Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор нийгэм, эдийн засагт яаралтай арга хэмжээ авах, тодорхой хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зэрэг 23 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болоод байна. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийлээ.
Оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын төлөвлөгөө 52%-иар буюу 9.5 сая тонноор тасарсан. Тэгвэл оны эхний арван сарын дүн мэдээгээр 25 сая орчим тонн нүүрсийг экспортлоод байна. Энэ нь дөрвөн сарын дотор ойролцоогоор 14 сая тонн нүүрсийг экспортолжээ гэсэн үг. Сард дунджаар 3.5 сая тонн нүүрсийг экспортолж байгаа. Тэгэхээр “Ногоон гарц”-ын журам хэрэгжиж эхэлснээр нүүрс гаргалтыг цар тахлын өмнөх нөхцөл байдалд хүргэж чадахаар байна. Цаашдаа ч энэ хэмжээг нэмэгдүүлэх боломж бий. Монгол Улс ирэх жил 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй.
Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нийт нүүрсний экспортын 95%-ийг хийдэг. Бусад боомтын хувьд экспортын хэмжээ харьцангуй бага. Тийм учраас Тавантолгой орд дээр нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа явуулж байгаа гурван аж ахуйн нэгжийг, мөн Нарийнсухайтын орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн аж ахуйн нэгжийг нэгтгэн халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн бүсүүдийг байгуулна. Түүнчлэн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын хооронд тээвэрлэлт хийж байгаа жолооч нарыг халдваргүйжүүлэлтийн шинжилгээнд хамруулснаар энэ бүс нутгийг ногоон бүсээр зарлах юм. Цаашдаа Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гаалийн шинэчлэлтийн хүрээнд автомат дээж авагч, рентген төхөөрөмж, лаборатори зэрэг шинэ техник технологиудыг нэвтрүүлж экспортын гарцыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн бүрэн хүчин чадлаар ажилладаггүй Ханги, Замын-Үүдийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлснээр нүүрсний экспорт нэмэгдэнэ гэж харж байна.
Г.Идэр