Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Г.Ёндон: Уул уурхайн салбар хөгжлийн дараагийн шатандаа орох цаг болсон

The Mongolian Mining Journal /Sep.2020/

Салбарын яамны бодлого чиглэл, өнөөдөр өрнөж буй үйл явдлууд  болон хийхээр зорьж байгаа ажлуудын  талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа. Тэрээр уул уурхайн салбарт  олон жил “чанагдсан”   туршлагатай мэргэжилтэн бөгөөд уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын Зөвлөх инженер, докторын зэрэгтэй. Сайдын албанд томилогдохоосоо өмнө Монголын Маркшейдерийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
 
Сүүлийн үед Та салбарын хүрээнд олон талт төлөөлөлтэй уулзалт хийж байна. Ямар ямар саналыг түлхүү тавьж байна вэ, шийдвэрлэх боломжтой юу?
Сайдын албан тушаалд томилогдсоноос хойш хэд хэдэн үндсэн ажилд гол анхаарлаа хандуулсан. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл боловсруулах ажил дээр яамны нийт хамт олон маань цаг хугацаа, сэтгэл зүтгэл, санаачлага гарган хамтран ажилласан. Яамнаас санал болгож оруулсан үйл ажиллагааны хөтөлбөр,  хөгжлийн үндсэн чиглэлийг  маш бага өөрчлөлт, засвартайгаар наймдугаар сарын 17-28-нд  УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталлаа. Тэгэхээр манай яамны  2024 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөр, чиглэл буюу “Замын зураг” тодорсон гэсэн үг. Энэхүү хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллах л үлдлээ.

Хоёрдугаарт,  үйл ажиллагааны хөтөлбөрт орсон уурхай, үйлдвэрийн газруудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тулгамдаж буй асуудлыг нь сонсох, шийдвэрлэх гарц боломжийн талаар санал солилцож, зөвшилцөж, хугацаатай үүрэг даалгавар өгч, эргэн шалгаж ажиллаж байна. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай дээр хоёр удаа ажиллаж,  Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Зүүнбаян төмөр замуудын холболтын цэг, гадаргын төлөвлөлт (Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц)-ийн асуудлыг  газар дээр нь зөвшилцөж, ЗТХЯ болон ЭХЯ-тай хамтарсан шийдвэр гаргасан. Мөн ДТҮ-ийн зүгээс эхний удаа очиход тавьж байсан Гангийн үйлдвэр барих газар,  эрчим хүчний хангамж өргөтгөлтэй холбоотой асуудлыг саяхан Ерөнхий сайдын томилолтын багт орж ажиллахдаа шийдвэрлэхээр боллоо. Мөн Монгол Улсад суугаа гадаад улс орнуудын Элчин сайдууд, тухайлбал БНЭУ, БНХАУ, Австрали, АНУ ИБУИНХУ-ын Элчин сайдууд, НҮБ, Европын  Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны төлөөлөгчидтэй уулзалт хийж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тэдний зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллах талаар сонирхон асууж байна. Зарим нэгэн саналыг ч тавьсан. Тухайлбал, геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалтын чиглэлээр  хамтран ажиллах, зэсийн баяжмал боловсруулах,   хар төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөрүүдэд оролцох сонирхлоо илэрхийлж, олон улсын хөгжлийн байгууллагуудын зүгээс байгаль орчинд ээлтэй, ил тод, хариуцлагатай уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгааг онцолсон.  Үндэсний геологийн албатай харилцаа тогтоож АНУ, Австрали улсын зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.  Элчин сайдуудын зүгээс  дэвшүүлсэн саналуудыг сайтар судлан үзсэний үндсэн дээр цаашид хэрэгжих боломжтой, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй, харилцан ашигтай тодорхой төслүүдийг хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж ажиллана.
 
Та Монголын эрчим хүчний нүүрсний уурхайнууд болон коксжих нүүрсний хамгийн том экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” компани, мөн Салхитын мөнгөний ордын үйл ажиллагаатай танилцжээ. Танилцах явцад юунд төвлөрч, ямар асуудлыг чухалчлан авч үзсэн бэ?
Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Тавантолгой зэрэг томоохон ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх замаар салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх зорилттой  ажиллаж байна.Үүнийг хэрэгжүүлэхэд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүд  түлхэц өгөх нь дамжиггүй. Ажил авснаас хойш   төмөр замын бүтээн байгуулалтын ажлын   явц, нөхцөл байдалтай     хоёр удаа маршрутын  дагуу явж танилцсан. Энэ хоёр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалт орсноор жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болно. Эдийн засгийн хувьд нүүрсийг авто тээврээр  Гашуунсухайт боомт  хүргэхэд  тонн тутамд 28-32 ам.долларын зардал гардаг бол төмөр замаар тээвэрлэхэд 8 орчим ам.доллар болж буурна. 30 сая тонн нүүрс тээвэрлэхэд 600 орчим сая ам.долларын ашиг гарна. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор  Тавантолгойн нүүрс Хятадын хүнд үйлдвэрлэл өндөр хөгжсөн зүүн хойд бүс нутагт очиж,  далайн боомтоор дамжин гуравдагч орны зах зээлд гарах боломжтой.  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу байршилтай ашиглалтын 37 орчим тусгай зөвшөөрөлтэй. Ордуудын эдийн засгийн өгөөж, ашиглалтад орох боломж нэмэгдэх ёстой юм.


Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх хүрээнд “Ногоон гарц” журмыг наймдугаар сарын 5-наас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ журмаар ямар асуудлуудыг шийдвэрлэсэн  бэ? 
“Ногоон гарц”  журмын дагуу уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор жолооч нарыг урд хөршийн нутагт хонуулах боломжийн талаар судалсан. Ямар шинжилгээ өгөх, шинжилгээ ямар хугацаанд хүчинтэй байх, Монгол жолооч нарыг тусгайлан бэлтгэсэн газарт хонуулах Хятадын буудлын стандарт, буудал ямар зохион байгуулалттай ажиллах гэх мэт нарийн төвөгтэй асуудлуудыг ч мөн харилцан тохиролцсон.  “Ногоон гарц”  журмын дагуу уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулах саналыг манай яамны зүгээс боловсруулан Улсын онцгой комисс,  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Ингээд наймдугаар  сарын 5-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Ковид-19 цар тахлын онцгой дэглэмийн үед түр хугацаанд баримтлах журмыг баталсан. Журам батлагдсанаар Монгол, Хятадын хилийн боомтын нэвтрүүлэх чадвар болон гарцыг нэмэгдүүлсэн.
 
2019-2023 онд   хэрэгжүүлэх “Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газраас баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр яамны зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 214 дүгээр тогтоолоор баталсан Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээнүүд нь зөвхөн нүүрсний салбарыг дэмжих чиглэлээр бус улсын   нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангахад онцгой ач холбогдолтой эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн. Тэр дундаа эрдэс түүхий эдийн ихэнх хувийг олборлож буй говийн бүсийн усны асуудлыг шийдвэрлэхгүйгээр хүнд үйлдвэрийн салбарыг  хөгжүүлэх боломжгүй. Иймд хүнд үйлдвэрийн хөгжлийг хангахын тулд нэн тэргүүнд  шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн удирдлагууд,  хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн   Ажлын хэсэг байгуулж, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх тодорхой төслүүдийг тусгасан. Энэ хүрээнд Орхон аймагт зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр, Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт ган бүтээгдэхүүний  үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна. Манай улсын экспортын 90 гаруй хувь нь оюуны болон технологийн багтаамж багатай бүтээгдэхүүн байдаг. Үүнийг өөрчилж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, боловсруулалтын түвшин өндөртэй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэхэд анхаарал хандуулна.
 
Үндсэн хуульд байгалийн баялгийг “Төрийн нийтийн“ зарчмаар зохицуулах заалт тусгасан. Гэтэл саяхан салбарын экс сайд “нийтийн” гэсэн заалт манай яамны хүсэл зорилт байгаагүй гэж мэдэгдлээ. УУХҮЯ энэ заалтад сэтгэл дундуур байгаа юм байна гэж харсан. “Нийтийн“ гэсэн заалтыг хуулиар хэрхэн зохицуулах вэ?
Хууль тогтоогчдын зүгээс болон Үндсэн хууль судлаач, хуульчдын  тайлбарлаж байгаагаар 6.2 дахь заалтын “төрийн нийтийн өмч” гэх зохицуулалт  өмнөх болон одоогийн зохицуулалтын хооронд зарчмын өөрчлөлт байхгүй гэж үзэж байна. Энэ ч агуулгаар “төрийн нийтийн өмч” гэх ойлголт цоо шинээр бий болсон   биш,  1992 оны Үндсэн хуульд заасан суурь харилцаа хэвээр  юм. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт соёрхон батлагдсанаар эрдэс баялгийн салбарын төсөвт төвлөрүүлж буй орлогын тодорхой хэсгээс Баялгийн санд төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, салбарын өгөөжийг олон нийтэд хүртээх, хуримтлал үүсгэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл дээр салбарын мэргэжилтнүүд ажиллаж байна.
 
“Эрдэнэс Тавантолгойн IPO-г олон улсын бирж дээр гаргах ажил үе үеийн Засгийн газрын мөрөөдөл байж ирлээ. Гэвч ордын Зүүн Цанхи дээр 30%-ийн IPO босгох “Эрдэнэс Тавантолгой майнинг” охин компанийг татан буулгасан. IPO хийх үү? 
Уг асуудлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 245, 2019 оны 296 дугаар тогтоол  баталж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага зохион байгуулалтад өөрчлөлт оруулан, зөвхөн Зүүн Цанхийн тусгай зөвшөөрлийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах зорилт тавьж бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Гэвч, Засгийн газрын 2020 оны 146 дугаар тогтоолоор Тавантолгой ордын IPO хийх ажлыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хойшлуулах нь зүйтэй гэж үзсэнээр Засгийн газрын 296 дугаар тогтоол хүчингүй болсон. Тодорхой хугацаа өнгөрсний дараа тухайн   гаргасан шийдвэрийг зөв, буруу гэх нь хэцүү л дээ. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлаас харахад Засгийн газрын  296 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь зөв байж гэж би хувь хүнийхээ хувьд бодож байна. Яагаад вэ гэвэл, өнөөдөр Тавантолгойн ордын орчмоос Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам  барьж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Тавантолгойн ордыг түшиглэн Цахилгаан станц болон Нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг байгуулахаар туссан. Эдгээр бүтээн байгуулалтын  үр дүнд Тавантолгойн ордын үнэ цэнэ, өрсөлдөх чадвар нэмэгдэх нь тодорхой. Эхний ээлжийн бүтээн байгуулалтуудыг дуусгаж байж IPO хийх нь илүү оновчтой болов уу.
 
Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт зогссон. Хөрөнгө оруулалтыг хэрхэн сэргээхээр ажиллаж байна вэ? 
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) өндөр хамааралтай гэж хэлж болно. 2019 оны жилийн эцсийн байдлаар уул уурхайн салбарт орсон ГШХО нь манай улсын ГШХО-ын 75%-ийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нийт 2.37 тэрбум ам.доллар  юм. 2020 оны нэгдүгээр улиралд уул уурхайн салбарт нийт 476.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон нь өмнөх оны мөн үеэс 2.1%-иар буурсан. Иймд уул уурхайн  хөрөнгө оруулалт нь дан ганц  салбарын төдийгүй манай улсын макро эдийн засгийн тогтвортой байдалтай шууд хамаатай. УУХҮЯ  салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлэх зорил¬гоор    хөрөнгө оруулагчидтай хуулийн хүрээнд нягт хамтран ажиллахын зэрэгцээ бодлогын хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нэн тэргүүнд бид хөрөнгө оруулагчдын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах  тогтвортой, ойлгомжтой эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна. Яамнаас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэй эрдэс баялгийн салбарын 10 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдлийг тогтоосон. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Геологи, хайгуулын салбарт хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлэхтэй холбогдуулан  эрх зүйн зохицуулалтыг эргэн харах, олголтыг хялбаршуулах боломжийг мөн судалж байна. Геологи, хайгуулын мэдээллийг хөрөнгө оруулагчдад түргэн, шуурхай хүргэхэд Үндэсний гео мэдээллийн сан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Олон улсын жишигт нийцсэн геологи, судалгааны ажлын тайлангийн каталог “МонгеоКат” системийг Австрали улсын Засгийн газрын дэмжлэгтэй  хөгжүүлэн ашиглаж байна. Уг систем ашиглалтад орсон цагаас   нийт 68 орны 5045, дотоодын 15.8 мянган хэрэглэгчдийн 144 мянган хандалт авсан нь өндөр үзүүлэлт гэж хэлж болно. Энэ бүхний үр дүнд геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэхээс гадна хайгуулын шатанд хөрөнгө оруулагчдад учирдаг эрсдэлийг бууруулна гэж  тооцож байна. Нөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд гадаад хөрөнгө оруулалт, технологи зайлшгүй шаардлагатай энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэнэ.Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжтой талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар нэг талаас хөрөнгө оруулалт, нөгөө талаас түүхий тосны баталгаат нөөцийг нэмэгдүүлэх зорьж ажиллана. Эцэст нь орон нутгийн иргэдийн уул уурхайн талаарх ойлголт, хандлага нь тухайн бүс нутагт хөрөнгө оруулахад чухал шалгуур үзүүлэлтийн нэг  тул орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудыг УИХ, Засгийн газраас баталсан хууль, тогтоомж, шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, уул уурхайн компаниудтай хуулийн хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллахад анхаарлаа хандуулна.

 


 
Оюутолгойн далд уурхайн нөөц 10 тэрбум ам.доллараар хорогдсон мэдээлэл бий. Уул геологийн нөхцөл хүндэрсний улмаас уурхайн ашиглалтад орох хугацаа анх тооцоолсноос 16-30 сараар хойшилж, 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд тохиохоор болж байх шиг байна. Ийм нөхцөлд Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг (2019.11.21) шинэ яам хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байна вэ?
Яамны зүгээс   Оюутолгой төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ цаг үед Оюутолгой ордын нөөц болон орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлд хийх тодотголыг төсөл хэрэгжүүлэгч “Оюутолгой” ХХК гүйцэтгэж байна. ТЭЗҮ-ийн тодотголыг хийхийн тулд эхлээд ордын нөөцийн тодотголыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэнэ. Үүний дараа төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлдэг учиртай. Одоогоор Зөвлөлийн хурлаар ордын нөөцийн болон орд ашиглах ТЭЗҮ-ийн төслийг хэлэлцээгүй байна. УУХҮ-ийн Сайдын 2020 оны гуравдугаар сарын 12-ний өдрийн А/40-р тушаалаар “...нөөцийн тодотгол тайланд” дүгнэлт гаргах шинжээчдийн хэсгийг томилсон байсан. Шинжээчид өөрсдийн тавьсан бүх асуулт,  тодруулгадаа зохих хариултыг авсны дараа, шинжээчдийн хэсгийн шийдвэрээр “...нөөцийн тодотгол тайланг” ЭБМЗ-ийн хурлаар оруулдаг. Иймд одоогоор нөөц багассан болон далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсон эсэх  талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Харин “Оюутолгой” ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээгээр тохиролцсон асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Захиргааны хэргийн шүүх болон Лондоны арбитрын шүүх дээр тус тус маргаан үүссэн. Иймээс ч Монголын талаас   дахин хэлэлцээ хийх саналыг нөгөө талд тавьсан. Уг асуудлаар УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолоор Засгийн газарт дахин хэлэлцээр хийхийг даалгасан. Хэлэлцээр хийх Ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2019 оны 174 дүгээр захирамжаар байгуулж, тус Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны 23 дугаар тушаалаар батлаад байна.

Олон арван жил яригдсан Үндэсний геологийн албыг энэ Засгийн газар шийдэл гарган байгуулж байгаа нь дэвшилттэй алхам. Энэ албаны тэргүүнээр туршлагатай, мэргэжлийн хүнийг томилоосой гэсэн салбарынхны хүлээлт байсаар ирсэн.  Мэргэжлийн хүн ч томилогдлоо. Та энэ талаар юу хэлэх вэ?
УУХҮЯ-ны харьяанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албыг байгуулахаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сард шийдвэрлэсэн.  АМГТГ-ын байсан бүтэц бүрэлдэхүүнээс ажлын байрны тодорхойлолт, мэргэжил тус бүрийн хийж гүйцэтгэдэг ажлын хуваарилалт, онцлог болон Үндэсний геологийн албаны хуулиар заасан чиг үүргийнх нь дагуу 35 ажлын байрыг салгаж, шинэ агентлагийг байгуулсан. Үндэсний геологийн алба нь  Монгол Улсын нутаг дэвсгэр, хөгжлийн бүсүүдийн геологи, ашигт малтмалын мэдээлэл, газрын доорх усны геологийн судалгаа, байгалийн гамшигт өртөх төлөв байдал, экологи-геологийн аюулгүйн үнэлгээ хийж, дэд бүтцийн маршрут, газрын хэвлий болон түүний дээрх байгууламжийн геоэкологи, геотехникийн зөвлөмж, дүгнэлт өгөх үндсэн үүрэг хариуцлага хүлээж, геологийн судалгаа, ашигт малтмалын асуудлаар хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллах маш өргөн чиг үүрэгтэй. Ийм том айлыг мэдлэг туршлагатай, мэргэжлийн хүмүүс удирдана гэсэн салбарынхны хүлээлт зүй ёсных. Үндэсний геологийн албаны даргаар геологийн салбарын бүх л талбарт ажилласан арвин туршлагатай, доктор (PhD) О.Чулуун   ажиллаж байгаа бол дэд даргаар нь АНУ-ын Харвардын их сургуульд геологийн мэргэжлээрээ доктор (PhD) хамгаалсан, гадаадын байгууллагуудад мэргэжлээрээ судалгаа шинжилгээний ажил хийж байсан туршлагатай Б.Уянга   ажиллаж байгаа.

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт сайн явагдаж байна. Гэхдээ монголчуудын санааг зовоож байгаа зүйл бол үйлдвэрийг түүхий эдээр хангах газрын тосны нөөц хангалттай юу гэдэг асуудал. Газрын тосны гурван талбайн (Тосон уул XIX, Тамсаг XXI, БХГ-97 ) 332.4 сая тонн нөөцийг 2010 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авснаас хойш эдгээр талбайд нэмэлтээр хайгуул хийгээгүй. Хайгуулын ажил эрчимтэй хийгдэж байгаа юу?
 Тосон Уул, Тамсаг, Зүүнбаян-Цагаан элсний ордуудад газрын тосны нөөцийг тогтоож Монгол Улсын Эрдэс баялгийн санд бүртгэж авснаас хойш гэрээлэгч аж ахуйн нэгжүүд орд ашиглах төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч эрчим хүчний дутагдалтай байдал, технологийн ус ашиглахад нөөц хүрэлцэхгүй гадаадаас авч ажиллуулах мэргэжилтэй ажилтан, инженер техникийн ажилчдад Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах ажил удааширдаг зэрэг шалтгаанаар газрын тосны олборлолтын хэмжээ төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу хэрэгжихэд хүндрэлтэй байна. Матад-XX талбайд хайгуулын ажил гүйцэтгэсэн “Петро Матад” ХХК-ийн хайгуулын ажил үе шаттай хэрэгжиж дууссан. Хайгуулын ажлын үр дүнгээр тогтоосон газрын тосны нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-өөр хэлэлцүүлэх бэлтгэл ажил хийж байна. ЭБМЗ 5 салбар зөвлөлтэйгээр, төрийн бус байгууллагуудын оролцоог 50% хангасан бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан. “Петро Матад” ХХК-ийн нөөцийн тайлан ЭБМЗ-ийн хурлаар орж батлагдахаар   Эрдэс баялгийн санд тодорхой хэмжээний газрын тосны нөөц нэмж бүртгэж авах боломжтой болно.

Хайгуулын  тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгодог системийг сэргээж өгөөч гэж салбарынхан хүсдэг, шаарддаг.  Сонгон шалгаруулалтын журмаар олгох нь цөөн хэдэн мөнгөтэй компанийн  ажил болж хувирч байгаа. Гэхдээ яам өргөдлийн тогтолцоог сэргээхээр ажиллаж байгаа байх. Энэ талаар тодруулж хэлэх зүйл юу байна вэ?
 Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 974 байна. Маргааш энэ тоо дахиад хэдээр буурна. Бидний тооцоолсноор энэ хэвээр үргэлжилбэл 2024 он гэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл 400 орчим, бүр түүнээс ч бага болно. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо нь хувийн хөрөнгөөр гүйцэтгэх хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын хэмжээнд шууд нөлөөлдөг. Ийм ч учраас геологи хайгуулын салбар   хүнд байдалд байна. 2017 оны 12  дугаар сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгох болсон. Үүний гол шалтгаануудын нэг нь геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийж үр шимийг нь хүртэх зорилгоор бус, зөвхөн дамлан наймаалах зорилгоор авах сонирхолтой хүмүүсийн үйл ажиллагааг хязгаарлах алхам хийсэн гэж хардаг.

Гэвч 2018 оноос өнөөг хүртэл 3 жилийн хугацаанд сонгон шалгаруулалтын журмаар 90 тусгай зөвшөөрөл олгосон нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Иймд эхний ээлжид сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг тогтмол, ил тод, нээлттэй явуулах талаар анхаарч байна. Цаашлаад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр хэрхэн шударга, ил тод олгох боломжийг судалж, шаардлагатай бол сонгон шалгаруулалтын болон үнэлгээний журмыг дахин авч үзэж зөв шударга болгох талаар тодорхой алхам хийгдэх ёстой. Магадгүй, хууль эрх зүйн орчныг сайжруулах, илүү боловсронгуй болгох алхам ч байж болно. 

МАН-ын 2020-2024 онд хэрэгжүүлэх Хөгжлийн гэрээний үндсэн дээр шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гарч байна. Хамгийн эхэнд, уул уурхайн тусгай зөвшөөрөл олголтыг олон нийтэд ил болгож, хууль зөрчиж олгосон тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгоно гэсэн тодорхой заалт бий. Энэ заалтыг хэрэгжүүлж ажиллана гэж хэлж болох уу? 
Эрдэс баялгийн салбарын техник, технологи, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Байгаль орчны багц хуулиудаар зохицуулж байна. Энэхүү хууль тогтоомжид заасан хэм хэмжээний хүрээний үйл ажиллагааг тус яам болон Ашигт малтмал, газрын тосны газар хэрэгжүүлдэг. Тусгай зөвшөөрлийг ил болгохын тулд яаманд бүтцийн өөрчлөлт хийж иргэдийн дундах эргэлзээтэй, үл ойлголцох  асуудлыг ил нээлттэй болгох үүднээс Цахим бодлого мэдээллийн технологийн хэлтсийг шинээр бий болгосон. Энэ хэлтсийн зорилго тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг цахимжуулах, хувь хүний оролцоог багасгах юм. Ингэснээр авилга, хээл хахууль, хүнд суртлаас урьдчилан сэргийлэх юм. Тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар зохицуулж байна.  Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн аж ахуйн нэгжүүдэд холбогдох хариуцлагыг ногдуулан ажиллаж байна. 

Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа.