүтээн байгуулалт 2020” үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнгээр, дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техник танилцуулна.
Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн улмаас гадаад улсын зочид, төлөөлөгчид энэхүү үзэсгэлэнд ирж, оролцох боломжгүй ч зарим орнууд Монгол Улс дахь Элчин сайдын яамдаараа дамжуулан өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилна. Тухайлбал, Канад, Англи болон Чех улсын компаниуд Элчин сайдын яамдаар дамжуулан оролцох юм. Ийнхүү гадаад дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнгээр бүтээгдэхүүнээ дэлгэнэ.
Үзэсгэлэнг зорих ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын барилга, эрчим хүч, зам тээвэр, хүнд үйлдвэрийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ салбарын компаниудаас илтгэл тавина.
Энэхүү үзэсгэлэн нь зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, барилга зэрэг бүтээн байгуулалтын гол салбарын төлөөлөгчид оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал талбар байх болно.
Монголын дэд бүтцийн томоохон үзэсгэлэн “Build Mongolia” арга хэмжээний ивээн тэтгэгчээр үндэсний бүтээн байгуулагч "Юнитра" ХХК ажиллаж байна. Мөн МАК, “Монгол базалт”, “Улаанбаатар” БҮК, “Эм Эс Эм” групп, “Эрчим Сүлжээ” ХХК зэрэг бүтээн байгуулалтын томоохон аж ахуйн нэгжүүд оролцож байгаа юм.
“Build Mongolia” үзэсгэлэн нь аравдугаар сарын 23,24 -ний өдөр “Мишээл экспо” төвд болно.
Үзэсгэлэнг үзэхэд ямар нэгэн төлбөргүй бөгөөд www.buildmongolia.com цахим хуудсаар мэдээлэл авна уу