Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Монголын уул уурхайн салбарын технологийн чиг хандлагын судалгааг хэлэлцэнэ 

“Монгол Улсын уул уурхайн салбар дахь шинэ технологи, түүний хандлага, үр нөлөөлөл” судалгааны үр дүнг өнөөдөр (2020.12.17) цахимаар хэлэлцэнэ. Энэхүү судалгааны ажлыг “New Tech, New Deal” төслийн захиалгаар Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) гүйцэтгэсэн байна. Улс орнуудын уул уурхайн салбар дахь технологийн хандлага, нөлөөлөлд дүн шинжилгээ хийх “New Tech, New Deal” төсөл нь Монгол Улс багтсан  нийт 5 оронд хэрэгжжээ. Төслийг Олон улсын тогтвортой хөгжлийн хүрээлэн (IISD) Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал, металл ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Колумбын тогтвортой хөрөнгө оруулалтын Төв (CCSI), Уул уурхайн хамтын үнэ цэн, Канадын хил хязгааргүй инженерүүдийн байгууллагын түншлэлээс хэрэгжүүлж буй бөгөөд Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам санхүүжүүлсэн байна.

Монгол Улс дахь судалгааг уул уурхайн салбарын олон талт оролцогчдоос бүрдсэн 50 орчим мэргэжилтэнтэй ярилцлага хийж, мэдээлэл цуглуулах аргаар гүйцэтгэжээ. Монголын уул уурхайн салбарын түвшинд хийсэн энэхүү судалгаа нь улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг салбарт нэвтэрч буй технологийн өнөөгийн түвшинг үнэлэн, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хэрхэн сайжруулах талаарх дүгнэлт, зөвлөмжийг багтаасан аж. Уг судалгаагаар, Монгол Улсын уул уурхайн салбарын онцлогт таарсан сүүлийн үеийн технологийг олон улсын жишиг стандартын дагуу дотоодын томоохон үйлдвэр, уурхайнууд нэвтрүүлэн ашиглаж байгаа нь улсын эдийн засаг болоод салбарын тогтвортой хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна гэж үзсэн байна.

Технологийн чиг хандлагын хувьд 2010 оноос идэвхэжсэн томоохон төслүүдтэй холбоотойгоор олон төрлийн шинэ, дэвшилтэт технологи нэвтэрсний зэрэгцээ  Оюутолгой төслөөр дамжаад далд уурхайн шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтэрч байгаа бол ашигт малтмал олборлолтын салбарт үнэ өндөр ч бүтээмж сайтай хүнд машин механизмын ашиглалт нэмэгдэх хандлагатай байна. Мөн ашигт малтмал баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд автоматжуулалтын хувьд дорвитой дэвшил гарч, говийн бүсийн уурхай болон баяжуулах үйлдвэрүүдэд усны хэмнэлттэй технологи нэвтэрч байгаа юм. Томоохон аж ахуйн нэгжүүдийн тухайд, олборлох салбарт АНУ, Япон зэрэг улсын тоног төхөөрөмжийг түлхүү ашиглаж байгаа бол эрдэс боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдэд БНХАУ-ын технологи, тоног төхөөрөмж илүү нэвтэрч байна.

Технологи нэвтрүүлэхэд нийтлэг тулгамдаж буй асуудал бэрхшээлийг хөрөнгө санхүүгийн дутагдал, ур чадвартай хүний нөөц, дэд бүтцийн сул тал гэж судалгааны ажлаар тодорхойлжээ. Түүнчлэн дотоодын уурхайнууд борлуулалтын орлогын араас хэт хөөцөлдөж, ашигт малтмалаа эрчимтэй олборлож, хөрс хуулалтаа хоцроох хандлага түгээмэл байна. Үүнээс үүдэн олон уурхайд олборлолтын технологийн горим зөрчигдөж, нөөцийн зарим хэсгийг алдах нөхцөл үүсч байгаа аж. Жижиг, дунд уурхайнуудын хувьд ордын нөөцөө бүрэн тогтоодоггүй нь техник технологи, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа доголдох нөхцөлийг бий болгож байгааг энэхүү судалгаанд дурджээ.

Судалгааны тайланд технологийн чиг хандлага дахь цаашдын сорилт бэрхшээлийг ч хөндсөн байна. Тухайлбал, сүүлийн арваад жилд ил уурхайнууд хурдтай тэлж буйгаас үүдэн томоохон хэмжээний уурхайн үйл ажиллагааг удирдах, уурхайн ханын тогтворжилтыг хангах зэрэг шинэ сорилтууд бий болж байна. Улмаар томоохон уурхайнууд гүнзгийрч, хүдрийн агуулга буурч, дотоод тээвэрлэлтийн зардал нэмэгдэж байгаа тул 5-10 жилийн дараанаас Монгол Улс ил уурхай дахь уламжлалт аргачлалаа халж, конвейерийн систем нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүсч байна гэж дүгнэжээ.

Уул уурхайн салбарын хөгжил нь нийгэм, эдийн засгийн дэвшил төдийгүй байгаль хамгааллын асуудалд ч чухал ач холбогдолтой. Аюулгүй, дэвшилтэт технологи бүхий уул уурхайн хөгжлийн суурийг бүтээхийн тулд технологийн чиг хандлага, онцлог, давуу сул тал, бэрхшээл сорилтыг үнэлэн гаргаж тавих явдал чухал юм. Тиймээс энэ чиглэлийн судалгааг цаашид илүү гүнзгийрүүлэн хийх хэрэгцээ шаардлага байгааг “Монгол Улсын уул уурхайн салбар дахь шинэ технологи, түүний хандлага, үр нөлөөлөл” судалгааны тайланд онцолжээ.

Э.Од