Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төрөөс 2021 онд баримтлах мөнгөний бодлогыг УИХ баталлаа

УИХ-ын 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг эцсийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлж баталлаа.

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг энэ онд агшиж, цаашид сэргэх хугацаа одоогоор тодорхой бус хэвээр байна. Энэ нь их хямралаас хойших хамгийн огцом уналт болж, улс орон бүр эдийн засгийн хүндрэл, сорилттой нүүр тулж байна. Дотоод эдийн засаг 2017-2019 онуудад сэргэж, тогтворжсон хэдий ч, Ковид-19 цар тахал, түүнээс сэргийлэх арга хэмжээний нѳлѳѳгѳѳр эдийн засагт оролцогчдын хүлээлт ѳѳрчлѳгдѳж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдсанаас эдийн засаг эхний хагас жилд 9.7%-иар агшаад байна.  Энэ үед  төв банк эдийн засгийн уналтаас иргэд, аж ахуйн нэгж, банкны системийг хамгаалах, үүссэн шокыг зөөлрүүлэх зорилгоор i) зах зээл дээрх хөрвөх чадварыг дэмжиж санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх, ii) банкны хяналт шалгалтын журам болон шалгуур үзүүлэлтүүдэд түр тохируулга хийх, өөрчлөлт оруулах, iii) зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг мөнгөний бодлого, макро зохистой бодлого болон микро зохистой бодлогын багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Ирэх онд төв банк хуулиар ногдсон үндсэн зорилтоо хангах, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сорилтыг хохирол багатай даван туулах, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай бодлогын арга, хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд эрх бүхий төрийн байгууллага болон олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллана.

Төв банк инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгалаа. Монголбанк зах зээлийн зарчимд тулгуурлан үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлснээр инфляц сүүлийн 3 жилд зорилтот 8%-ийн орчимд тогтвортой хадгалагдав. 2006-2016 онд жилийн дунджаар 10% буюу харьцангуй өндөр түвшинд, өндөр хэлбэлзэлтэй байсан инфляцыг ийнхүү тогтворжуулснаар инфляцын зорилтыг ирэх онуудад бууруулах боломж бүрдлээ. Үүний зэрэгцээ макро зохистой бодлогыг цар тахлаас шалтгаалан эдийн засгийн төлөв, санхүүгийн орчинд бий болсон сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, банкны системийн эрсдлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байлгах зорилгоор мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. Өмнөх жилүүдэд мөчлөг сөрсөн бодлогоор хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтийг сааруулж, банкны балансын долларжилтыг бууруулах арга хэмжээ авсан нь эдийн засгийн хүндрэлийн үед үүсэж болзошгүй байсан эрсдлийг хязгаарлалаа. 

Санхүүгийн тогтвортой байдлын хүрээнд, Ковид-19-ийн эдийн засгийн хүндрэлийн үед мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарын эрсдэл даах чадварыг хадгалах, хяналт шалгалтын болон зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчны шинэтгэлийг үргэлжлүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн санхүүгийн зах зээл илүү үр ашигтай ажиллах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд санхүүгийн шинэ технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэхэд таатай орчныг бүрдүүлэх, санхүүгийн зуучлалыг нэмэгдүүлэхийг зорьж ажиллах юм. 

Ирэх онд төв банк зээлийн хүү бууруулах, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжлэхтэй тэмцэх тогтолцооны дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэх, санхүүгийн хэрэглэгчийг зайнаас танихтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулахтай холбоотой олон ажлыг төрийн бусад байгууллагатай хамтран хийхээр төлөвлөж байна.

Цаашид Ковид-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засагт бий болсон сөрөг нөлөөллийг бууруулах, үүсэж болзошгүй эрсдлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх шаардлагатай тул Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглэнэ.  

 

Эх сурвалж: Монголбанк