Чилийн төрийн өмчит “Codelco” компани нь Эквадорын эрх баригчдаас зэсийн “Llurimagua” томоохон төсөлд тус улсын төрийн “Enami EP” компанитай хамтрахад "найрсаг" дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Эквадор дахь зэсийн ихээхэн нөөцтэй “Llurimagua” ордын хайгуулын ажилд 2012 оноос Чилийн компани оролцож ирсэн бөгөөд ойролцоогоор 60 сая ам.доллар зарцуулжээ.
2019 онд “Codelco” болон “Enami EP” компаниуд хамтарсан үйлдвэр байгуулах гэрээг үзэглэж, хамтарсан үйлдвэрийн 51%-ийг Эквадорын тал эзэмшихээр тохиролцсон байна. Гэвч гэрээний нөхцөлөө зөрчсөн гэж талууд бие биенээ буруутгаснаар энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө нурсан аж. Түүнчлэн, Эквадорын байгаль орчныг хамгаалах ТББ-ууд “Llurimagua” төслийг хэрэгжүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа юм.
Эквадорын нийслэл Кито хотоос 80 км зайд орших “Llurimagua” ордыг ашиглах төслийг 2020 онд эхлүүлж 2023 оноос үйлдвэрлэл явуулахаар өмнө нь төлөвлөсөн байна. Жилд 210 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр тооцжээ.
Э.Од