Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Энэ онд Монголын нүүрсний экспорт 30 сая тоннд хүрэх боломж бага

Аравдугаар сараас Хятадын коксжих нүүрсний импортын бүтцэд томоохон өөрчлөлт гарч эхлэв. Тодруулбал, тухайн сард Хятад нийт 5.9 сая тонн коксжих нүүрс импортолсон бөгөөд 1.5 сая тонн коксжих нүүрс Австралиас худалдан авч өмнөх сарынхаас 12.4%-иар буурчээ. Энэ нь сүүлийн таван сарын хамгийн бага үзүүлэлт боллоо. Үүний гол хүчин зүйл нь хоёр улсын хоорондын худалдааны маргааны улмаас Хятад нь Австралиас коксжих нүүрсний импортоо мэдэгдэхүйц бууруулж байна. Одоо Хятадын зүүн хойд эргийн далайн боомтуудад Австралийн 4.1 сая тонн коксжих нүүрс тээвэрлэсэн 39 хөлөг онгоц саатсан тухай “Аргус Медиа” мэдээлэв.

Харин Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, аравдугаар сард Монгол Улсаас 3.3 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 14%-иар өсчээ. Манай улс аравдугаар сард нийт 4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх есдүгээр сарын дүнгээс 600 мянган тонноор бага юм. Эхний арван сарын хугацаанд Монгол Улсын нүүрсний экспортын нийт хэмжээ 23.9 сая тонн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26%-иар буурсан үзүүлэлт юм.

КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс хоёрдугаар сараас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж хилээ хааснаар нүүрсний экспорт 40 гаруй хоног тэг зогсолт хийсэн билээ. Гуравдугаар сарын дунд үеэс нүүрсний экспортыг эхлүүлж үндсэндээ сүүлийн 4 сард сэргэж байна. Манай улсын нүүрсний экспорт саарсан тэр зурвас үед Хятадын коксжих нүүрсний зах зээл дэх Монголын орон зайг “нөхөж” Австрали, Орос нүүрсний экспортоо ахиулсан юм.

Энэ оны эхний хагаст, Хятадын коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч орнуудаас ганцаар Монгол Улс хасах үзүүлэлттэйгээр өнгөрсөн оны тэргүүлэх байр сууриа Австралид алдаж, харин Орос нүүрсний экспортоо 3%-иар нэмэгдүүлж чадсан. Хятадын нүүрсний зах зээл дээр асар их өрсөлдөөн явагдаж буй нь энэ. 

2020 оны эхний гурван улиралд Оросын нүүрсний экспорт тогтмол өсч, наймдугаар сараас буурч байгааг графикаас харж байна. КОВИД-19-оос сэргийлэн хилээ хаасан эхний улиралд Монголын нүүрсний экспорт тэг зогсолт хийх үед Оросын нүүрсний нийт экспорт тасралтгүй нэмэгджээ.

Коронавирусын нөхцөл байдлаас Хятадын зах зээлд Оросын нүүрсний эрэлт буурахгүй, харин ч нэмэгдэх боломж үүсч байна гэж ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд Анатолий Яновский мэдэгдсэн билээ. Хятадын нүүрсний томоохон нийлүүлэгчид Австралийн далайн тээвэр саатах, Монголын нүүрсний тээвэр зогссон нөхцөл байдал Оросын нүүрсний экспортод боломж гэж тэрээр үзэж байна. 

Өнгөрсөн онд Орос 190 гаруй сая тонн нүүрс экспортолсноос 27 сая тонн нь коксжих нүүрс юм. Тус улс коксжих нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд төмөр замын дэд бүтцэдээ чамгүй хөрөнгө хаяж, далайн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Оросын коксжих нүүрс маш бага хүхэртэй, өндөр чанартай учир Хятадын худалдан авагчдын сонирхлын татдаг. Нүүрсний хамгийн том зах зээлтэй хил залган орших давуу тал Монгол, Орост аль алинд нь бий. Давуу талаа ашиглан оросууд зөвхөн Хятадад 55 сая тонн, Энэтхэг рүү 30 сая тонн нүүрс экспортлох, цаашлаад дэлхийн нүүрсний зах зээлийн 25%-ийг дангаар эзлэх зорилттой стратегийн баримт бичгийг 2020 онд баталсан. Одоо Орос далай болон эх газраар Хятадын зүүн хэсэгт нийлүүлэхээс гадна Манжуураар зүүн хойд бүс нутагт нүүрсээ хүргэж байгаа юм. Ойрын ирээдүйд төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятадын баруун хэсэгт нүүрс экспортлох хэлэлцээрийг хийж байна. Төмөр замаар оросууд харьцангуй бага нүүрс экспортолж байгаа ч хэтдээ нэмэгдүүлнэ гэж газрын боомтуудаа нарийн царигтай төмөр замаар Хятадтай холбож буйг онцлоё. Өнөөдөртөө Монголын нүүрсний экспортын бүс нутагт  өрсөлдөхүйц биш ч гэлээ аажмаар “өнөөх“ орон зайд Монголтой бус Австралитай эн зэрэгцэн өрсөлдөж байр сууриа тэлэх амбиц хойд хөршид бий.  

Монгол Улсын боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг 1-2 жилдээ нэмэгдүүлж чадахгүй аваас Оросын нүүрсэнд боломж олгоно гэдгийг “S&P Global Platts”-ын шинжээч анхааруулсан удаатай. Манай улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байсан ч коронавирусын нөхцөл байдалтай холбоотой 36 сая тонн болгож 2020 оны төсвийг тодотгосон билээ.Тэгвэл энэ төлөвлөлт биелэх боломжгүй гэж УУХҮ-ийн сайд үзэж 30 сая тонн экспортлох төлөвийг хэлсэн юм.         

Хятадын нүүрсний импорт нэг онцлогтой. Тухайн жилийн төлөвлөгөөт хэмжээгээ барьж оны эцсээр нүүрсний импортоо хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэлээрээ зохицуулдаг. Энэ хандлага сүүлийн 2-3 жилд ажиглагдаж байгаа билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын коксжих нүүрсний импорт түүхэн доод хэмжээнд хүрч, нэг сарын дотор Монголоос татсан хэмжээ 43.1%-иар огцом буурч байв. Тухайн сард АНУ, Канад, Индонезиэс коксжих нүүрс импортлоогүй юм. 2018 онд арваннэгдүгээр сараас Хятад нүүрсний чанарын хатуу чанд журмыг боомтууддаа нэвтрүүлэх гэнэтийн шийдвэр хэрэгжиж экспорт гарц хумигдахад хүрсэн юм. 2017 онд мөн адил жилийн эцсээр Хятадын импорт буурсан байдаг. 2020 онд 72 сая тонн коксжих нүүрс импортлох таамгийг тус улсын нүүрсний мэдээллийн гол суваг “Fenwei Energy”-ээс дэвшүүлжээ. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, энэ оны эхний арван сард тус улс нийт 65.3 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Он дуустал үлдсэн нэг сар гаруй хугацаанд Хятад 6.7 сая гаруй тонн коксжих нүүрс импортлох төлөв харагдаж байна. Энэ хэмжээг дан ганц Монгол Улсаас импортлохгүйг санах нь зүй. Тиймээс манай нүүрсний нийт экспорт оны эцсээр 30 сая тонн хүрэхэд эргэлзээтэй байна. 

Хэдийгээр цар тахал дэгдсэн ч Хятадын эдийн засаг өсөлттэй байгаа нь хил залган орших Монгол Улсад давуу тал юм. Энэ том зах зээлд Монголын нүүрс чанараар өрсөлдөх боломж их, гарц ч бий. Өнөөгийн орон зайгаа хадгалахын тулд дэд бүтэц, нүүрсний чанар хоёрт онцгой анхаарах учиртай.    

Э.Од