Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятад Австралиас нүүрс импортлохгүй

Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улс нь Австралиас нүүрс импортлохгүй байх мэдэгдлийг дотоодын цахилгаан станц, гангийн үйлдвэрүүдэд хүргүүлсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Уг шийдвэр нь албан ёсоор нийтэд зарлагдаагүй ч өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр станц, үйлдвэрүүддээ бичгээр бус амаар дуулгасан гэж хэвлэлүүдэд өгүүлжээ. Ингэхдээ аравдугаар сарын 1-нээс эхлэн Австралиас эрчим хүчний болон коксжих нүүрс импортлохгүй байх зааварчилгаа өгсөн аж. Энэ үйлдэл нь Австрали улсад шинэ зүйл биш юм. Тодруулбал, 2019 оноос эхлэн Хятад нь худалдааны түнш орноос нүүрсний импортыг хязгаарлах, гаалиар нэвтрэх хугацааг нь уртасгах зэрэг арга хэмжээ авах болсон юм.

Хэдийгээр энэ оны эхний найман сарын байдлаар Австралиас 31.6 сая тонн коксжих нүүрс Хятад импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.5 сая тонноор их ч наймдугаар сараас эхлэн импорт эрчимтэй буурчээ. Мөн хугацаанд нийт 38.6 сая тонн эрчим хүчний нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.6 сая тонноор өссөн байна.

Хятад-Австралийн улс төрийн харилцаа таагүй болж эхэлснээр хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний импортод хязгаарлалт хийж эхлээд байгаа юм. Шинэ коронавирусын халдварын эх үүсвэрийг шалгах хэрэгтэй гэсэн уриалга Австрали улсын Ерөнхий сайд Скотт Мориссон өнгөрсөн дөрөвдүгээр сард дэвшүүлсэн нь хоёр улсын улс төрийн харилцаа улам бүр таагүй болоход нөлөөлсөн. Ийнхүү Хятад нь Австралиас нүүрсний импортоо зогсоож буй нь улс төрийн хориг арга хэмжээ гэж зарим шинжээч тайлбарлаж байна. Харин Австралийн Засгийн газар Хятадын уг шийдвэртэй холбоотой мэдээлэлд тодорхой хариулт авахаар ажиллаж буйгаа илэрхийлжээ.   

Австралийн нүүрсний худалдаа эрхэлдэг компаниудын төлөөлөл Хятадын нүүрсний импортын тухай мэдээлэл нь үнэн бодит болохыг баталсан тухай “Australian Financial Review” хэвлэлд өгүүлсэн байна.  Хятадын нүүрсний импортын хоригтой холбоотой мэдээлэл анх аравдугаар сарын 9-нд “S&P Global Platts”-аар цацагдсан юм.

Гэвч одоогийн байдлаар “аман” хэлбэрийн уг мэдэгдлийг Австралийн нүүрсэнд тавьсан албан ёсны хориг гэж үзэх боломжгүй юм. Учир нь албан бичгээр үйлдээгүй тохиолдолд аливаа шийдвэр хүчин төгөлдөр бус бөгөөд үүний үр нөлөөг нарийн тооцоолох аргагүй.  Нөгөөтэйгүүр, Хятадын худалдаачид зарим тохиолдолд Австралийн нүүрсийг гаалиар нэвтрүүлэх боломжтой хэвээр болохыг өгүүлж буйгаас үзэхэд уг шийдвэр албажсан эсэх нь эргэлзээтэй байна. Хамгийн гол нь Австралиас эрчим хүчний нүүрс авахгүй байж болох ч тус улсын өндөр чанартай коксжих нүүрсийг өөр эх үүсвэрээс хангана гэдэг Хятадад хүндхэн байх болно.

Австралийн нүүрсний импортын хориг хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй ч, хамгийн багадаа он дуустал үргэлжилнэ гэж шинжээчид харж байна.

Б.Төгс