“ThyssenKrupp” компани ган үйлдвэрлэлээс ялгарч буй нүүрсхүчлийн хийг бууруулах “Carbon2Chem” төслийн хоёр дахь үе шатыг амжилттай хэрэгжүүлсэнд Германы Холбооны боловсрол, эрдэм шинжилгээний яамнаас (BMBF) 75 сая евро олгожээ. Хэвлэлийн мэдээнд дурдсанаар тус компани 2050 он гэхэд гангийн “ногоон” үйлдвэрлэл рүү бүрэн шилжихээр төлөвлөсөн байна. “Carbon2Chem” төсөл нь ган хайлуулах зууханд нүүрсийг “ногоон” устөрөгчөөр орлуулах зориулалттай аж. Энэ нь CO2 ялгаруулахаас сэргийлж, урт хугацаандаа хүлэмжийн хийн ялгаралгүй гангийн үйлдвэрлэлд шилжих боломжийг олгоно гэж компани үзэж байна.
Төслийн эхний үе шатыг хэрэгжүүлэхэд 2016 онд BMBF нь “ThyssenKrupp” компанид 60 сая еврогийн хөрөнгө оруулжээ. Хоёр дахь үе шатны гол зорилго нь ган үйлдвэрлэл болон химийн синтезийн харилцан үйлчлэлд урт хугацааны тогтвортой байдлыг харуулах, мөн цемент, шохойн үйлдвэрлэл, түүнчлэн хаягдал шатаах үйлдвэрүүд зэрэг бусад салбарт “Carbon2Chem” технологийг ашиглах боломжийг өргөжүүлэх аж.
Аж үйлдвэрлэлийн хаягдал утааны бэрхшээлийг ухаалаг санаа, шинэлэг судалгаагаар амжилттай шийдвэрлэж байгаагийн тод жишээ бол "Carbon2Chem” төсөл юм. “Carbon2Chem” инноваци нь зөвхөн уур амьсгалыг хамгаалахаас гадна бидний урт хугацааны өрсөлдөх чадварыг бэхжүүлж, аж үйлдвэрлэлийн ажлын байрыг хадгална" гэж Германы Холбооны боловсрол, эрдэм шинжилгээний сайд Аня Карличек тайлбарлажээ.
Э.Од