Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн хатуу хөл хориог сулруулах, Улсын онцгой комиссоос (УОК) авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар нээлттэй хэлэлцэж, бэлэн байдлын зэрэгm шилжүүлэх хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл 3 хоногоор сунгах шийдвэр гаргаад байна. Хуралдааны үеэр УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар дараах мэдээллийг хийлээ.
Нүүрсний тээвэрлэлтэд ажиллаж байгаа жолооч нараас хүсэлт гаргасны дагуу Ханбогд сумын нутаг дахь “Түгээмэл түмэн хишиг” компанийн зогсоолд байгаа 2260 ачаагүй автомашиныг зогсоолоос гаргаж кэмпүүдэд байршууллаа. Энэ хугацаанд нийтдээ жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа хэвийн болж, өдөрт 350 орчим автомашины тээврийн хөдөлгөөнийг нээлээ. Замын-Үүд боомт дээр Эрээн талдаа 50 жолоочийг 30 хоногийн хугацаатай байршуулж, гаалийн хяналтын талбайгаас хилийн боомтын дундын бүсэд машин солилцох байдлаар тээвэр зохицуулалт хийх шаардлагыг хөрш орны зүгээс тавьсан. Одоогоор Монголын талаас 18 жолооч тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулж байна.
Уул уурхайн чиглэлээр эрсдэлгүй бүс болгох, онцгой дэглэм тогтоох шийдвэрүүд гаргасан. Энэ хүрээнд Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой зэрэгт, тодруулбал нүүрсний экспортын 95%, зэсийн экспортын 100%, газрын тосны экспортын 100%, төмрийн экспортын 90%, жоншны экспортын 70%-ийг хамгаалалтад аваад байна. Экспортын бүс нутаг болох Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудыг “Ногоон бүс” болгож зарлах, Цагаан хадны гаалийн бүсэд хэв журам сахиулах зорилгоор дотоодын цэргийн албан хаагчдыг гэрээт байдлаар ажиллуулж байна. Гашуунсухайтын боомтын богинын тээврийн 6570 жолоочийг PCR-ийн шинжилгээнд хамруулж, бүгд сөрөг хариутай гарлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 6700 гаруй ажилтныг мөн шинжилгээнд хамруулж сөрөг гарсан гэдгийг онцолъё.
Г. Идэр