Худалдааны томоохон түншүүд Австрали, Хятадын харилцаа худалдааны салбарт улам бүр хүндэрч байна. Тодруулбал, Австралиас зэсийн баяжмал, дарс, дүнз/гуалин, хавч, арвай, элсэн чихэр, нүүрс зэрэг долоон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлохгүй байх үүрэг даалгаврыг Хятад улс дотоодын компаниуддаа өгсөн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Энэхүү шийдвэр өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас (2020.10.30) эхлэн хэрэгжсэн байна. Гэхдээ уг шийдвэр нь албан бус бөгөөд Австрали улсад чиглэсэн бодлого явуулаагүй, зөвхөн холбогдох хууль, дүрмээ баримталж ажиллаж буй тухай Хятадын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Уг алхмыг Австрали улс анхааралтай ажиглаж байгаа ба харьцангуй хүлээцтэй байр сууринаас хандаж байна. Бээжингийн аливаа мэдэгдэл үнэн бодитой гэж найдаж буйгаа Австралийн Худалдааны сайд илэрхийлжээ.
Бодит байдалд, Хятад улс үнэхээр Австралийг “онилсон” байж болзошгүй аж. Австрали улс аль хэдийнэ нүүрсний худалдаанд Хятадын хоригтой тулгараад буй. Одоо зэсийн баяжмалаа Хятад руу экспортлох боломжгүйд хүрч байна. Гэхдээ дээрх долоон нэр төрлийн бараанд төмрийн хүдэр багтаагүйг дурдах нь зүйтэй. Хятадтай хийх худалдаанаас хамгийн их орлогыг Австралид оруулдаг нь төмрийн хүдрийн экспорт юм. Хятадын энэхүү алхам нь тус улстай улс төрийн хувьд сөргөөцөлдөх нь ямар үр дагавартай болохыг бусад оронд жишээ болгон харуулах зорилготой үйлдэл гэж Австралийн “Lowy Institute” судалгааны байгууллага тайлбарласан байна.
Шинэ коронавирусын тархалтын эх үүсвэрийг шалгаж тогтоох хэрэгтэй гэсэн уриалга Австрали улс дөрөвдүгээр сард гаргасан нь Хятадын эгдүүцлийг ихээхэн төрүүлсэн юм. Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт (2020.11.03) Австрали нь АНУ, Энэтхэг, Японы хамтарсан “Малабар” тэнгисийн цэргийн сургуулилтад нэгджээ. Уг үйлдлийг Хятадын тал ихээхэн эмзэг хүлээж авснаар ийн хариу үйлдэл хийсэн гэж зарим хэвлэлүүд тайлбарлаж байна. Тэнгисийн цэргийн уг сургуулилтад Австрали улс оролцсоноор 2007 оноос хойших анхны тохиолдол болж буй юм.
Тэгэхээр одоо Австрали улс нь АНУ, Хятад гэх хоёр том гүрний дунд хэрхэн тэнцвэрт байдлыг хадгалах нь ихээхэн сонирхол татаж байна.
Австралийн сайн чанарын бараа бүтээгдэхүүнээс Хятад татгалзах нь томоохон гарз хохиролтой. Ялангуяа Австралийн төмрийн хүдэр, коксжих нүүрснээс татгалзахад хүрвэл Хятадын аж үйлдвэрлэлд хүнд тусах нь гарцаагүй. Австралийн уул уурхайн нийлүүлэгчид дан ганц Хятад руу бүтээгдэхүүнээ экспортолдоггүй. 2019 онд хоёр улсын худалдааны нийт бараа эргэлт 240 тэрбум австрали доллараар хэмжигджээ.
Болж буй өрнөлөөс харахад Австралийг АНУ-тай хэт ойртохгүй байх, ялангуяа батлан хамгаалахын салбарт хамтрахгүй байхыг Хятад улс импортын хоригоор анхааруулж байж болох юм.
Б.Төгс