Б.Төгсбилэгт
Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт ид дундаа хэрэгжиж байгаа энэ үед тус компани 2020 оны шинэчилсэн ТЭЗҮ-ээ боловсруулж дууссан тухай долдугаар сард зарласан. Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн цахим хуудсанд (2020.08.28) Оюутолгойн 2020 оны техникийн тайланг нийтэлсэн байна. Уг тайланг “AMC Consultants” болон “Туркойз Хилл Ресурс” компани хамтран боловсруулжээ. Уг тайланг бэлтгэхэд Оюутолгойн 2020 оны шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон бусад холбогдох судалгаа тайланг ашиглажээ. Нэг үгээр техникийн тайлангаас Оюутолгой төслийн үйл ажиллагааны зураглалыг хамгийн сүүлийн үеийн байдлаар харж болно гэсэн үг. Гэхдээ энэ тайланд цар тахлын нөлөөллийг оруулаагүй болохыг Туркойз Хилл онцолсон.
Энэхүү техникийн тайлан өмнө нь 2016 онд гарч байсан нь одоо ийнхүү шинэчлэгдсэн юм. 2020 оны тайлан нь далд уурхайн зураг төслийг шинэчлэн боловсруулж буй үетэй давхцаж байгаагаараа онцлогтой. Иймд өмнөх тайлангийн тоо баримтуудтай харьцуулахад тодорхой өөрчлөлтүүд гарчээ.
Шинэ тайлангаас үзэхэд Оюутолгой уурхайн олборлолтын үйл ажиллагаа 2051 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Уурхайн үйл ажиллагаа нь үндсэндээ Оюутолгойн одоо ажиллаж байгаа Оюут ил уурхай болон далд уурхай (Хойд Хюго Лифт 1)-н үйл ажиллагааг хамарч буйг тодотгоё. Өмнөд Хюго, Херуга болон бусад хэсгийн ордын ашиглалт огт яригдаагүй.
Өмнөх 2016 оны техникийн тайланд дурдсанаар ил болон далд уурхайг нийлээд 40 жил ашиглах буюу 2057 он хүртэл ашиглахаар байсан бол одоо 2020 оны шинэ техникийн тайланд 2051 он хүртэл ашиглахаар тусгажээ. Үндсэндээ уурхайн ашиглах хугацаа богиноссон гэсэн үг. Олборлолтын хугацаанд Оюутолгойн зэсийн баяжмалын борлуулалтаас нийтдээ 69.4 тэрбум ам.долларын орлого олно гэж тусгажээ. Өмнөх 2016 оны тайланд уг үзүүлэлт даруй 82.8 тэрбум ам.доллар байсан юм.
Далд уурхайн тухайд 2023 оны хоёрдугаар сард үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагаанд шилжиж, ашиглалтад орох төлөвтэй байгаа билээ. Тэгвэл 2029 оны эхний хагаст далд уурхайн олборлолт бүрэн хүчин чадалдаа хүрнэ. Тодруулбал жилдээ 33 сая тонн хүдэр буюу өдөрт 95 мянган тонныг олборлоно гэсэн үг. Далд уурхайгаас хүдэр олборлох үйл явц 2023 оноос эхэлж 2043 оноор тасалбар болно. Энэ хугацаанд далд уурхайгаас нийт 440 сая тонн хүдэр олборлоно гэж тооцжээ.
Ил уурхайн хувьд одоогоор жилдээ 40 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтайгаар ажиллаж байна. Энэ хүчин чадлаар ил уурхай 2023 он хүртэл ажиллаж улмаар бага зэрэг “амсхийнэ”. Учир нь түүнээс хойш далд уурхайн олборлолт түрж орж ирснээр ил уурхайн олборлолтын хүчин чадал аажмаар буурах юм. Гэхдээ ил уурхай бүр зогсоно гэсэн үг биш, зэрэгцээд олборлолт өрнөнө.
2021-2051 онд Оюутолгойн уурхайгаас нийтдээ 1.23 тэрбум тонн хүдэр олборлож, боловсруулж нийт 31 сая тонн баяжмал үйлдвэрлэх юм. Энэхүү баяжмалд үндсэндээ 8.8 сая тонн зэс, 8.5 сая унц алт /264 тонн алт/, 52 сая унц мөнгө /1600 тонн/ агуулагдах юм.
2013 оны долдугаар сард Оюутолгойн баяжмал борлуулалт эхэлсэн бөгөөд үүнээс хойш 2020 оны нэгдүгээр сарын байдлаар тус уурхайгаас нийтдээ 4.6 сая тонн баяжмал борлуулсан дүнтэй байна.
Оюутолгой уурхайн баяжуулах үйлдвэрийн тухайд уурхайн ажиллах хугацаанд үндсэндээ жилд 40 сая тонн хүдэр боловсруулна. Гэхдээ энэ дотроо 2040 он хүртэл уурхайн хүдэр дэх зэс, алтны агуулгын хамгийн баялаг үе тохионо. Түүнээс хойш хүдрийн агуулга харьцангуй буурах ажээ.
Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл 2028 онд оргилдоо хүрч 580 мянган тонн баяжмал дахь зэс болж нэмэгдэхээр байна. Энэ нь тус ордын одоогийн үйлдвэрлэлээс даруй 314%-иар өсөхөөр байгаа юм. Мөн баяжмал дахь алтны агуулга ч 2028 онд 570 мянган унц (~18 тонн)-д хүрэхээр байна. Ингэснээр тухайн онд Оюутолгой уурхайн баяжмалын борлуулалт 4.74 тэрбум ам.доллартай тэнцэнэ. Энэ бол Оюутолгойн борлуулалтын оргил цэг.
Оюутолгойн “оргил мөчлөг” ийнхүү цаашид 2040 он хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл 2040 он хүртэл Оюутолгойн борлуулалтын орлого 2 тэрбум ам.доллар буюу түүнээс дээш хэмжээгээр илэрхийлэгдэнэ. Энэ тооцооллыг гаргахдаа “Туркойз Хилл Ресурс” зэсийн үнийг фунт тутамд 3.08 ам.доллар (~6900 ам.доллар/тонн), алтны ханшийг 1292 ам.доллар/унц, мөнгийг 19 ам.доллар/унц байхаар тооцсон. Эрдсийн зах зээлд голлох метал, үнэт металын ханш “өнгөтэй” байх тусам эдгээр тооцоолол шууд дагаад өсөх нь тодорхой.
Оюутолгойн хувьд одоогийн байдлаар 187МВт цахилгаан хэрэглэж байгаа бол далд уурхайн бүтээн байгуулалтын үе шувтарч, олборлолт нь эхлэх үед уг үзүүлэлт 230МВт-д хүрнэ гэж тооцоолжээ.
Усны хэрэглээний тухайд Оюутолгой уурхай нь үндсэндээ Гүний хоолойн газрын доорх усны ордоос 918 л/с хэмжээгээр ус авч ашиглах боломжтой байгаа юм. Гэдхээ “RPS Aquaterra” байгууллагын шинэчилсэн судалгаагаар Гүний хоолойгоос авч ашиглах усны хэмжээ 1415 л/с байх боломжтой гэж гарчээ.
2018 оны байдлаар Оюутолгойн газрын гүний усны хэрэглээ дунджаар 460 л/с байсан бөгөөд оргил үедээ 630 гаруй л/с-ээр хэмжигдсэн байна. Харин 2019 онд усны хэрэглээ нь 16 тэрбум литрт хүрчээ. Ус дахин ашиглалтын хувь хэмжээ 2019 онд дунджаар 87.2%-тай гарсан байна.
Тайланд Оюутолгой төслийн борлуулалт, маркетингтай холбоотой эрсдлийг гаргасан байна. Тухайлбал баяжмалд агуулагдах хорт бодисын хэмжээ Хятадын импортын шаардлага, стандартаас давах магадлалтайг тэмдэглэсэн байна. Баяжмалд агуулагдах хүнцлийн хэмжээ нь ямар ч байсан урд хөршийн импортын стандартад нийцэж байгаа ажээ. Харин хар тугалга, кадмий, мөнгөн ус зэргийг одоогийн байдлаар судалж байна. Эдгээрээс гадна борлуулалт Хятадын зах зээлээс хамааралтай байдлыг нэрлэсэн байна. Тиймээс цаашид Хятад, Оросын хилээр бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд хүргэх зорилт тавьж ажиллах тухай тайланд дурджээ.
Ийнхүү Оюутолгой уурхайн бидний мэдэх ил болон далд уурхай 31 жилийн дараа буюу 2051 оны эцсээр ашиглагдаж дуусах дүр зураг тодорч байна. Уурхайн хаалтын ажилд нийтдээ 1.3 тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөө гарчээ. Хаалтын ажил 15 жил үргэлжлэх бөгөөд хаалтын өмнөх бэлтгэл ажил, хаалт-нөхөн сэргээлт болон хаалтын дараах гэсэн гурван үе шаттай хэрэгжих юм байна.
Дээрх зураглал нь 2051 оноор Оюутолгой уурхайн олборлолт дуусна гэж өгүүлж буй боловч тухайн үед бусад хэсгийн олборлолтыг эхлүүлэх эсэх нь Засгийн газар, “Рио Тинто”-ийн тохиролцооноос хамаарна. Бүр илүү тодорхой зүйл гэвэл зах зээлийн нөхцөл байдлаас хамаарна.