Монголын экспортын голлох түүхий эдийн нэг зэсийн баяжмалын хувьд зах зээл таатайгаар өрнөж байна. Лондоны металын бирж дээр өнгөрсөн баасан гаригийн (2020.11.20) байдлаар, тонн зэсийн үнэ 7195 ам.долларт хүрч хаагджээ. Энэ нь 2018 оны зургадугаар сараас хойших хамгийн өндөр дүн юм.
Дэлхийн зэсийн хоёр дахь томоохон олборлогч улс Перуд сүүлийн хоногуудад улс төрийн тэмцэл хөдөлгөөн өрнөснөөс үүдэн тус улсын нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор зэсийн үнэ өссөн гэж шинжээчид тайлбарлаж байна.
Нөгөөтэйгүүр, Ковид-19-ийн эсрэг 95%-ийн үр дүнтэй вакцинаа АНУ-д бүртгүүлэх хүсэлтээ өгсөн тухай “Pfizer”, “BioNTech” компаниуд өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн нь зэсийн ханшийн өсөлтөд нөлөөлжээ. Тус компани Европ, Австрали, Их Британи, Японд вакцины зөвшөөрөл авахаар хандаад байгаагаа мөн мэдэгдсэн байна.
Цаашид зэсийн ханш буурна гэж үзэхгүй байгаагаа эдийн засагч Дэвид Розенбэрг илэрхийлжээ. Учир нь ирэх онд Хятадын эдийн засгийн өсөлт 6%, түүнээс ч дээш хэмжээнд хүрснээр зэсийн ханш буурахаас сэргийлнэ гэж тэрээр тайлбарлаж байна. Харин АНУ-ын өсөлт 1-2%, магадгүй үүнээс доогуур ч байж мэднэ гэсэн таамаглал дэвшүүлжээ.
Б.Төгс