Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил Өнгөрсөн, одоо, ирээдүй”

“Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад оруулан, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 42 дэх жилтэйгээ золгож байна. Эрдэнэт үйлдвэр манай орны уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ төдийгүй, Монгол Улсын их бүтээн байгуулалтын он жилүүдийн үлгэр жишээ болсон уул уурхайн томоохон үйлдвэрийн түүхэн замнал юм” хэмээн уулын инженер, шинжлэх ухааны доктор, академич П.Очирбат “Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” номын өмнөтгөлд өгүүлжээ.  Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийг бодит баримтад түшиглэн туурвисан уг ном саяхан хэвлэлтээс гарчээ. Эрдэнэт үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг бүтээн байгуулахад гар бие оролцож тус үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг хангах ажлын зохион байгуулж байсан  эрдэмтэн, судлаач Очирын Эрдэнээ, Дамбын Галсандорж нар уг номыг туурвисан байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийг байгуулах 1960-1970-аад оны урьдчилсан нөхцөл байдал, хийгдсэн эрэл хайгуулын ажил, үйлдвэрийн үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин, бүтээн байгуулалт, өнөө ба хэтийн төлөв, зэсийн экспортын худалдаа, үйлдвэрийн нийгэм,эдийн засгийн өгөөж, олон улсын өрсөлдөх чадвар, түүнийг дээшлүүлэх боломж, арга замыг  түүхэн бодит байдал, үнэн бодитоор харуулахыг уг ном зорилгоо болгожээ.  Эрдэнэт үйлдвэрийн зэсийн хүдрийн нөөцийг нэмэгдүүлэн цаашид 30 орчим жил тогтвортой ажиллуулах талаар ашиглалтын үеийн эрэл хайгуул хийж, ТЭЗҮ боловсруулсны дүнд үйлдвэрлэлээ өсгөж Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр олон жил өгөөжтэй ажиллуулах боломж бүрдэж байгааг академич П.Очирбат өмнөтгөл үгэндээ тодотгон бичжээ.

Эрдэнэт үйлдвэрийг байгуулах болон түүний үйл ажиллагааны тухай 1973, 1991, 2003 оны хэлэлцээр, үйлдвэрийн хэтийн хөтөлбөр, 2017-2031 оны хөгжлийн стратеги, тэдгээрийн хэрэгжилтийн явц хэтийн төлөвийг тус номонд тусгахдаа Статистикийн төв газар,  Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газрын болон Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, санхүүгийн тайлан, мэдээллийг үндэслэл болгож, үйлдвэрийн хөгжлийн тодорхой үе шат, үйл ажиллагааг харуулсан фото зургуудыг УУХҮЯ, Эрдэнэт үйлдвэр болон фото зургийн архиваас авсан хэмээн номыг зохиогчид өгүүлсэн байна.  

Номыг зохиогч   О.Эрдэнээ нь тухайн үеийн Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны /ГЭЗХУХ/ Комплекс төхөөрөмжийн импорт нэгдлийн Эрдэнэт хот дахь  Төлөөлөгчийн газрын инженер, дарга,  тус нэгдлийн  харьяа фирмийн захирал, Үйлдвэр худалдааны дэд сайд, “Монголросцветмет” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллан,  амьдралынхаа 30  гаруй жилийг  уул уурхайн салбарын хөгжилд зориулжээ.

Д.Галсандорж  нь  ГЭЗХУХ-ны  Монгол-Зөвлөлтийн хамтын ажиллагааны хэлтэст “Эрдэнэт үйлдвэр”-ийн зээлийн хөрөнгийн асуудлыг хариуцсан мэргэжилтэн,  хэлтсийн дарга, “Эрдэнэт үйлдвэр”-ийн барилга байгууламжийг хүлээн авах техникийн Комиссын гишүүн, мөн тус үйлдвэрийн Лондон дахь Төлөөлөгчийн газрын даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд  Үйлдвэр,худалдааны яамны  Геологи, уул уурхайн бодлого, зохицуулалтын газрын дарга, Эрдэнэт ХХК болон “Монголросцветмет” ХХК  хамтарсан үйлдвэрүүдийн Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан  юм.

Г.Идэр