Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

С.Болд:  Хямралын үед иргэдийн бодит орлого, ажлын байрыг хамгаалах шаардлагатай

The Mongolian Mining Journal /Oct.2020/

Эдийн засгийн нөхцөл байдал, хандлага, цар тахлын үед бусад улс орны хэрэгжүүлж буй бодлого, Үндэсний баялгийн сан байгуулах тухай болон цаг үеийн сэдвээр Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч С.Болдтой  The Mongolian Mining Journal-ын сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.

Үндэсний баялгийн сан байгуулах асуудлаар Та байр сууриа илэрхийлнэ үү?
Эрдэс баялгийн орлогыг зүй зохистой удирдах хууль эрх зүйн орчин Монгол Улсад хангалттай бүрдсэн. Хамгийн гол нь хуулийн хэрэгжилтийг хангаж бодит гүйцэтгэл гаргадаг байх, хуульд заасны дагуу хуримтлалын сангуудыг мөнгөтэй болгох эерэг, тогтвортой орчинг бүрдүүлэх асуудалд түлхүү анхаарах хэрэгтэй. Уул уурхайн мөчлөгийн савлагаанд бага өртөж, учрах сөрөг нөлөөг зөөлрүүлэн, улсын төсвөө аль болох тогтвортой байлгахын тулд 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болсон. Гэвч Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө анх хуульд заасан   ДНБ-ий 5%-иас доошгүй байх, цаашилбал 10%-д хүргэх зорилт өнгөрсөн 10 жилд биелж байсангүй. Бүр 2017 онд оруулсан хуулийн өөрчлөлтөөр “Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь ДНБ-ий 5%-иас доошгүй байна” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Төсвийг алдагдалгүй байлгах, улмаар төсвөөс хуримтлал үүсгэх амлалтууд энэ мэтчилэн суларсаар, хуульд өөрчлөлт оруулах явдал түгээмэл зуршил болсон.

2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан. Энэ хууль бол маш өргөн судалгаа, үндэслэлд тулгуурлаж боловсруулсан сайн хууль юм. Үндсэндээ Монгол Улсын урт хугацааны хуримтлалын сан буюу Баялгийн сан нь Ирээдүйн өв сан юм. Гэвч хуулийг хэрэгжүүлэх, бодит гүйцэтгэх нь гол асуудал хэвээр байсаар байна. Дахин нэг шинэ хууль батлах  юм уу, шинэ сан үүсгээд Монгол Улс хуримтлалтай болчихгүй. Монгол Улсын санхүүгийн салбарт ажиллаж байгаа байгууллагуудын тоо олон ч, мөнгө, санхүүгийн эх үүсвэр нь бага, хүрэлцээ муутай байдагтай адил сангууд хуримтлал багатай, зарим нь хоосон шахам байна. 
Зүйрлэвэл, байгаа “савнуудаа” дүүргэхээс нэмж хоосон “сав” бий болгох нь чухал биш, харин ч байгаа тогтолцоондоо сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд аливаа шинэ хууль батлахын өмнө байгаа нөхцөл байдал, хууль зүйн орчноо эхлээд зөв судалж дүгнэн, асуудал хуульд байна уу, аль эсвэл хэрэгжүүлэлтэд байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй гэж үзэж байна.  

Цар тахлын улмаас Монголын эдийн засагт агшилт үүсч хямрал бий боллоо. АХБ эдийн засгийн 2020 оны төлөвийг хэрхэн дүгнэж байна вэ?
Оны эхний улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний(ДНБ) гүйцэтгэл гараагүй байхад буюу цар тахлын эхэн үед бид эдийн засгийн өсөлтийн 2020 оны төсөөллийг 4.0 нэгж хувиар огцом бууруулж байсан. Харин зургаадугаар сард хийсэн тооцоогоор ДНБ-ийг энэ онд -1.9%-иар агшихаар төсөөлж байлаа. Энэ нь уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын огцом уналтаас шалтгаалж уул уурхайн бус салбарт үүссэн сөрөг нөлөөтэй шууд холбоотой байсан. Өнгөрсөн есдүгээр сард төсөөллийг бууруулж -2.6% болгосон. Оны эхний хагаст -9.7%-иар агшсан сууринаас ийм өөрчлөлт бий болно гэдэг нь оны дунд үеэс зэс, алт зэрэг зарим металлын үнэ бидний суурь төсөөллөөс давж өссөн, алтны үйлдвэрлэл хүлээгдэж байснаас илүү нэмэгдсэн, нүүрсний экспортын биет хэмжээ 7-8 дугаар сараас өсч эхэлсэн зэрэг сүүлийн үед илэрч эхэлсэн зарим эерэг өөрчлөлт, шинж тэмдгийг харгалзан үзсэн юм. Ингэснээр энэ оны сүүлийн хагасын экспорт эхний хагасын огцом уналтаас харьцангуй сайжирна гэсэн нөхцөлийг гол үндэслэл болгосон байгаа.

ДНБ -2.6%-иар агшина гэдэг гүнзгий хямрал байх нь ойлгомжтой. Цар тахлын улмаас эдийн засагт учирч буй хор хохирлыг хэрхэн тооцож байна вэ?   
2020 оны ДНБ-ий хүлээгдэж буй агшилт нь 1993 оноос хойшхи хамгийн гүнзгий уналт, 2009 оны хямралаас хойшхи анхны тохиолдол болохоор байна. Энэхүү огцом агшилт нь нөлөөллийн сувгуудаар дамжиж эдийн засгийн бүхий л салбарт сөрөг үр дагавар үүсгэсэн. Экспортын огцом бууралт, гадаад худалдаа, валютын нийт урсгалын агшилтууд нь улсын төсөв, мөнгө, санхүүгийн агрегатууд болон эдийн засгийн бодит салбаруудад хүндрэл бий болгож, ялангуяа хувийн хэвшил, түүний дотор ажлын байр ихээр шингээдэг бичил, жижиг, дунд бизнест сөргөөр нөлөөлж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний хагас жилд боловсруулах үйлдвэрлэл, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ, урлаг үзвэр, тоглоом, наадам, цахилгаан хий, уур, агааржуулалтын хангамж гэсэн таван салбарт 33 мянган хүнээр буюу 13.9%-иар ажиллагсдын тоо буурсан байна. Энэ нь хямралын үед хөдөлмөрийн зах зээл, иргэдийн бодит орлого, ажлын байрыг хамгаалах шаардлагатай гэсэн үг. Банкны салбарын баланс агшсаар байна. Ийм хүнд үед ажлын байр, өрхийн бодит орлогыг хамгаалах, нийгмийн тогтвортой байдлыг хангах, ажил эрхлэлтийг дэмжих, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгалах, эдийн засагт бүтцийн шинжтэй шинэчлэл хийх бодлого зайлшгүй чухал.

2021 оны эдийн засагт сэргэх хүлээлт зонхилж байна. Гэхдээ сэргэлтийн хэлбэрийн тухайд дэлхий нийтэд харилцан адилгүй байр суурьтай байна. АХБ ирэх онд Монголын эдийн засгийн сэргэлтийг хэрхэн төсөөлсөн бэ?
“Азийн хөгжлийн төлөв” шинэчил­сэн тайланд дүгнэс­нээр, 2020 оны туршид эдийн засгийн бүхий л төсөөллүүд муудаж, хөгжиж буй Азийн эдийн засаг -0.7%-иар агшихаар төсөөлж байгаа нь сүүлийн жаранд анхны тохиолдол болохоор байна. Харин ирэх онд, 2020 оны эдийн засаг агшсан нам сууринаас өсөх буюу суурь үеийн нөлөөгөөр бүс нутгийн  эдийн засаг 6.8%-иар өсөх төсөөлөлтэй байгаа юм. Гэвч цар тахлын өмнөх үеийн хүлээлтэд дөхөж очихгүй, тахлын нөлөө 2021 онд бүрэн арилахгүй тул бүс нутгийн эдийн засгийн сэргэлт “L” хэлбэртэй байна. 

Энэхүү тайланд дурдсанаар, БНХАУ-ын эдийн засаг 2021 онд 7.7%-иар өсөх төлөвтэй. Монгол Улсын эдийн засгийн тухайд мөн л 2020 оны агшсан сууринаас 2021 онд 5.1%-иар өсөх  төсөөлөл байгаа юм. Ирэх жил  экспортын эрэлт, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын өсөлт, дотоод эрэлт 2020 онтой харьцуулахад сайжир­на гэсэн хүлээлттэй байна. Гэвч эдгээр суурь төсөөл­лийг бууруулж болзошгүй эрсдэлүүд бий. Мэдээж, дэлхий нийтийн эрүүл мэндийн эрсдэл, тодорхой бус байдал буурахгүй байх, үүнтэй уялдан хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээг сулруулах буюу цуцлах боломжгүй болох, улмаар цар тахлын дараах эдийн засаг сэргэх хугацаа хойшилж болзошгүй.  

Үүнээс гадна дэлхий дахинд санхүүгийн зах зээл, банк, санхүүгийн салбарын эрсдэл нэмэгдэж байгааг анзаарах хэрэгтэй.

Хямралын үед бусад улс орон, жишээ нь АХБ-ны гишүүн орнууд эдийн засгийн ямар бодлого түлхүү хэрэгжүүлж байна вэ?
2020 оны эхний улирлаас эхлээд АХБ-ны гишүүн орнуудад нийтлэг ажиглагдсан зүйл нь цар тахлын улмаас эдийн засаг, санхүүгийн салбар, нийгмийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлийг бодитой үнэлж, түүнд үндэслээд ирээдүйн хүлээлтээ өөрчилж, улмаар бодлогын тохиргоог нэн яаралтай хийхийг зорьсон нь хямралын эсрэг цогц бодлого, хөтөлбөрийн хөрс суурь нь болсон. Тахал дэгдэх үеийн бодлогын энэ зайлшгүй өөрчлөлт нь “хямралын эсрэг мөчлөг сөрсөн хариу арга хэмжээ” гэж дэлхийн улс орнуудад түгээмэл нэршиж байна. Тухайн бодлого оновчтой, эдийн засгийг том зургаар харж өргөн хүрээг хамрах, дэмжлэг шаардлагатай салбарт  хүрэх, иргэд, хувийн хэвшил, санхүүгийн салбарт учирч байгаа сөрөг нөлөөг зөөлрүүлж чадах эсэхээс хямралын эрсдэлээ зөв үнэлсэн үү, хямралын үргэлжлэх хугацааг бодит байдалд дөхүүлж, ханатай харж чадаж байна уу гэдгээс ихээхэн хамаарна.

Цар тахлын хямрал нь эрэлт, нийлүүлэлтийг нэгэн зэрэг хязгаарласан, төлбөрийн тэнцлийн, санхүүгийн гэх мэт өмнөх хэдэн арван жилд тохиолдож байсан хямралуудаас учир шалтгаан, шинж чанарын хувьд өөр. Эдийн засаг буцаад сэргэх цаг хугацааны тодорхой бус байдал ч үлэмж их. 
Гэхдээ төлбөрийн тэнцэл, улсын төсөвт дарамт үүсгэж, бодит салбарууд, тэр дундаа санхүүгийн салбарт сөрөг нөлөө үүсгэж байгаагаараа өмнөх хямралуудтай ижил. Нэгэнт л хямралын далайц маш хүчтэй, нөлөөлөл нь гүнзгий, тодорхой бус байдал асар их байгаа үед улс орнуудын макро бодлого бүхэлдээ хүн амын болон эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалж, учрах сөрөг нөлөөг зөөлрүүлсээр цар тахлын дараах өсөлтийн мөчлөгтэй залгахыг л чухалчилна.

Энэ ч үүднээс АХБ-ны гишүүн улс орнууд нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн тогтвортой байдлыг хангах, ажлын байрыг хадгалах, санхүүгийн салбарт системийн шинжтэй эрсдэл болон тогтворгүй байдал үүсгэхгүй байхад чиглэсэн багц хөтөлбөрүүдийг голлон хэрэгжүүлж ирлээ. Эдгээр хөтөлбөрийн санхүүжилтийг улсын төсөв, мөнгөний бодлогын арга хэрэгслийг хослуулж, олон улсын санхүүгийн байгууллагуудын хөгжлийн санхүүжилт болон дотоод зээлийн боломжуудыг түлхүү ашиглах замаар голлон шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн дотоод суурь урьдач нөхцөл нь иргэдийн эрүүл мэнд, ажил эрхлэлт, нийгмийн хамгаалал, санхүүгийн тогтвортой байдал гэдэг нь хэнд ч ойлгомжтой биз ээ. Ийм учраас дэлхийн улс орнууд хямралын эсрэг бодлогоо өргөн хүрээнд тодорхойлж, эдгээр суурь зорилтыг нэг бүрчлэн онилж шийдэхийг хичээж байна. Аливаа хямралын эрсдэлийг дутуу үнэлэх, нөлөөллийн хүрээг дутуу тооцох, үргэлжлэх хугацааг дутуу харах нь бодлогын анхны томьёолол, хэрэгжилт, үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс Ковид-19 цар тахлын онцгой цаг үед эдийн засаг, санхүүгийн салбарын нөлөөллийг өргөн хүрээнд харж, “анатомийг” нь зөв схемчилж, тооцоо, төсөөллөө байнга шалган нягталж, бодлогын тохируулгыг цаг тухай бүр оновчтой хийж байх нь чухал.

Улс орнууд их хэмжээний санхүүжилт бүхий бодлогын багцууд зарлаж хэрэгжүүлсээр байна. Тэгвэл АХБ гишүүн орнуудаа чухам яаж дэмжиж байна вэ?
Энэ оны аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар, АХБ-ны гишүүн орнуудын Ковид-19 цар тахлын эсрэг багц бодлогын нийт санхүүжилт 25.5 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. Үүний 3.7 орчим их наяд ам.доллар нь АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудад ногдож байгаа юм. АХБ гишүүн орнуудаа дэмжихээр цар тахлын эсрэг 20 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц баталснаас аравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар 14.1 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийг  олгосон байна. Үүнд бусад байгууллагатай хамтарсан санхүүжилтийн дүн ороогүй. Монгол Улсад үзүүлсэн дэмжлэгийн тухайд,  төслийн зээл, техник туслалцаанаас гадна Ковид-19 цар тахлын үед эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, эдийн засаг, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр төсвийн зээл, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийг дэмжих санхүүжилт олгож байна.      

Манайд эдийн засгийн хямралын эсрэг бодлого хэр үр дүнтэй байна вэ? Юунд илүү анхаарах шаардлага үүсч байна?
Хямралын үеийн төсөв, мөнгөний бодлогын хослол нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн хамгаалал үзүүлэх, иргэдийн нэрлэсэн орлогод дэмжлэг өгөх, эмзэг бүлгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэгт голлон чиглэж байна. 
Эдийн засагт мөнгөний нийлүүлэлт улсын төсвөөр хийгдэж байгаа юм. Үндэсний тооцооны оны эхний хагасын гүйцэтгэлээс харахад, эдгээр бодлого өрхийн нэрлэсэн орлогод бий болсон ачааллыг зөөллөх, хувийн хэрэглээг агшуулахгүй байлгахад эерэгээр нөлөөлсөн байна.

Үүний зэрэгцээ хямралын нөлөөллийг хувийн хэвшлийн зээлийн сувгаар дамжуулж зөөлрүүлэх бодлогын чухал хувилбар бий. Учир нь хувийн хэвшил хүндрэлд орсноор олон мянган ажлын байр алга болох, дотоод активууд үнэ цэнээ алдах, татварын орлогын үндэс суурь сулрах эрсдэлтэй. Цар тахлын үед энэ эрсдэлийг бууруулж ажлын байрыг хамгаалах зорилгоор санхүүгийн болон бодит салбарт хөрвөх чадварын дэмжлэг үзүүлэх бодлого дэлхийн улс орнуудад нэлээд идэвхтэй хэрэгжиж байна. Энэ нь нэг талаас хөдөлмөрийн зах зээл, ажлын байр, ирээдүйн татварын орлогын сууриа хамгаалах, нөгөө талаас зээлийн тасалдлыг багасгах, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих давхар эерэг нөлөөтэй. Хувийн хэвшлийн зээлээр дамжуулж эдийн засагт хөрвөх чадварын дэмжлэг үзүүлнэ гэдэг нь мөнгөний үржүүлэгчийн эерэг нөлөөтэй, эргэж төлөгддөг эх үүсвэр юм. Монголд ялангуяа бичил, жижиг, дунд бизнесийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн мөнгөн урсгал эрс муудсан байгаа тул энэ салбарт хөрвөх чадварын дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага маш их байна.  

УИХ ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. 2020 оны өндөр алдагдалтай харьцуулахад алдагдлыг мэдэгдэхүйц дүнгээр буу­руулж, тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон алдагдлыг ДНБ-ий 5.1%-д барихаар байна. Төсөвт учирч болзошгүй эрсдэлийг Та юу гэж дүгнэж байгаа вэ?
2021 онд тэнцвэржүүлсэн алдагдлыг ДНБ-ий 7.4%-тай тэнцэх хэмжээгээр бууруулж, хуульд заасан зорилтот түвшин болох 5.1%-д хүргэнэ гэсэн чиг хандлага нь эерэг юм. 

Улмаар төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдэлд төсвийн тогтвортой байдлын урт хугацааны зорилт болох алдагдлыг 2%-иас хэтрүүлэхгүй байлгах, цаашилбал төсвийг алдагдалгүй болгох зорилтыг хангахаар заасан байна. Энэ зорилтыг хангахын урьдач нөхцөл нь экспортын орлого, эдийн засгийн өсөлт 2021 онд сэргэх, бизнесийн идэвхжил сайжрах, улмаар төсвийн орлого нэмэгдэх явдал. Хэрэв ийм эерэг орчин бүрдвэл төсвийн бодлогоор эдийн засагт дэмжлэг үзүүлэх хэрэгцээ багасна, үүнтэй уялдаад төсвийн алдагдал буурна гэж тооцож байх шиг байна.

Энд анхаарах асуудал нь эдийн засаг хүлээгдэж байгаа шиг сэргэхгүй бол, төсөвт орлогын дутагдал дахин үүсвэл, хувийн хэвшлийн хүндрэл ужгирч тэр нь хөдөлмөрийн зах зээл, санхүүгийн салбарт нэмэлт эрсдэл учруулбал яах вэ, төсвийн зардлын тохиргоог хэрхэн хийх вэ. Ийм сөрөг нөхцөлийн үед зардал талд дахиад ачаалал үүсч болзошгүй. Гэтэл төсвийн боломж өөрөө хязгаарлагдмал. Дан ганц төсвийн бодлогоор энэ бүх хямралыг давж, асуудлыг шийднэ гэх ойлголт өрөөсгөл. Төсвийн бодлого чухал үүрэгтэй ч  аливаа хямралыг давахад мөнгө, зээлийн бодлоготой зөв хослуулах учиртай. Тийм учраас ямар ч нөхцлийн үед төсвийн зардлын бүтэц оновчтой байх, зардал зохистой түвшинд байх, төсвийн хөрөнгө оруулалт үр ашигтай байх, хуульд заасан тусгай шаардлагуудаа хангадаг байх, төсвийн бодлого нь мөнгөний бодлогодоо орон зай үүсгэдэг байх зарчмыг орхигдуулж болохгүй.   

УИХ-аас Зээлийн хүүг бууруулах стратеги баталлаа. Мөн ирэх онуудад инфляцийн зорилтыг бууруулж байна. Зээлийн хүү буурах бодит боломж байна уу?
Аливаа стратегид тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх орчин нөхцөлийг нь сайтар бүрдүүлж, хэрэгжилтийг нь бодитой хангаж чадвал хүү буурах боломж мэдээж байлгүй яахав. Гэхдээ өмнөх 10 жилд Монголд энэ чиглэлээр баталж хэрэгжүүлж байсан хөтөлбөр, стратегийн гол сургамжийг санавал зээлийн хүү зах зээлийн жамаар буурах эерэг орчинг бүрдүүлэх, түүнийг тогтвортой хадгалах асуудал энэ зорилтод гол саад тотгор болж байсан.

Инфляци өндөр, эдийн засаг тогтворгүй, бизнесийн орчин таагүй, валютын урсгал байнгын савлагаатай бөгөөд гачигдмал, санхүүгийн эх үүсвэр дутмаг болоод олдож байгаа нь үнэтэй, зээлийн эрсдэл өндөр, зээл өгөх санхүүгийн байгууллагууд итгэлгүй байвал хүү яаж буурах билээ. Зээлийн хүү буурах эсэх нь түүнд нөлөөлдөг бүхий л эрсдэл, зардлыг бууруулахаас эхэлнэ. Санхүүгийн эх үүсвэр хомс, эдийн засгийн эрсдэл өндөр бол зээлийн хүү буурахгүй. Ковид-19 цар тахлаас хойш банкны салбарт харилцах дансны эх үүсвэр огцом буурч, зээлийн багц агшиж, активын чанаргүйдэл үргэлжилж байна. Нөгөө талд нь аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг хэрэгтэй байгаа ч төдийлөн олдохгүй, мөнгөний хомсдол үүсч байна. Хямралын үед банкууд зохистой харьцаа, олгосон зээлийн эргэн төлөлт болон зээлийн бүтэц, нөхцөл өөрчлөхөд бүх анхаарлаа төвлөрүүлж байгаа нь ойлгомжтой. Тиймээс зээлийн хүү гэхээс илүүтэй одоо системийн хэмжээнд үүсээд байгаа зээлийн тасалдал, бодит салбар дахь мөнгөний дутагдал, хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах тухай асуудлууд хямралын үед илүү анхаарах ёстой сэдэв болов уу.  

Хямралыг нөлөө талаас нь боломж гэдэг. Ковид-19 цар тахлын хямралын үед Монголд ямар боломжууд шинээр үүсч байна вэ?   
Эрүүл мэнд, боловсрол, төрийн алба, хөрөнгийн зах зээл, засаглал, засаг захиргаа, хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэлүүд, цахим шилжилт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний хангамж, нийлүүлэлт, аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийг удирдах тогтолцоо, экспортын өрсөлдөх чадвар, уул уурхайн бус салбарын дотоодын үйлдвэрлэл, бүтээмж, технологи, инноваци гээд дурдаад байвал олон талбарт бүтцийн шинэчлэлийг эргэлт буцалтгүй хийх хэрэгтэй болж байна. Эдгээр нь бүгд шинээр бий болсон боломж гэхээс илүүтэй өмнө нь байсан боломжийг олж харж ашиглахтай түлхүү хамаарах байх.  

Ярилцсанд баярлалаа. 

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.52.78)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 02 сарын 24 | Хариулах