Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төсөв 2021:  Уул уурхай орлогын дээд амжилтаа шинэчилнэ

Б. Төгсбилэгт


Ирэх оны төсөв  нь төсвийн тусгай шаард­лагадаа буцаж ний­цэх “аянд гарсан”   онцлогтой  байх болно. 2020 онд цар тахлын улмаас нэг жилийн хугацаанд төсвийн тусгай шаардлагыг мөрдөхгүй байх хуулийн эрх эдэлж байгаа билээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний -12.5%-тай тэнцэж байгаа бол ирэх онд төсвийн тусгай шаардлагын дагуу алдагдал -5.1%-иас хэтрэх ёсгүй.

Иймд ирэх оны төсвийг тусгай шаардлагад нийцүүлэхийн тулд зарлагыг өмнөх оноос 4.3%-иар бууруулж, орлогыг боломжит хэмжээгээр   өсгөжээ. Үр дүнд нь төсвийн алдагдлыг -5.1%-д барина гэсэн үг. Нэг үгээр, орлогын өсөлт, зарлагын хумилтаар ирэх оны төсвийн алдагдал 2020 оныхоос даруй 2.6 их наяд төгрөгөөр буурахаар байна. Улмаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан хэмжээг  баримталсан.

Гэхдээ орлого дээр эрсдэл учирч мэдэхийг Үндэсний аудитын газар анхаарууллаа. Тухайлбал ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оны гүйцэтгэлээс 892.3 тэрбум төгрөг, 2020 оны төсвөөс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөсөн нь гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр төсвийн орлогын гүйцэтгэлд эрсдэл үүсэж болзошгүй байна гэжээ. 
Ирэх он цар тахлын дараах сэргэлтийн эдийн засгийн жил байх болно гэдгээрээ ихээхэн онцлогтой жил. Өөрөөр хэлбэл “гутранги” жилийг ардаа үдэж илүү их “сэргэлт мэдрэгдсэн” жилийг угтана гэсэн үг. Гэхдээ одоогийн байдлаар цар тахлаас ирэх онд бүрэн ангижирна гэсэн амлалтыг хэн ч өгч чадахгүй байна. Энэ тухайд Сангийн яам манай улс цаашид цар тахлыг дотооддоо алдахгүй байх, тэр тусмаа уурхайнуудад дэгдэхээс сэргийлэх нь ихээхэн чухал болохыг тэмдэглэлээ. 

Сайн мэдээ гэвэл төсвийг өргөн бариад, хэлэлцэж  байгаа энэ үед манай улс ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас (2020.10.23) гарч чадлаа. Үүний өмнөхөн Европын холбооны татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас гараад (2020.10.06) байсан юм. 
Засгийн газар  ирэх онд эдийн засгийн өсөлт 7.2%-д хүрнэ гэж таамаглалаа.  Өөрөөр хэлбэл ирэх онд ДНБ-ийн хэмжээ 42.2 их наяд төгрөгт хүрэхээр байна. 

Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн тухайд дотоод зах зээлээс ихээхэн хэмжээний бонд босгохоор төлөвлөсөн. Тухайлбал дотоод зах зээлд 2,166 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, гадаад төслийн болон хөтөлбөрийн зээлийн шугамаар 1,561.1 тэрбум төгрөг татна гэж төлөвлөжээ. Мөн Тогтворжуулалтын сангаас 156 тэрбум төгрөг, харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдлээс 150.9 тэрбум төгрөг бүрдүүлнэ гэж тооцсон байна. Эдгээр эх үүсвэрээс нийтдээ 4,034 тэрбум төгрөг  бүрдүүлж, 2153.7 тэрбум төгрөгийн төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Үлдсэн хэсгээр нь гадаад, дотоод бондын үндсэн төлбөр, мөн гадаад төслийн зээлийн төлбөрийг барагдуулахад зарцуулах юм байна.

Есдүгээр сарын 30-нд 2021 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Төслийг өргөн барихын өмнөх өдөр нь Монгол Улс 600 сая ам.долларын “Номад” бондыг 5.1%-ийн хүүтэй  босгож чадсаныг Сангийн яам баяртайгаар мэдэгдсэн. Уг бонд нь 5.5 жилийн хугацаатай бөгөөд бондын мөнгөөр ирэх онд төлөгдөх байсан (10.8%-ийн хүүтэй 500 сая ам.долларын) “Мазаалай” бондын дийлэнх хэсгийг, 2022 онд төлөгдөх (5.1%-ийн хүүтэй 1 тэрбум ам.долларын) “Чингис” бондын багахан хэсгийг сольж буй юм. Ингэснээр Засгийн газрын өр төлбөрийн дарамтыг жигдлэх ихээхэн ач холбогдолтой ажээ. Хэдийгээр эдийн засагчид өрийг дахин санхүүжүүлдэг зогсолтгүй эргүүлэгт манай улс орж байна гэж шүүмжилж байгаа ч харьцангуй бага хүүтэй бонд босгож чадсандаа засаг ихээхэн олзуурхан байна. Үндэсний аудитын газар “баярлах эрт байгаа”-г анхааруулж, цаашид “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийн хүрээнд үргэлжлүүлэн ажиллах зөвлөмж засагт өглөө. 
Ирэх онд манай улс өрийн үйлчилгээний төлбөрт нийтдээ 3,017.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар байгаа юм. Энэ нь улсын нэгдсэн төсвийн нийт орлогын 23%-тай тэнцэж байна. Мөн уул уурхайн салбараас төсөвт орох нийт орлогын 89%-тай дүйнэ гэсэн үг. 

Энэ онд манай улсын  Засгийн газрын нийт өр нэрлэсэн дүнгээр 28.7 их наяд төгрөгт хүрэхээр байна. Ирэх онд өрийн хэмжээ даруй 2.44 их наяд төгрөгөөр нэмэгдэж 31.1 их наяд төгрөгт хүрнэ гэдгийг Үндэсний аудитын газар онцолжээ. Тус байгууллагын өгсөн зөвлөмжөөр Засгийн газрын нийт өрийн 87.5%-ийг гадаад зээл, бонд эзэлж байгаа нь ханшийн эрсдэл дагуулж буйг анхаарууллаа. 


 

Гэхдээ 2021 оны төсвийн төсөлд дурдсанаар   Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн цэвэр үнэ цэнээр ДНБ-ий 61.9%-тай тэнцэхээр байгаа нь Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байна гэж эерүүлэн тайлбарлажээ. Уг үзүүлэлт 2022 онд 56.5%, 2023 онд 53.2%-д хүрч буурах  ажээ.


Зэс, нүүрснээс төсвийн орлогын 21.4% бүрдэнэ

Ирэх онд 42 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсийн баяжмал тус тус экспортолж, төв банк 20 тонн алт худалдаж авахаар тооцоолсон байна. 
Уул уурхайн салбараас   3.4 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон нь биеллээ олбол түүхэн дэх хамгийн өндөр орлого болно. Энэ нь төсвийн орлогын 26%-ийг бүрдүүлнэ. Энэ дундаа зэсийн баяжмалын орлогоос 1.5 их наяд төгрөг, нүүрсний салбараас 1.34 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ. Энд хоёр онцлох зүйл бий. Нэг нь Оюутолгойн баяжмал дахь алтны агуулга  ирэх онд үлэмж хэмжээгээр өсч, улмаар зэсийн баяжмалын борлуулалтын орлогод эерэгээр нөлөөлнө. Харин нөгөө нь нүүрсний салбарын экспортыг   дахин 42 сая тонноор төлөвлөсөн  явдал юм. 


Энэ нь Хятадын эдийн засгийн сэргэлтээс гадна “Ногоон гарц” түр журмын үргэлжлэл болон гаалийн шинэчлэлийн хүрээнд биелэх бүрэн боломжтой гэж Сангийн яам үзэж байна. Гэхдээ бодит байдал дээр энэ зорилтод манай улс хүрэхээр оролдоод хоёронтаа бүтэлгүйтсэн. Хэдий тийм ч гурав дахь удаагаа “даагаа нэхэх”-ээр зориг шулуудахад буруудах зүйлгүй гэж Ч. Хүрэлбаатар сайд үзсэн бололтой. 
Нүүрсний зорилтыг Үндэсний аудитын газрын төсөвт хийсэн дүгнэлтэд “Нүүрсний экспортын хэмжээг 2019 оны гүйцэтгэлээс 14.4%-иар өндөр буюу 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн нь борлуулалтын тоо хэмжээ биелэхгүй байх эрсдэлтэй  тул экспортыг нэмэгдүүлэхэд холбогдох яам, агентлаг, орон нутаг дахь төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулж, тодорхой арга хэмжээг оны эхнээс хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж сануулжээ. 
Ирэх онд зэсийн зах зээлийн үнэ 6500 ам.доллар буюу тэнцвэржүүлсэн үнээс 19%-иар их байх төлөвтэй гэж Сангийн яам тооцлоо. 2021 оны төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 5456.1 ам.доллар/тонн, нүүрснийхийг 76.3 ам.доллар/тонн байхаар таамагласан. Уг ханшийн төлөвөөр, Тогтворжуулалтын санд зэсийн орлогоос 100.8 тэрбум төгрөг, нүүрсний орлогоос 55.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Зэсийн ханшийн төлөв сайжирч байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлтөд хурдасгуур болох дүр зураг харагдана. 


“Ирээдүйн өв сан” ирэх онд нийт 1.2 их наяд төгрөгийн “зузаатгал” хийнэ. Тодруулбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос 990.1 тэрбум төгрөг, төрийн эзэмшлийн ком­па­ниудын ногдол ашгаас 155 тэрбум төгрөг, хүүгийн орлогоос 35 тэрбум төг­рө­гийг тус тус төвлөрүүлэхээр тусгажээ. 

Газрын тосны орлогоор нийт 183.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.  Ингэхдээ 5.8 сая баррель тосыг баррель тутмыг 47.9 ам.доллараар экспортлохоор тооцжээ.  
Улсын хэмжээнд 6.6 сая га талбайд 1676 ашиглалтын, хайгуулын 1075 лиценз буюу нийт 2751 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Тусгай зөвшөөрлийн төлбөрөөр ирэх онд 31.2 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж Сангийн яам төлөвлөлөө. 
2021 оны төсвийн гол онцлог нь төсвийн тогтвортой байдлыг хангахын сацуу цар тахлын үед иргэдийн амьжиргааг муутгахгүй байхад чиглэнэ. Энэ хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сард 100 мянган төгрөг  олгох хугацааг ирэх оны эхний хагасыг дуустал сунгаад байна. Нөгөө талдаа засаг мөчлөг сөрсөн бодлого явуулж нийгэм, орон нутгийн шинж чанартай төслүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр  төсвийн хөрөнгийн зардалд 3.49 их наяд төгрөг төсөвлөсөн юм. Мөн экспортыг нэмэгдүүлж, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх, гадаад бондын эргэн төлөлтийг төсөвт дарамт учруулахгүйгээр өрийн менежмент хийх зэрэг зорилтоор  2021 оны төсвийг боловсруулсан байна.

Сангийн яам 2023 он дуустал манай улсын эдийн засгийн өсөлт 6%-тай байна гэж тооцооллоо. Үүнд эрдсийн зах зээлийн ханшийн таатай байдал нөлөө үзүүлэхийн зэрэгцээ дотоодод хэрэгжиж буй төслүүд хүч нэмнэ. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, цэвэрлэх байгууламж, Оюутолгойн далд уурхай болон эрчим хүч, авто замын дэд бүтцийн бүтээн байгуулалт зэргийг нэрлэж байна.