Оны эхний 11 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.7 тэрбум ам.долларт хүрсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.1%-иар буурсан дүн юм. Тэр дундаа экспорт 6.85 тэрбум ам.доллар, импорт 4.9 тэрбум ам.доллартай тэнцлээ. Тодруулбал экспорт өмнөх оны мөн үеийнхээс 2.8%-иар, импорт 12.5%-иар тус тус буурчээ.
Эрдсийн экспортыг авч үзвэл, эхний 11 сард нүүрсний гадаад худалдаа 27 орчим сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 22.4%-иар буурсан байна. Харин нүүрсний экспортын орлого 2 тэрбум ам.долларт хүрч 32%-иар доошилжээ. Сарын дүнгээр, арваннэгдүгээр сард 3.1 сая тонн нүүрс экспортолж, өмнөх аравдугаар сараас 910 мянган тонноор (22.5%-иар) буурав. Энэ нь цар тахлыг дотооддоо алдсанаар нүүрс тээврийн машинуудын хил нэвтрэлт огцом буурсантай холбоотой. Тухайлбал, арваннэгдүгээр сарын эхний 15 хоногт манай улс 2.1 сая тонн нүүрс экспортолсон бол сарын сүүлийн хагаст 1 сая тонн болж буурчээ.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Зэсийн баяжмалын тухайд мөн хугацаанд 1.26 сая тонн баяжмал бүтээгдэхүүн экспортолж 1.53 тэрбум ам.долларын орлого олсон нь жингийн хувьд 2.8%, үнийн дүнгээр 8.5%-иар тус тус буурчээ.
Алтны экспорт зэсийн баяжмалын орлогын дүнг давж, эрдсийн экспорт дундаа хоёрдугаарт бичигдэж байна. Эхний 11 сард манай улс нийт 28 орчим тонн алт экспортолж, 1.62 тэрбум ам.долларын орлого оллоо. Зөвхөн арваннэгдүгээр сард 4.9 тонн алт гадагш нь худалдаалж 302 сая ам.долларын орлого бүрдүүлжээ. Ингэснээр манай улсын алтны орлогын дүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй 1.3 тэрбум ам.доллараар буюу 372%-иар өссөн байна. Энэ нь алтны экспортын хэмжээ биет болон орлогын дүнгээр түүхэн дээд амжилт тогтоосон гэсэн үг. Өнгөрсөн 2005 онд манай улс 23.8 тонн алт экспортолсон нь дээд амжилтад тооцогдож байв.
Төмрийн хүдэр алтны дараах өсөлттэй экспортын бүтээгдэхүүнээр нэрлэгдэж байгаа билээ. Оны эхний 11 сард төмрийн хүдрийн экспорт биетээр 7.6 сая тонн, орлогын дүнгээр 586 сая ам.доллараар илэрхийлэгдлээ.
Харин бусад эрдсийн тухайд бүгд орлогын бууралттай гарсан байна.
Б.Төгс