Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэт үйлдвэр”-ийн анхны баяжмалаа гаргасан өдөр

1972 онд “Эрдэнэтийн-Овоо”-ны зэс, молибдены ордыг эзэмших Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ батлагдсан ба 1973 оны 2 дугаар сарын 20-нд уг ордыг ашиглах талаар /хуучин нэрээр/ БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд түүхэн хэлэлцээр байгуулагдсан. Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр /хуучин нэрээр/ нь БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрийн дагуу анх 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдаж, 1978 оны 12 дугаар сарын 14-нд анхны баяжмалаа гаргаснаар үйл ажиллагаагаа эхэлсэн тэр үеэс XX зууны Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт болох Эрдэнэт үйлдвэрийн түүх эхэлсэн төдийгүй уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь бүтээн босгосон нь уул уурхайн томоохон төслийн сонгодог загвар болсон юм.

Эрдэнэт” үйлдвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн дагуу 51:49 хувийн эзэмшилтэй хамтарсан үйлдвэр, 2003 оны хэлэлцээрийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийн хэлбэрээр ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сард ОХУ-ын “Ростех” корпораци өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдсанаар Монгол Улсын Засгийн газар 51 хувийг, “Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг эзэмшиж байв. Монгол Улсын Засгийн газар 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тогтоол гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг баталлаа. Эрдэнэт үйлдвэр нь Улсын үйлдвэрийн газрын статустай болсонтой уялдуулж, Ерөнхий захирлын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/552 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн удирдлага, менежментийн тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, хөгжлийн төлөвлөлтийг хамарсан урт хугацааны “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг баталсан. Энэ хүрээнд Технологийн бодлого, Техникийн бодлого, Эдийн засаг, санхүү бүртгэлийн бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчны бодлого гэсэн тэргүүлэх 5 чиглэлийн хүрээнд 25 зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Г.Идэр